ЖДҮХС-г дампууруулах шахсан 15 иргэн, аж ахуйн нэгж буруугүй бол УИХ-ын гишүүд ч ялгаагүй гэнэ...

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал бараг л хоёр цаг хагас үргэлжилж, түүний дараа Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг нар хурлаараа хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийсэн билээ. Тэр мэдээллийнх нь дараа сэтгүүлчдид нэлээн хэдэн асуулт тавьсаны дотор “ЖДҮХС-г дампууруулчих шахан ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хамгийн их буюу 3 тэрбумийн зээл авсан бол УИХ дахь МАН-ын Бүлгийн 40 орчим гишүүн 350 саяас 1.8 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авсан асуудлыг Бүлгийн хурлаараа хэлэлцсэн үү. Тэдгээр зээлийн эздэд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ” хэмээн асуусан юм.

Харин тэр асуултын хариуд МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулахдаа “Ерөнхий сайдын зүгээс ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан гишүүд зээлээ төлөөгүй, үнэхээр олон компанид өөрсдийн эрх мэдлээ ашиглан зээл авч өгсөн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ тухайн асуудал нь хууль хяналтын байгууллагуудаар нарийвчлан шалгагдаж, тухайн УИХ-ын гишүүн буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад аль нэг гишүүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ч юмуу, өөр бусад хэлбэрээр дарамтлах, шахалт үзүүлэх асуудал байх ёсгүй юм” гэсэн билээ.

Гэхдээ саяхан ил тод болсон мэдээллээр бол  УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр АТГ шалгаж байгаа гэдэг. Мөн ийм шалтгаанаар шалгах шаардлагатай хэд хэдэн гишүүн бий гэх мэдээлэл ч гарсан. Харин УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдэгдэж байгаачлан ЖДҮХС-аас зээл авсан болгон “хулгайч” биш болж таарч байгаа юм.

Өнөөдөр АТГ-ын даргаар 2016 оны тавдугаар сарын эхээр хуучин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналаар томилогдож байсан Цагдаагийн хурандаа Х.Энхжаргал гэдэг нөхөр ажиллаж байгаа билээ. Уг нь өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал хүсэлт ёсоор энэ нөхрийг АТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөхөөр яригдаад удаж байгаа ч өнөөдрийг хүртэл тэсээд л байгаа. Тэгвэл Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сард Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЖДҮХС-г дампууруулчих шахсан эрх мэдэлтнүүдийн хэргийг шалгаж эхэлсэн дуулддаг. Энэхүү хамтарсан ажлын хэсэг нь олны анхаарал татсан авлига албан тушаалын хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэн үр дүнг нь тооцож ажиллах үүрэг хүлээж байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтнийг буруутгаж, хуулийн арга хэмжээ аваагүй л байгаа.

Мэдээж тэрхүү хамтарсан ажлын хэсгийн шалгаж шийдвэрлэх үүргийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал багтсаныг ард иргэд өнөөдрийг хүртэл анхааралтай ажигласаар ирсэн ч ямар нэгэн дуулиан огт гарахгүй л байна.  

Ер нь ч тэгээд ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүдээс ямар нь жинхэнэ Жидү-чин, аль нь зээлээ зориулалтын дагуу ашигласан, ямар нь албан тушаалтны нөлөө орсон, гэдгийг нарийвчлан шалгаж тодруулан шийдвэрлэх учиртай ажлын хэсэг тун ч назгай тайван, бараг л зүүрмэглэх шинжтэй оршсоор л байгаа юм.

Гэхдээ хамгийн сүүлд тодорч байгаа мэдээллээр бол дээрх эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо авирласан талаарх хийсэн зарим нэгэн ажлын тайлан гарч, жинхэнэ ЖДҮ-чин, албан тушаалтны ЖДҮ гэдэг нь ялгагдан салгагдаж, шийдвэрлэгдэж эхэлсэн сурагтай байгаа.

Жинхэнэ ЖДҮ-чин гэдэг нь батлагдаж, хууль дүрэм журмын дагуу зээл авсан, хэн нэгэн албан тушаалтны давуу байдлын нөлөөллийг ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулсан иргэн аж ахуйн нэгжүүдийг асуудалгүй болохыг нь тогтоож хэргийг хаасан талаар ч шуугиж эхэлсэн. Тодруулбал, иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, А.Төгөлдөр нар болон “Алтан нуга даваа” хоршоо, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Завхан буурал” хоршоо, “Тэнгэрийн соёмбо” ХХК, “Соёмбо капитал” ХХК, “Органик хүнс трейд” ХХК-ууд нь ямар ч буруугүй ангилалд багтсан гэж байгаа юм.

Бүр тодруулвал эдгээр иргэн болон аж ахуйн нэгжүүд нь 350 саяас 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг авсан гэсэн. Харин тэднийг ямар ч буруугүй болгосон шийдвэр нь “Тэд зээлийг зохих журмын дагуу авсан бөгөөд зориулалтын дагуу ашиглаж байгаа” гэдэгтэй л холбоотой юм гэсэн. Тэгээд ч “Хууль зөрчсөн, зөрчөөгүйг ялгаж салгасан” ийм жагсаалт цаашид ч үргэлжлэн гарна гэдгийг АТГ болон УИХ дахь МАН-ын Бүлгээс анхааруулж эхлээд байгаа юм. Учир иймд ЖДҮХС-аас зээл авсан болгоныг “хулгайч” мэтээр хардах нь учир дутагдалтайг хуулийн байгууллагынхан ер нь хатуухан сануулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийн ажлын тайлангийн зөвхөн эхлэл нь энэ юм билээ. Чухамдаа дээрх шиг асуудалгүй нь батлагдсан иргэн болон Аж ахуйн нэгжүүдийн хэрэг нь хаагдаж байгаагаас гадна хамаарал бүхий этгээдүүд, нэгдмэл сонирхолтой хүмүүсийнхээ үүсгэн байгуулсан компаниудад шууд болон шууд бусаар нөлөөлж зээл авч өгсөн албан тушаалтнуудын хэрэг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлээд явах юм гэнэ.

Тэгэхээр одоогоор ЖДҮХС-аас 350 хүртэлх сая төгрөгийн зээл авсан 15 иргэн болон Аж ахуйн нэгжүүд хуулинд харш ямар ч үйлдэл хийгээгүй, авах ёстой зээлээ л авсан болох нь батлагдаж байгааг өчигдөрхөн УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдүүлсэн. Мэдээж тэдгээрийн цаана УИХ дахь МАН-ын бүлгийн нэлээн хэдэн гишүүн ч хамгаалагдаж, хаацайлагдаж эхэлсэн нь тодорхой. Ер нь бол саяхан л “Хуулинд харш үйлдэл хийсэн нь тогтоогдсон” хэмээн дуулиан болоод байсан хэргүүд ийнхүү замхран бүдгэрч, “Тэнгэрийн ивээл”-д багтаж эхлээд байгаа нь энэ буюу.

Уг нь бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан л “Манай намын ямар ч гишүүн ЖДҮХС-аас өөрийн мэдлийн болон, хамаарал бүхий хүмүүсийнхээ төлөө их хэмжээний зээл авч, жинхэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэхээр зорьж яваа ч тэрхүү зээлээс огт авч чадахгүй байгаа иргэдийг хохироосон байвал хатуухан хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэх болно” гэж байсан нь ийнхүү Бүлгийн хурлаар нь хамгаалагдан, дархлагдаж эхэлжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.