С.Амарсайхан: Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүрийн дайралт хийж байна

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргаар 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. 

Цаашид хотын захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар миний бие өөрөө болон бусад албаны хүмүүс долоо хоног бүр танилцуулж байх болсон. 

Би өмнө нь НИТХ-ын даргаар ажиллаж байсан. НИТХ бол бодлогын шийдвэр гаргаж, хяналт тавьж ажилладаг. Цаашид аль болох цаг алдалгүйгээр иргэд, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана. 

Өнөөдөр нийслэл замбараагүй, зах хязгааргүй байгаа нь үнэн. Тиймээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажиллахаар болсон. Маш олон ажил хийх шаардлага байдаг боловч зохион байгуулалт байхгүйгээс ажил эзэнгүйддэг. Хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд нь ямар ч үр дүнгүй болж байна. Дээр нь ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон. Энэ асуудлыг цэгцэнд нь оруулж эхэлсэн.

Дотоод зохион байгуулалттаар дамжуулан мэдээлэл түгээхэд буруу талаас нь харагдуулах, буруу мэдээлэл өгөх явдал их гарах боллоо. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, олны анхаарал татаж байгаа асуудал бол Хятадын компанид С.Амарсайхан 50 га газар олгосон гэсэн гүтгэлэг. Засгийн газрын тэргүүний захирамж гарч судалгаа тооцоо 2012 онд гарсан. Дараа нь Тяньжин хотын захиргаатай хүнсний ногоо тарих, хүлэмж барих ажлыг судлах шаардлагатай байна гэсэн бичиг ирүүлсэн. 

Дараа нь миний зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хамтын ажиллагааг судлах Нийслэлийн өмчит менежмент компанийн нэрийг явуулсан. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хятадуудад 50 га газар олгосон гэж гүтгэсэн. Өөрийнхөө хадам эхийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөхөөр оруулж ирсэн. Миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байх даа энэ асуудлыг 2-3 удаа буцаасан. Цаана нь өөрийнх нь ажил амьдралтай олон асуудал байгаа юм билээ. 

Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол болж дөрвөн хүний амь эрсдсэн. Цаана нь нялх биетэй, жирэмсэн, өвчтэй хүмүүс үлдэж байгаа. Яг тэр осол болсон газар өмнө нь найман тэрбум төгрөгөөр засвар хийсэн. Засвар чанаргүй хийснээ нуухын тулд дээрх гүтгэлэгийг тарааж байна. 

Шүд, эрүү нүүрний төв гэж бий. Тэр төвд 1,000 м2 байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Би энэ ажлыг өмнө нь буцааж байсан ч сая нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж худалдаж авсан юм билээ. Төлбөрийнх нь 70 хувь орсон байгаа. Үлдсэн төлбөрийг би өгөхгүй гэж байгаа. Яагаад гэвэл тэр барилга нь гаднаа зогсоолгүй, шаардлага хангахгүй байгаа. Энэ мэт ажил хийж байгаа хүмүүс үүнийгээ хамгаалж элдэв гүтгэлэг тарааж байна. 

Түүнчлэн нийтийн тээврийн шинэчлэл зогсонги байна. 270 сая ам.долларын төсөл зогссон. Ингэж явсаар 270 сая ам.доллараас 3 саяыг нь үр ашиггүй зарцуулсан байна. 45 мянган үнэтэй тэмдэгийг 170 мянган төгрөгөөр шахдах хэдэн тэрбумаар нь үрсэн компани өнөөдөр зургаан тэрбум төгрөгийг өр үүсгээд хариуцсан дарга нь ажлаа хаяж гурван сар алга болоод байна. 

Баянзүрх дүүргийн удирдага эрхээ хэрэгжүүлж чадахаа байсан. Нийтдээ 360 гаруй мянган иргэнээр сүүлийн гурван сар тоглож байна. Тэр хүмүүс өөрсдийн булхайг нуухын тулд олон хоног суулт зохион байгуулж байна. 

3.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлөх нэрээр газар худалдаж авсан. Тэр газрыг нь очоод үзэхээр үерийн далан дээр, ямар ч шаардлага хангахгүй газар байдаг. 200 сая төгрөгийн үнэтэй газрыг 500 саяар авсан байх жишээтэй. Энэ асуудлыг шалгаж байгаа. 

Энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь илрүүлж, цааш нь шалгах гэхээр асуудлыг ил гаргахгүй байхын тулд наашаа чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг авч байна. Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас янз бүрийн дайралт хийж байгаа. Тиймээс хийсэн ажлынхаа талаар долоо хоног бүр өөрийн биеэр мэдээлэл хийж байна. Хотын даргын явуулын оффис ажиллуулна. Мөн иргэдээс мэдээлэл авах утас ажиллуулах болно" гэлээ.  

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн иргэн амиа алдсан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мөн мэдээлсэн.

Тэрчлэн эдгээр хүмүүсийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангахаас гадна дээд болон мэргэжлийн сургуульд сурах насны хүүхдүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.