Элэгний вирус илрүүлэх шинжилгээнд 32.7 тэрбум төгрөг зарцуулна

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 15:11 цагт
Мэдээний зураг,

Вирусын эсрэг эмчилгээний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж, элэгний С вирусын эсрэг эмийн жагсаалтад 2 нэр төрлийн эмийг хавсарч хэрэглэхээр шинээр нэмж оруулсан. Өнгөрсөн онд элэгний вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 11.859.300.0 төгрөгийг зарцуулсан байна.

Элэгний В,С вирусын идэвхжил тоолох, шинжилгээ хийх 28 лабораторитай даатгалын гэрээ байгуулан ажиллаж өнөөдрийн байдлаар нийт 99.213 даатгуулагчийг хамруулжээ.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭМДЕГ энэ онд нийт 1.053.960 сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж Эрүүл мэндийн даатгалын сангаас 32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнд В, С вирусын халдвар илрүүлэх, баталгаажуулах, ачаалал тоолох шинжилгээний болон вирусын эсрэг эмчилгээний эмийн үнийн зардал багтах юм. Энэ хөтөлбөр нь хүн амын дундах элэгний вирусын халдварын тархалтыг хязгаарлан, хепатитын С вирусын халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой. Тус хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжилж 15-аас дээш насны бүх хүнд элэгний В,С вирусын халдварыг илрүүлэх юм.

2017 онд В,С вирусын халдвартай байх өндөр эрсдэлтэй бүлэг буюу 40-65 насны иргэдийг шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамруулахыг зорьжээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусын халдвар илрүүлэх, вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг 100 хувь, вирусын эсрэг эмчилгээний нэг хайрцаг эмэнд 210 мянган төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж нийт 353.445 хүн буюу зорилтот насны хүн амын 47.1 хувийг нь хамруулсан байна.

2018 оноос тус хөтөлбөрийн II шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирусын илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд өнгөрсөн онд В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт 695.375 хүн хамруулахаас 510.239 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 74.3 хувийг хамруулжээ.

Мөн эрүүл мэндийн цахим системд нэвтрэх эрх бүхий элэгний эмгэгээр мэргэшсэн нарийн мэргэжлийн 292 эмч С вирусын эсрэг эмийг бичиж байна. Эдгээр эмчийн олгосон цахим жороор даатгалын гэрээтэй 150 эмийн сангаар элэгний вирусын эсрэг эмийг хөнгөлөлтэй олгож өнөөдрийн байдлаар 2,064,332,154 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулаад байна.

Энэ онд эрүүл мэндийн салбарынхан элэгний Д вирусын эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн 2020 он гэхэд 2.185.264 иргэнийг хепатитын В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийх дээрх ажлууд нь элэгний В,С вирусын халдварыг хүн амын дунд эрт илрүүлж, хяналтад авч эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлэх ач тустай юм. Даатгуулагч Та бүхэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт идэвхтэй оролцоорой. Шинжилгээ хийх лабароториуд болон хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /www.emd.gov.mn/ сайтаас авах боломжтой.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.