“Бүс ба Зам” чуулга уулзалтанд 40 орчим орны төрийн тэргүүн оролцоно

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 25-27-нд Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба Зам” чуулга уулзалтанд 40 орчим орны төрийн тэргүүн оролцох талаар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “Бүс ба Зам” санаачлагын 2 дахь удаагийн чуулга уулзалт энэ жил Хятадад болох хамгийн том олон улсын үйл явдал юм.

Чуулга уулзалтанд улс орнуудын төрийн тэргүүнүүдээс гадна ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нар оролцох аж. Гадаад хэргийн сайд Ван Игийн хэлж байгаагаар чуулга уулзалтын хөтөлбөр маш шахуу байх ба 25-нд 12 төрлийн чуулга уулзалт болох бол 26-нд нээлтийн ёслол, төрийн дээд хэмжээний уулзалтууд болох гэнэ. Харин 27-нд төрийн тэргүүнүүдийн хамтарсан хурал болох аж.

Чуулга уулзалтын бүх арга хэмжээг Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин ахлах бөгөөд тэрээр чуулга уулзалтын нээлт болон хаалтын үйл ажиллагаан дээр үг хэлэх аж. Түүнээс гадна Ерөнхийлөгч Си Жиньпин гэргий Пэн Люаний хамтаар улс орнуудын төрийн дээд албан тушаалтнуудтай баярын зоог барих гэнэ.

Энэ жилийн чуулга уулзалтанд ОХУ, Пакистан, Казахстан, Австри, Азербайжан, Белорус, Чех, Египт, Грек, Унгар, Итали, Монгол, Филиппин, Серб, Сингапур, Таджикистан, Тайланд болон Арабын Нэгдсэн Эмират улсын төрийн тэргүүнүүд оролцох талаар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна.

Хятадын “Бүс ба Зам” олон улсын санаачлага нь Төв Ази, Европ болон Африкийн 60 гаруй улстай тээвэр болон худалдааны харилцаагаа сайжруулах, харилцан хөгжих зорилготой ба “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг хэрэгжүүлэх талаар анх 2013 онд Ерөнхийлөгч Си Жиньпин Казахстанд хийсэн айлчлалынхаа үеэр дурьдаж байжээ.

Эх сурвалж: https://ria.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.