Л.Эрдэнэбилэг даамын гран при тэмцээний ялагч боллоо

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Монголын даамын холбооны Дээд лигийн энэ оны 3 дахь цуврал тэмцээн болох “Хаврын гран-при 2019” нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 19-21-нд “Шавь” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө.

“Шашки” сэтгүүлийн нэрэмжит бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны гэр бүл, үр хүүхдүүд, “Алтан хүү”, “Хийморь хөлөг” клубүүд хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 87 тамирчин өрсөлдлөө. Оролцогчдыг зэрэг цолоор нь ангилбал ОУИМ цолтон 3, ДДХМ 7, ДДХДМ 5, спортын мастер 16, дэд мастер 25, зэрэгтэй тамирчин 24, зэрэггүй тамирчин 7 байсан юм.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль) боломжит 18 онооноос 16-г авсан амжилтаар гран-при тэмцээний аваргаар тодорч, шилжин явах цомын эзэн боллоо. Удаах байрыг ДДХМ Ц.Сүхбат (“Хасу-Мегастарс” клуб) 15, ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 14 оноогоор тус тус эзэлсэн юм.

Ганжаргалын хувьд тус тэмцээний анхны аварга болж байсан бол Сүхбат гурван жил дараалан эхний гуравт орж байгаа аж.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль), ОУИМ М.Нямжаргал (Говь Хангай мебель), ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), ахмадын ангилалд СМ Л.Гансүх (BBG master), ДМ Н.Ядамдорж (Архангай), СМ П.Бат-Очир (“Буурал Сутай” компани), өсвөрийн U-11 ангилалд ДМ Х.Өнөмөнх, ДМ Ц.Цацрал (хоёул “Ирээдүй” клуб), U-14 ангилалд СМ П.Эрхэмбилэг (“Дебют” клуб), СМ Н.Лхагвадолгор (“Ирээдүй” клуб), залуучуудын U-20 ангилалд СМ Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб), I зэргийн тамирчин Г.Төргэрэлт (“Ирээдүй” клуб) нар шагналт байранд шалгарсан.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.