Шинэ Монгол сургуулийн элсэлт сүрдмээр бөгөөд сонирхолтой

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд нэгдүгээр ангид орно гэдэг ямар ч ээж аавын хувьд үгээр илэрхийлэх аргагүй аз жаргал, догдлол, баяр баяслыг мэдрүүлдэг сайхан үе гэдгийг 2018 он надад мэдрүүллээ. Гэхдээ хүүхдийн сургууль сонгоно гэдэг бол бүтэн жил яригддаг маш ярвигтай асуудал болжээ. Бид сургуульд орохдоо их л ойлгомжтой байнга хажуугаар нь өнгөрдөг байсан, гэрээс хамгийн ойр сургуульдаа шууд л ордог байлаа. Гэтэл одоо маш олон шалтгаанаар хувийн сургуулиудыг давхар судалж эрэл хайгуул хийж, олон талаас нь бодож сургуулиа сонгодог болсоныг ганцхан би биш эргэн тойрны бүх л ээж нартай ярьсан ярианаасаа мэдэж болохоор.

Бүр 1000 гаруй хүүхэд шалгалт өгч, 140 гаруй нь тэнцэж ордог сургууль ч байх юм. Бүх сургуулийн элсэлтээс хамгийн эрт болдог Шинэ Монгол сургуулийн элсэлт нь сүрдмээр бөгөөд сонирхолтой. Сургуульд элсэхийг хүссэн олон хүүхэд байхаас гадна зүгээр л хүүхдээ сорих гэж шалгалтыг зорьдог олон аав, ээж байдаг юм билээ. Ингээд энэ жилийн шалгалтын үйл явц болон өөрт төрсөн сэтгэгдэл, сурч мэдсэн зүйлсээсээ хуваалцъя.

Юуны өмнө жил бүр шалгалт яг ижил биш, өөр өөр байдаг гэж сургууль байнга хэлдэг юм билээ шүү. Дараа жил хүүхдээ шалгалт өгүүлэхээр уншиж буй ээжүүд давхар бодоорой.

Энэ жилийн шалгалт 3 өдөр явагдаж, янз бүрийн аргаар хүүхдүүдийн хүмүүжил, суралцах чадвар зэргийг сорьсон бөгөөд эхлээд сонсоход үнэхээр сүртэй, би ажилд арай дэндүү амархан оржээ гэж бодогдмоор. Эхний өдөр бичгийн шалгалт, хоёр дахь өдөр багаар ажиллах чадварын шалгалт, 3 дахь өдөр ярилцлагын шат. Яг ажилд орж байгаа юм шиг байгаа биз.

Шалгалтын зохион байгуулалт үнэхээр сайн, 1200 гаруй хүүхдийг шалгаж байгаа гэхэд ямар ч эмх замбараагүй байдал үүсэхгүй, өөрсдийн нөөц бололцоонд тааруулсан гайхалтай сайн зохион байгуулалт байсныг заавал хэлмээр байна. 2 цаг 30 минутын дараа ирж хүүхдээ аваарай гэхээр нь дотроо их айж байлаа. Миний охин өмнөх өдөр нь шөнөжин халуурч хоносоныг хэлэх үү, ядраад уйлж байх болов уу гэж айж байсан. Шалгалт дуусаж хүүхдүүд тарахад тэнд ядарсан, залхсан, уурлаж, уйлсан хүүхэд нэг ч байхгүй, бүгд л "ёстой гоё байлаа", "энэ сургуульд оръё", "маргааш ахиад ирж болох уу" гээд маш баяртай гарч ирнэ. Бүгд л би бүгдийг нь зөв хийсэн, амархан байсан гэж хэлнэ. Энэ насанд үнэхээр бүх хүүхэд өөртөө итгэлтэй, чадна гэсэн зүтгэлтэй байдаг. Үүнийг энэ чигээр нь авч үлдэх үү, мохоож үгүй хийх үү гэдэг нь гэр бүлийнхэн төдийгүй багш, сургуулийн нөлөө байдаг юм байна гэж харагдсан.

