Сүхбаатарын талбайн урд хэсэгт олгосон газрын эрхийг цуцалж, усан оргилуур барина

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбай болон талбайн урд хэсгийн 2.5 га газарт олгосон захирамжийг цуцална гэж мэдэгдлээ.

Уг газрыг 2006 онд захирамж гарган 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар доорх байгууламжтай, усан оргилуур барихаар авсан байна. Гэвч газрын зөвшөөрлийг авснаас хойш хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь хууль зөрчиж байгаа аж. Улмаар уг газрыг 2017 онд 9.5 сая америк долларын банкны барьцаанд тавьжээ.

2016 онд автомашины зогсоол хийсэн бөгөөд 30 хувийн ашгийг Улаанбаатар хотын захиргаанд олгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй гэв. 

Хотын дарга С.Амарсайхан "2006 онд газар олгосон ч төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны гэхэд ч хэцүү, хууль бус ч гэхэд хэцүү байдалд байна. Аж ахуйн нэгж ч хохирч, зөвшөөрөл олгосон албан тушаалтан нь алга болдог асуудал их байна. Сүхбаатарын талбайд багахан талбай гаргаж төвийн дулаантай олон нийтийн ариун цэврийн байгууламж барих гэтэл газар олдохгүй байна. Одоо байгаа ариун цэврийн байгууламжийн бохирыг соруулж зөөдөг. Аж ахуйн нэгжтэй хамтраад асуудлыг шийдвэрлэе гэсэн ч өнөөдрийн хүртэл хайхрамжгүй хандаж байгаа учраас өнөөдөр эрхийг нь цуцалж, нийслэлийн хөрөнгөөр ногоон байгууламжтай усан оргилуур барих ажлыг хийнэ" гэлээ.

Related image

Газар эзэмших эрхийг цуцлах захирамжийг өнөөдөр гаргах бөгөөд газраа чөлөөлж авна гэдгээ ч тэрбээр онцоллоо. Харин банкны барьцаанд байгаа асуудлыг компани өөрөө шийдэх байх гэв. 

Жич: Сүхбаатарын талбайн урд хэсгийг нийтийн эзэмшлээс гаргаж, аль 2006 оны хоёрдугаар сард нийслэлийн тухайн үеийн Засаг дарга байсан Ц.Батбаяр “Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын хөшөөний урд талын цэцэрлэг бүхий 2,5 га газрыг олгожээ. Ч.Орхон захиралтай “Ю Би Констракшн” ХХК-д олгох шийдвэрийг тухайн үеийн НИТХ-ын гишүүд хуралдаж, тогтоол гаргаж байжээ. “Ю Би Констракшн” ХХК нь “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан усан оргилуур бүхий үйлчилгээний төв байгуулна” гээд уг газрыг эзэмших эрхтэй болсон аж.

Тус газрыг бусдын эзэмшилд шилжүүлж байх үед Г.Мөнхбаяр хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан.

Э.Бат-Үүлийг нийслэлийн засаг дарга байх үед тус компанитай шүүхдэлцэж төв талбайгаа авах гээд чадаагүй, ялагдсан асуудал бий. Хотын дарга нь захирамж гаргадаг ч шүүх хуулийн байгууллагад очоод хүчгүйддэг. Энэ түүх давтагдах уу гэдэг асуултын өмнө ирлээ.

Төв талбай битгий хэл МАН-ынхныг засаг барьж байх үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг бусдад эзэмшүүлчихсэн тул жил бүр улсын наадмаа хувийн өмчийн цэнгэлдэх хүрээлэнд хийдэг болсон. Түүнчлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Зайсангийн Соёмботой уулын оройг хүртэл бусдад эзэмшүүлчихсэн гэх мэдээлэл бий.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-23 13:53
      • 0
      • 0

      Зөв шийдвэр байна. Нийслэл хотын маань зүрх нь болсон энэ талбайг улам сайхан тохижуулбал иргэд бид улам хайрлан хамгаалах болно. Луйварчдад алдаж болохгүй.

      Хариулах