Ш.Үнэнбат: Чингэлтэйн 10-р хороонд 72 Орон сууцтай “Шинэчлэл” хороололыг 2026 онд хүлээлгэж өгнө дөө...

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Уг нь би НИТХ-ын өөр нэгэн гишүүнтэй уулзахаар очсон боловч түүнтэй биш, урьд нь БХБЯ-ны Дэд сайд Б.Мөнхбаатарын надад танилцуулж байсан, НИТХ-ын төлөөлөгч, Барилга угсралтын “Бармон” ХХК-ны Ерөнхий захирал Ш.Үнэнбаттай тааран уулзаж Чингэлтэй дүүргийн 10-р хороонд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд  хэрэгжүүлж байгаа Орон сууцны “Шинэ шинэчлэл” төслийнх нь талаар сонирхон ярилцлаа. НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын хувьд Орон сууцны томоохон хороолол барьж байгуулахаас гадна хурдан морь ихээхэн сонирхдог, өөрөө ч Нийслэлийн “Алдарт уяач” нэгэн билээ.

Ингээд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын дэмжлэг, оролцоотойгоор “Дэнжийн мянга” буюу Чингэлтэй дүүргийн 10 хорооны нутагт “Шинэчлэл” хорооллыг амжилттай барьж байгуулж байгаа “Бармон” ХХК-ны Ерөнхий захирал, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын ярианд анхаарлаа хандуулна уу.

-Өөрийн тань зүгээс “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгчийн хувьд тойрогтоо хэрэгжүүлж буй “Шинэ шинэчлэл” төслийн талаар танилцуулахдаа “Энэ төсөл 2017 онд ажлаа эхэлсэн бөгөөд 2026 онд дуусган хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар “Шинэчлэл” хорооллын барилгын ажил ямархуу шатанд явж байгаа вэ?

-За та бидний нэрлэж заншсанаар “Дэнжийн мянга” буюу Чингэлтэй дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт манай “Бармон” ХХК нь “Шинэчлэл” Орон сууцны хорооллын барилгын ажлаа 2017 оны намар эхлүүлж байлаа. Энэ хугацаанд “Шинэ шинэчлэл” төсөл маань Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгын "А" хэсэгчилсэн талбайд хэрэгжих байгаа юм л даа. Манай “Бармон” ХХК-ны хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн хүрээнд нийт 3471 айлын 72 орон сууц, 1202 автомашины дулаан зогсоол, оффис үйлчилгээний 5 блок барилга байгууламж сүндэрлэх юм. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар 120 ортой нэгдсэн эмнэлэг, 360 хүүхдийн цэцэрлэг, 960 сурагчтай дунд сургууль, ногоон байгууламж хосолсон цогц хороолол барихаар төлөвлөгдсөн байгаа.

Манай компани энэ томоохон төслийн ажлаа “Гэр хорооллын Хөгжлийн газар”-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд 234 айлын Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгсөн байгаа.

-Танай компанийн зүгээс газраа чөлөөлж өгсөн айлуудтай гэрээ байгуулж, газрынх нь үнийн дүнтэй тэнцүү хэмжээний Орон сууцаар хангах тохиролцоо хийсэн гэдэг. Тэр ажил аль хэр амжилттай хэрэгжиж байгаа бол?    

-Тийм шүү. Өөрөө манай компанийн хэрэгжүүлж байгаа “Шинэ шинэчлэл” төслийн талаар нэлээн сайн мэдээлэлтэй бололтой. Манайх анхнаасаа төслийнхөө хүрээнд айлуудын газар чөлөөлөх ажлыг 2015 оноос эхлээд 37 айлыг нүүлгэн 1.8 га газар чөлөөлсөн байдаг. Түүний дараа нэгдүгээр ээлжийн 468 айлын орон сууцыг барьж эхэлсэн л дээ. Одоогоор хоёр блок бүхий 234 айлын орон сууцын барилгын ажил үндсэндээ дууссан. Гэхдээ анхнаасаа манай төсөл амжилттай хэрэгжихэд хоёр асуудал тулгарч байсан юм. Тэр нь юу вэ гэвэл нэгдүгээрт 39 дүгээр сургуулиас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 800 метр замын ажил байсан юм. Энэ замыг хийх хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай байсан л даа. Хоёрдугаарт, энэ газарт байнгын урсацтай гол, булаг байдаг. Тиймээс эргийн боолт хийн, халиа үүсгэж, гол урсгавал аялал зугаалгын бүстэй  болж, байгальд ээлтэй ногоон байгууламж бий болох боломжтой гэж дүгнэж байсан юм.

