Өвөрмонголчууд ба бид

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Өвөрмонголчуудтайгаа ажиллаад нэг жил орчмын хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд ахуй амьдрал, ажил төрөлтэй холбоотой юу эсийг хөөрөлдөхийг тэр гэхэв. Бидний яриа хөгжил хөөртэй байх ч заримдаа нэгийг бодогдуулж, нөгөөг эргэцүүлэхэд хүргэж байсан юм. Ингээд бидний хооронд ямар яриа өрнөж байснаа хуваалцая.

Хөх хотод анх ирсний дараа нэлээдгүй хүмүүсээс “Монголд очиж байсан уу, Монголоос юу нь чамд хамгийн их таалагддаг вэ” хэмээн асуухад ихэнх нь “Мах” хэмээн хариулсан юм даг. Арай настайвтар хүмүүс бол “Байгаль нь” гэх юм уу эсвэл “Монголд очихоор жинхэнэ монгол ахуйг мэдэрдэг. Айраг цагаан идээ боловсруулж байгаа нь яг л бидний хүүхэд үеийнх шиг. Жинхэнэ нүүдлийн ахуй хаа байна, танайд л байна. Тиймээс нүүдлийн соёл иргэншлээ энэ хэвээр нь хадгалж авч үлдээсэй” хэмээн ярих захихын дундуур хэлж байсан юм.

Хэдэн жилийн өмнө нэг өвөрмонгол эмэгтэй хятад хүүхэн хоёул Улаанбаатар руу ажлаар хамт явж л дээ. Тэр хоёр хаагуур ч явсан юм, ямар ч байсан нэлээн л гадуур дарсан улс шиг байгаа юм. Гэсэн нэг өдөр өнөө хятад хүүхэн, “Монголчуудын амьдрал сайнгүй шиг харагдаж байна. Гэсэн атлаа яасан соёлтой хүмүүс вэ. Зам гарах гэхээр л жолооч нар нь зам тавьж өгөөд байх юм” гэсэн гэнэ. Дараа нь өнөөх эмэгтэй буцаж ирсэн хойноо ч энэ тухай байн байн ярьсаар байсан гэж хамт явсан өвөрмонгол бүсгүй сонин болгож өгүүлсэн билээ. Улаанбаатарын зам дээр өрнөдөг амьдралтай холбоотой өөр нэг яриа болсон удаатай. Нэг өвөрмонгол охин ганц хоёр жилийн өмнө Улаанбаатарт очжээ. Тэгсэн тэр ярьж байна. Танай Улаанбаатарын гэрлэн дохио их хурдан солигддог. Тиймээс гарцан дээр зогсоо хүмүүс ногоон гэрэл асахаар яг гараанаас гарч байгаа наадмын морьд шигээ ухасхийн хурдтай гарахгүй бол цаана нь амжиж гардаггүй гэсэн юм даа. 

Нэг танил маань утсаар холбогдож байна. “Ирэх амралтын өдөр дүү нь гэр бүлээрээ салхинд гарч хорхог хийж идэх гэсэн юм. Гэтэл хорхог яаж хийхээ сайн мэддэггүй. Яаж хийдэг вэ” л гэнэ. За тэгээд хорхог гээчийг хийж яваагүй ч хошуу нэмэрлэж явсан юм болохоор ингэж тэгж хийнэ гээд хэллээ дээ. Тэгсэн өөдөөс “Тэгээд тэр чулууг нь хаанаас олно оо” гэж байна. “Голын чулуу л хэрэг болно доо” гэтэл “Манай эндхийн чулуугаар хорхог хийж болдоггүй гэж хүмүүс ярьж байна. Бутраад байдаг гэнэ” гэсэн тайлбар хэлдэг юм. Тэгэх зуураа, “Тэгээд тэр чулуу чинь заавал хар байх ёстой юу” гэж билээ.

Нэлээн тулхтай, ахимаг насны хүн ингэж ярив. Түүний анзаарснаар бол, Монголчууд аялалд их гоё явдаг гэнэ. Огт танихгүй гурван нөхөр таарлаа гэхэд тэр дороо дотносчихдог. Бас “чемадоны юм”-тай гэж байгаа. Буудалдаа ирээд гурван биенийхийгээ задлаад уучихна. Жаргал зовлонгоо ярьчихна. Авч гарсан нутгийн “юм” нь дуусахаар дэлгүүр ороод нэмээд авчихна. Аялал дуусахын хэрд хэн нэг нь мөнгөгүй болчихдог шиг байгаа юм. Мөнгөтэй нэг нь “За би гараад ганц хатуу юм аваад ирье” гээд гарч харагддаг гэнэ. Олуул явахаар бүр гоё явдаг гэнэ. Автобусаар нэг дуулаад л, дууны үг мэдэхгүй нэг нь дахилт дээр түрээд л. Тэр нь надад их таалагддаг” гэж ярив.

Image result for Өвөрмонголчууд

Бид нэг зүйлийг хоёр өөрөөр нэрлэдгээс ийм нэг хөгжилтэй явдал тохиолдов. Нэг өдөр ажил тарах гэж байтал манай нэг сэтгүүлч охин, “Багшаа, миний тэрэг ирлээ. Би түрүүлээд явлаа шүү” гээд л цүнх саваа шүүрч аваад бушуу түргэн алга болов. Би ч яахав аажуу явсаар автобусны буудал дээр иртэл нөгөө охин зогсож байна. Яав, юу болов гэтэл “Тэрэгнээсээ хоцорчихлоо” л гэнэ. Тухайн үед би аав ээж нь машинтай тосч  байгаа юм байна даа гэсэн шүү бодсон хэрэг. Маргааш нь ажилдаа ирээд энэ тухайгаа ярьтал өрөөний маань хэд инээгээд зогсохоо байчихсан. Уг нь ажлын маань охин гар утсан дээрх апплейкшнээс өөрийн суух автобус дөхөж байгааг урьдаар харчихаад тэгж яарсан ч амжиж суугаагүйгээс тийм нэг хөгжөөнтэй явдал болсон хэрэг. Автобусыг тэд тэрэг гэдгийг ингэж олж “нээсэн” юм.

