Улаан өндөгний баярын өдөр Шри Ланкад гарсан цуврал халдлагын улмаас 290 хүн амь үрэгдлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Шри Ланкад өнгөрсөн ням гарагт Улаан өндөгний баярын үеэр хэд хэдэн дэлбэрэлт гарсан байна. Негомбо, Баттикалоа, Кончикаде зэрэг дүүргүүдэд байрлах 3 сүмд болон дээд зэрэглэлийн Шангри Ла, Кингсбөри, Синнамон Гранд зэрэг зочид буудлууд, Дехивала дүүрэг дэх амьтны хүүрээлэнд тус тус гарсан нийт 8 дэлбэрэлтийн улмаас 290 гаруй хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.

Шри Ланкийн эрх баригчид хөл хорио тогтоосон ба нийгмийн сүлжээг тодорхой хугацаагаар хаагаад байгаа аж.

Эдгээр халдлагыг хэн зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Улаан өндөгний баяраар зохион байгуулсан энэхүү алан хядах ажиллагаа нь Христийн шашинтнуудыг онилсон нь тодорхой байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Шри Ланкийн хууль сахиулах байгууллага тус халдлагатай холбоотойгоор 13 хүнийг баривчлаад байгаа гэнэ.

Орон нутгийн цагаар ням гарагийн орой Шри Ланкийн агаарын цэргийн хүчнийхэн Коломбо хотын нисэх онгоцны буудлын ойролцоогоос гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж олсон байна.

Амь үрэгдэгсдийн дунд гадаадын 36 иргэн байгаа талаар Шри Ланкийн Эдийн засгийн шинэчлэл, Нийгмийн хуваарилалтын сайд Харша Де Сильва мэдэгджээ. Тодруулбал, Их Британи, Дани, Япон, Португал, Энэтхэг, Бангладеш, Нидерланд болон Турк улсын иргэд халдлага болсон газарт байж таарчээ.

Image result for Sri Lanka attacks: More than 200 killed as churches and hotels targeted

Шри Ланка улсын хүн амын 70.2 хувийг Буддын шашинтнууд эзэлдэг бол 12.6 хувийг Хиндү шашинтнууд, 9.7 хувийг Исламын шашинтнууд тус тус эзэлдэг аж. Харин хүн амын 7.4 хувийг Христийн шашинтнууд тэр дундаа католик шашинтнууд эзэлдэг байна. 

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.