Тэгээд ч өнөөдрийн Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын дарга байхаасаа л манай төслийг дэмжиж “Хувийн хэвшлүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаагийн нэг жишээ нь энэ “Шинэ шинэчлэл” төсөл мөн. Өөрсдийн хөрөнгө оруулалтаар газар чөлөөлөлтөө хийж, ямар ч урдчилгаа авалгүй эхний ээлжийн барилгаа барьж эхэлсэн байсан. Үүнд тулгараад байгаа автозам болон байгаль орчны асуудлыг холбогдох байгууллагатай хамтран, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх замаар шийднэ. Төслийг эрчимтэй үргэлжлүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ” гэж байснаа хэрэгжүүлээд явж байгаа л даа.

Харин манай компанийн зүгээс өөрсдийн эзэмшилд байгаа 0,07 га газраа чөлөөлсөн айлуудын хашааны газрын метр квадрат тус бүрийг нь 200 мянган төгрөгөөр тооцон үнэлж, тэр үнэнд нь дүйцэхүйц Орон сууцаар эхнээс нь хангаж эхлээд байгаа. Мэдээж Улаанбаатарын агаарыг туйлын ихээр бохирдуулдаг өвлийн улиралд нүүрс ихээр хэрэглэдэг айлууд тэр зовлонг сайн ойлгож хүлээн авч байгаагийн үр дүнд айлууд хашааныхаа газрыг бидэнтэй тохиролцон Орон сууц болгох ажил ихээхэн эрчимжиж байгааг ч хэлэх ёстой болов уу.

  

-Ингэхэд Чингэлтэй дүүргийн 10-р хороо буюу “Дэнжийн мянга”-ын айл өрхүүд Орон сууцтай болохын тулд Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл боломж ер нь аль хэр баталгаатай, найдвартай байгаа юм бол?

-За тэр талаар би банк санхүүгийн талын хүн биш болохоор яг нарийн сайн хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ манай “Бармон” ХХК-ны барьж байгаа “Шинэчлэл”  хорооллын бүх орон сууц ипотекийн 5 хувийн зээлд хамрагдах талаар яригдаж, асуудал нь ч бүрэн шийдэгдсэн шүү. Харин манай төслийн шугам сүлжээний ажлыг Х.Баделхан сайдтай БХБЯ-ны зүгээс маш сайн дэмжиж байгааг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгөөр цэвэр бохир ус, дулааны шугам хийгдэж эхнээсээ ашиглалтад ороод байгаа. Ер нь бол манай энэхүү төслөөс болж хохирсон нэг ч иргэн байхгүй шүү. Иргэд гурван талт гэрээ хийж газраа орон сууцаар сольж байгаа. Хамгийн эхнээсээ 80 орчим айл шинэ орон сууцанд орж байсан. Ийм ч учраас манай төслийн барилгын ажил төлөвлөсний дагуу маш  амжилттай хэрэгжиж байгаа. Дулааны шугамыг төвийн дулаантай холбох болон цэвэр усны эх үүсвэрийг холбоход жаахан гацаатай байсан хэдий ч эхнээс нь шийдэж, тэр хэрээр ч манай ажил урагшилж байна.

-Ер нь бол анхаанаасаа “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хороонд 3471 айлын орон сууцны барилгын ажил эхлэллээ. Барилгын ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2026 он гэхэд дуусч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий автобусны жишиг хороолол бий болно хэмээгдэж байсан даа?  

