Уламжлалт жороор бантанг хэрхэн амттай хийх вэ?

Twitter Print
2019 оны 04-р сар 23-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Бид бүхний хамгийн сайн мэддэг, уламжлалт хоол бол бантан. Бантан нь  элдэв хордлого, шарталтыг тайлах шидтэй төдийгүй нялхас, хөгшчүүлд хийж өгөхөд тохиромжтой хамгийн энгийн материалаар хийгддэг хэрнээ хамгийн их увдистай хоол юм. Бантанг хүн бүр өөр өөрийнхөөрөө хийдэг. Угаас арга нь маш энгийн учир нэг их төвөггүй хийчихэж болно.

Харин энэ удаад хамгийн шилдэг шалгарсан  аргаар  хэрхэн амттай, сайхан хийх жорыг танилцуулж байна.

Бантангийн уламжлалт жор нь бантагнасан гурил, хонины хэрчсэн мах, зэрлэг ногоон сонгино, давс гэсэн үндсэн цөөхөн орцноос бүрдэх бөгөөд хийхэд ч амархан байдаг. Харин орчин үед бантанг олон төрлийн ногоогоор арвижуулан өөр өөр жороор хийдэг болжээ. Тиймээс  эхлээд уламжлалт жороор бантанг хэрхэн хийх жорыг танилцуулья.

Эхлээд хонины махыг жижиглэн хэрчинэ. /Үхрийн мах байж болно./ Хэрвээ бага насны хүүхэд, хөгшин хүн, өвдсөн хүнд бантан хийж өгөх гэж байгаа бол махыг махны машинаар машиндаж ч болно. Том хүнд хийж өгөх гэж байгаа бол махыг заавал жижиг бус нимгэн хавтгай хэрчиж болно. Энэ бол таны сонголт.

1. Ингээд хэрчсэн махыг саванд хийж дээрээс нь хүйтэн усыг тааруулан хийгээд гал дээр буцалгаж эхэлнэ. Эсвэл хий ядаргаа тайлах зорилгоор удаан чанасан ясны шөлийг хийж болно.

2. Буцлах явцад махны  нөж шөлөн дээр тунах ба үүнийг ялгаж аваарай.

3. Шөл буцлаж байх хооронд бантангийн гурилыг бэлтгэе.

Хуурай гуриланд бага зэрэг хүйтэн усыг цацаж хийгээд хоёр гарын алгаараа хавсран үрж гурилыг бантагнах болно. Монголчууд "Хурган бантан" гэж ярьдаг.   Энэ нь бантангийн гурилыг сайтар бантагнаж алгадаж хийсэн нарийн ширхэгтэй гурилтай бантанг хэлдэг бөгөөд гурилны ширхэг бүр нь өөр хоорондоо нягтаршин наалдаж элсний ширхэг шиг жигд болтол нь бантагнахыг хэлнэ. Ийм гурилаар хийсэн бантангийн шөл сайхан гардаг бөгөөд ядаргаа тайлах, сайхан амттай болдог байна. Хэрвээ дутуу бантагнавал бантан маань өтгөн лаглайсан эсвэл гурил нь өөр хоорондоо наалдаж түүхийрдэгийг анхаараарай.

5. Ингээд буцлаж буй шөлөндөө бантагнасан гурилаа бага багаар тарааж цацаж хийх ба энэ үед шөлийг тасралтгүй хутгаж холино. Галын хэм дунд зэрэг байх ба   үе үе хутгаж гурил болтол зөөлөн буцалгана. Ингээд давс, хэрчсэн зэрлэг ногоон сонгино, гоньд, сармис, хар перц зэргээс амтлаарай. Ингэж хийсэн бантан нь ямар ч хор шаргүй хөнгөн хоол болох ба нялх хүүхэд, хөгшин хүнд тамир тэнхээ оруулах, ханиад томуунаас сэргийлэх аливаа хордлого тайлахад нэн тустай ажээ.

Харин орчин үед бантанг олон янзаар амтлаж хийдэг болсон ба хэрчсэн мах, үрж жижиглэн хэрчсэн сонгино, сармис, яншуй зэргийг хамтад нь хийж бага зэргийн тосонд хуурна.

Ингээд махыг бор өнгө ортол хуурах багаад жижиглэн хэрчсэн лууван, төмс, мөөг зэрэг ногоог хийж болно. Мах, ногоог хуурахад шүүс гарах бөгөөд бага зэргийн хуурай гурил цацаж шүүс, шөлийг өтгөрүүлэх ба давс, хар перц, лаврын навч зэрэг хүссэн амтлагчаараа амтлана.

Үүний дараа ясны шөлийг хийж буцалгана. Шөлөн дээр тунаж тогтсон тосыг шүүж аваарай. Амсаж үзээд шаардлагатай бол давс, хар перц зэргээр нэмж амтлана. Үүний дараа үрж алгадсан гурилаа бага багаар хийж хутгаад 3-5 минут зөөлөн гал дээр буцалгаад галаас гаргана. Хэт удаан буцалгавал гурил өсч өтгөн, түлэгдсэн хоол болох болно шүү.

Ингээд зэрлэг ногоон сонгиноор амтлаад л бантан бэлэн боллоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.