Монголчууд Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөл, цалин хөлстэй ажиллана

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Япон улсад ажлын айлчлал хийж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү Хамтын ажиллагааны санамж бичгийг Япон улсын талаас Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний цагдаагийн агентлаг нь Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө сайд нар хоёр улсын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны талаар санал солилцож халуун дотно яриа өрнүүллээ

С.Чинзориг сайд Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуулиндаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэгд манай улс багтаж монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрлөж, техник технологийн дэвшлээс суралцах бас нэгэн боломж нээгдэж буйд талархал илэрхийллээ.

Хамгийн гол нь энэхүү санамж бичгийг байгуулснаар монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох сайн талтайг ч С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Монгол иргэдэд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, цалин хөлс, нийгмийн халамжид хамрагдах зэрэг хууль ёсны эрх эдлэх боломжийг Санамж бичиг бүрдүүлж байна.

Япон улсын Хууль зүйн сайд Такаши Ямашита хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж, холбогдох уулзалтууд хэд хэдэн удаа хийсний үр дүнд “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж байгаад талархаад энэ нь манай хоёр орны олон жилийн түүхтэй найрсаг хамтын ажиллагаа салбар бүрт гүнзгийрч буйн илэрхийлэл хэмээсэн. Тэрбээр мөн монгол иргэдэд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, цалин хөлс, нийгмийн халамжид хамрагдах зэрэг хууль ёсны эрх эдлэх боломжийг Санамж бичиг бүрдүүлж байгааг тэмдэглэв.

Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд ур чадвараас гадна япон хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ асуудлыг Японы тал өөрөө хариуцахаар тогтсон байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.