-За тийм ээ. Анх 2017 оны намраас л манай төслийн эхний шатны бүтээн байгуулалт эхэлсэн гэдгийг би түрүүнд дурдсан шүү дээ. Эхний шатны бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны төгсгөлөөр дуусч, 234 айл шинэ Орон сууцандаа  орцгоосон л доо. Одоо бол дараагийн 234 айлын Орон сууцны барилгын ажил 50-60 хувийн гүйцэтгэлтэй л явж байгаа. Энэ ажилд ямар нэгэн гацаа саатал гарсан зүйлгүй, манай барилгачид ч цаг нартай уралдан хөдөлмөрийн бүтээл өндөртэй ажиллаж байгаад Ерөнхий захирлын хувьд урамтай л явдаг. Тэгээд ч 2026 онд буюу өнөөдрөөс долоон жилийн дараа бүрэн хүлээлгэж өгсөн байх ёстой 72 Орон сууцны барилга бүхий 5 блоктой оффисын барилга байгууламж, 1200 гаруй авто машины дулаан зогсоол бүхий томоохон хороололд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд ард иргэдэд хэрэгтэй бүх л төрлийн барилгууд баригдах болно.  

-Ингэхэд “Дэнжийн мянга” буюу Чингэлтэй дүүргийн 10-р хороонд баригдаж байгаа “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажилд ханцуй шамласан “Бармон” ХХК нь анх хэдэн онд байгуулагдаж байсан компани вэ. Өнөөдөр бол Улаанбаатарын нэгээхэн хэсэгт томхон Орон сууцны хороолол сүндэрлүүлж байгаа Барилгын том компани болсон байна л даа?

-За баярлалаа. Манай "Бармон" Барилга угсралт, үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтын компани нь 1994 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн 260 гаруй барилгын барилга угсралт, шинэчлэл засварын ажлыг гүйцэтгэж, 500 гаруй ажлын байрыг бий болгон нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж эхэлсэн байгууллага билээ. Тэгвэл өнөөдөр манайх хүн хүчээ ч тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, Монголын Барилгын салбарт өөрийн хүч чадлаа харуулж яваа компани болсон шүү. Тэгээд ч Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрийн 40 га газарт “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажил зарлагдаж, гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулалт зарлагдахад тэр хорооны нийт иргэд, айл өрхүүдийн 87 хувь нь дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтаа манай “Бармон” ХХК-аар хийлгэнэ гэсэн санал өгсний дагуу бид тэрхүү тендерт ялалт байгуулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байсан даа. Одоо хамгийн гол нь бид Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нийт иргэд, айл өрхүүдийн тэр их итгэл найдварыг чанартай сайн Орон сууцны хороолол барьж байгуулах замаар л хариулах цаг болж, ажилдаа ч эзний ёсоор хандаж байгаа билээ.

-Та түрүүнд 10-р хорооны айл өрхүүдийн хашааны газрын метр квадратыг нь 200 мянган төгрөгөөр үнэлж, тэр үнэнд нь тохирсон Орон сууцаар солилцох ажил эхлээд явж байгаа гэсэн билээ. Үүнийгээ арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Тэр бол ойлгож цөхөх юмгүй, амархан асуудал л даа. Юу гэвэл Чингэлтэйн 10-р хорооны айл өрхүүд одоо амьдарч байгаа хашааныхаа 0.07 га газрыг метр квадратыг нь 200 мянган төгрөгөөр үнэлж байгаа тул манай компанитай тохиролцож чадвал 140 сая төгрөгийн үнэтэй хэдэн ч байртай болж болох юм л даа.Ер нь бол манай “Бармон” ХХК-ны зүгээс 2020 он гэхэд энэ 10-р хорооны 820 айлыг тохилог Орон сууцааар хангах 9 блокыг ашиглалтанд оруулах зорилт тавиад ажиллаж байгаа юм.

-Мэдээж энэ томоохон төслийн хөрөнгө санхүүгийн асуудал ч багагүй л байгаа болов уу. Ер нь нийтдээ хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг яг хаанаас хангасан юм бол?  