Нэг оюутан охины яриа намайг ихэд гуниглуулж билээ. Тэр охин нэг удаа Хөвсгөл нуурыг очиж үзсэн гэнэ. Нуурын хөвөөнд үдэлж мах шарж идэцгээсэн юм биз дээ. Тэгээд, “Би ажил төрөлтэй болоод аав ижийгээ Монгол үзүүлж, Хөвсгөл нуурын эрэгт шарсан мах идүүлнэ гэж мөрөөддөг. Тэр мах ямар амттай байсан гээч” хэмээж билээ. Өөр нэг охин оюутан солилцоогоор Монголд очсон тухайгаа ярив. Түүнд олон юм сонин санагдсан гэнэ. Том жижиг гэлтгүй бүх хоолны газрын хоол амттай байсан. Тэр дундаа монгол төмс их таалагдсан гэнэ. Түүнийг эргэж ирсний дараа найз нь Улаанбаатар явж л дээ. Буцах үедээ юу захих вэ гэж асууж. Тэгсэн өнөө охин найзыгаа цаашлуулж “Хагас кг төмс” гэж хэлсэн хэмээн өөрийгөө шоолонгуй ярьж байсан нь сэтгэлд тод үлджээ.

Улаанбаатарын нар Хөх хотынхоос өөр гэж ярьдаг ганц нэг хүнтэй таарав. Хөх хот зундаа их нарлаг, дулаан хэдий ч Улаанбаатарын нар илүү хурц гэнэ. Тэдний ярихаар бол, Улаанбаатарт нарны шил зүүхгүй л бол гадагш гаралтгүй. Улаанбаатарын нар шууд нүд рүү ордог. Ялангуяа цас орсон үед гялбаад тун хэцүү хэмээн ярив. Тэд Улаанбаатарын усыг их тооно оо. Ус сайтай, тийм болохоор Монголд батгатай нүүртэй хүн ховор байдаг байх гэсэн таавар дэвшүүлчихсэн ярьж явах нь бий.

Бид яриандаа орос, англи үг их оруулж ярьдаг. Дээр нь хурдан ярьвал Өвөрмонголчууд юу ч ойлгодоггүй гэнэ. Анх зах зээл нээгдэж байх үед нэг эмэгтэй Монгол руу наймаа хийхээр явж л дээ. Улаанбаатарт очоод найз бүсгүйтэйгээ уулзаад сууж байсан чинь, “Автобусанд суугаад вагоны вокзал ороод купейны билет авчихдаг” гэж ярихад нь юу ойлгоогүй хэмээж билээ. 

Өвөрмонголчууд цагаан сараар нүсэр тоглолт тавьж, зурагтаар цацдаг даа. Нэг жил Д.Сосорбарам гуай ирж оролцжээ. Бараг анх удаа ирснийг нь ярьж байх шиг байгаа юм. Ямар ч шүлэг уншсан юм, ямар ч байсан Д.Сосорбарам гуайн хэв намба тэднийг ихэд гайхшруулсан, гайхшруулсан гэхэд бүр багадна. Шоконд оруулж бүр тэсрэлт шахуу юм болж, яруу найргийг ингэж уншиж болдог юм байж ээ гэж олон хүн харсан гэдэг. Тэрхүү хэв намбыг дуурайж олон хүн шүлэг, найраг уншиж, нэг залуу бүр “Ази” гэдэг хочтой болж үлдсэн түүх байдаг гэнэ шүү.

Image result for д.сосорбарам шүлэг уншив

Бээжинд доктор хийхээр нэг өвөрмонгол залуу хэдэн жилийн өмнө очсон юм биз дээ. Хавь ойрд нь монголоор хэл нэвтрэлцэх хүн нэг үгүй, тэгээд ч шал хөдөөгийн амьтан харагдсан юм байгаа биз тоож ярих хүнгүй хэдэн сар өнгөрч гэнэ. Нэг өдөр өрөөндөө хэвтэж байтал хажуугийнх залуу дэлхийн сонгодогуудыг ээлжилж сонсоод сүйд гэнэ. Гэтэл Н.Жанцанноров гуайн “Цагаан суварга” эгшиглэж. Өнөө өвөрмонгол залуу үсэрч босч ирээд, “Энэ аялгууг манай монгол хүн зохиосон юм” гэтэл өрөөнийх нь залуу гэнэт түүнийг сая олж харсан юм шиг чи чинь тэгээд аль нутгийн хүн бэ, энэ аялгууны хөгжмийн зохиолч нь ямар хүн байдаг юм гэхчлэн анх дуугарч, тэр оройгоо хоёул шоудож уур амьсгал эрс наашилж нөгөөдүүлдээ тоогдсон гэнэ лээ. Өвөрмонголчууд энэхүү аялгууг ихэд таашаахын зэрэгцээ “Манай өвөрмонголчуудыг шүлэг найраг бичиг гэж Н.Жанцанноров гуай зохиосон гэнэ лээ” хэмээн цагаахнаар инээж суусансан.

Б.Туул

Хөх хот, Өвөр Монгол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.