-Тэр мэдээж тэгэлгүй яах вэ. Энэхүү “Шинэ шинэчлэл” төсөл буюу “Шинэчлэл” хороололд баригдах 72 Орон сууцны хотхон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, 1200 гаруй авто машины дулаан зогсоол, 5 блоктой оффисын барилгууд зэрэгт улсын төсөв, Улаанбаатар хотын зүгээс болон за тэгээд хамгийн гол нь Азийн Хөгжлийн банк зэргээс нийтдээ 203 сая долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бол шинэ хорооллын нийт ашиг нь 132 сая доллар байхаар тооцоолсон байдаг. Тэгэхээр аргагүй л томоохон хороолол, том төсөл гэдэг нь мэдрэгдэж байгаа биз.

-Тийм юмаа. Аргагүй л том хөрөнгө оруулалтаар босч байгаа том ч төсөл, олон ч Орон сууцтай, хүүхдүүдийн хувьд ч тав тухтай орчинд шинэ цэцэрлэг, сургуульдаа явцгаах бол ард иргэдийн хувьд ч эрүүл мэндээ сахин хамгаалах шинэ эмнэлгээр хангагдах нь хүний амьдралын бүх л хэрэгцээг бүрдүүлэх юм байна. Харин танай компанийн барьсан эдгээр Орон сууцнуудаас ард иргэдэд Түрээсээр олгох ажил аль хэр явагдах бол?  

-За харин наад асуудлыг чинь миний хувьд яг сайн мэдэхгүй л явж байна. Мэдээж баригдаж дууссан Орон сууцнуудаас аль хэсгээс нь яг хэдийг нь Түрээсээр олгох асуудлыг Улаанбаатар хотын удирдлагууд, БХБЯ-тай харилцан зөвлөлдөж байгаад л шийдэх болов уу. Мэдээж орлого багатай иргэдийг Түрээсийн Орон сууцаар хангах журамыг саяханы Засгийн газрын хуралдаанаар шийдэж, тогтоол нь гарчихсан учраас Нийслэлийн зүгээс буюу Гэр хорооллын Дахин төлөвлөлтийн Хөгжлийн газраас энэ асуудлыг харилцан уялдаатай шийдээд явах нь тодорхой.

-Ингэхэд та чинь хэзээ НИТХ-ын төлөөлөгч болсон хүн бэ?

-Энэ тийм чухал асуулт хэрэг үү. За тэгвэл өнгөрсөн 2016 оны НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулиар өнөөдрийн эрх баригч МАН-аас нэр дэвшин сонгогдсон л төлөөлөгч дөө би. Ер нь бол тухайн сонгуулиар НИТХ-д МАН-аас 34, Ардчилсан намаас 11 төлөөлөгч сонгогдсон байдаг л даа.

-Та чинь НИТХ-ын төлөөлөгч, Барилгын томоохон “Бармон” ХХК-ны Ерөнхий захирлаас гадна Нийслэлийн “Алдарт уяач” буюу хурдан моринд тун сонирхолтой уяач хүн байх аа?

-За энэ чинь харин сонин сайхан асуулт байна. Манай аав Завхан аймгийн Идэр сумын “Халуун усны ам”-нд эхээс мэндэлсэн гэдэг. Тэгээд ч аавынхаа төрсөн нутаг усыг дээдэлж манайхан ургийн овгоо “Халуун ус” хэмээн нэрийдсэн юм. Ер нь  бид бол Ялгуусан хутагтын үр сад л даа. Харин хурдан морины тухайд бол 1921 оноос хойш тасраад байсан “Хүрээ цам 2015” Даншиг наадамд азаргаа мордуулаад айраг амсаж байсан даа тун их баяртай явдаг шүү. 

-За таны хойшдын ажилд их амжилт хүсч ярилцлагаа өндөрлөж байна?  

-За өөрт чинь ч баярлалаа. Танай “Mongolcom.mn” сайтын хамт олонд ч ажлын амжилт хүсч байна даа... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.