Энэ шалгалт бол хүүхдийн гэхээсээ илүү аав, ээжийн өгөх шалгалт байсан. Шалгалтын бүх өдөр хоцроод хүүхдээ тэврээд гүйх ээж, аавууд багагүй харагдана. Тийм яарч сандарч ирсэн хүүхдийн анхаарал төвлөрч эхлэхэд цаг хугацаа шаардагдаж үр дүнд нөлөөлөх болно. Бас хүүхэддээ шалгалтыг зөв ойлгуулах хэрэгтэй. Тэнцэхгүй ч байж болно шүү дээ. Тэгэхээр анхнаасаа сайн байвал тэнцэнэ, үр дүн ийм тийм гэдгийг хэлэх хэрэггүй. Миний хувьд хүүхэддээ энэ сургууль 1-р ангид орох хүүхдээс шалгалт авдаг юм байна, тэмцээнтэй ижил зүйл шүү, ялах нь биш оролцох нь чухал, өөрийнхөө хамгийн сайнаар хийгээрэй гэж хэлж байсан. Муу байвал гоё сургуульд орж чадахгүй гэж хэлээгүй. Энэ сургуульд орох эсэхээ дараа нь шийдье гээд хэлсэн. Өдөр болгон энэ сургуульд ормоор байна, таалагдаж байна гэх нь жаахан хэцүү, тооцоолоогүй асуудал байсан л даа. 

Эхний өдрийн шалгалт нь бичгийн шалгалт. Хараад байхад гадуур Шинэ Монгол сургуулийн шалгалтанд бэлдэнэ гэсэн сургалтууд их, ийм тийм номноос бэлддэг гэнэ гэсэн номнууд ч байдаг юм билээ. Тэр номнууд, сургалтууд бол үндсэндээ энэ эхний өдөрт л бэлдээд байдаг санагдсан. Жил сургалтанд явуулах хэрэггүй ээ. Хүүхэддээ хааяа цаг гаргаад үлгэр уншиж өгч, үлгэрээ эргүүлж асууж, хааяа хамтдаа дасгал ажиллаж байхад л болохоор санагдсан. Тестийг багш 2 удаа л уншиж өгдөг юм байна, би анхааралтай сонсоод хийх юм байна гэдгийг л мэдүүлсэн байх хэрэгтэй. Хүүхэд өнгө ялгадаг, тоолж чаддаг, дүрс мэддэг зэрэг цэцэрлэгт олж авах ёстой байсан энгийн зүйлсийг л шалгана. Бас ээж аавууд ундаа, печень гоё гоё юм өгөөд оруулчихдаг. Тэгэхээр хүүхэд шалгалтаа хийхгүй ундаагаа гаргаж ирээд уух, шалгалтын дундуур 00 орох зэргээр цагаа алдаж, анхаарлаа алддаг юм билээ шүү. Хүүхэд хийхгүй байлаа гээд багш нь хий гэдэггүй, шалгалт юм чинь хийхгүй байж байгаад гараад ирсэн ч болно. Тэгэхээр хүүхэд биеэ даасан байх хэрэгтэй болно. Бүр эртнээс суулгах чадвар байгаа биз. Манайх байнга хэргэлдэг усны савандаа ус хийж орсон. Ам цангаагүй учир уугаагүй гэж гарч ирсэн. Орохоос нь өмнө хувийн бэлтгэлийг сайн хангаад 00 оруулаад, идүүлээд, шингээгээд оруулах хэрэгтэй харагдсан.

Хоёр дахь өдөр багаар ажиллах шалгалт. Энэ үнэхээр сонирхолтой. Хүүхдүүд бага болж ангид орохдоо бүгд гутлаа тайлна. Тэгээд хамтдаа шагай тоглоно. Багш шагай яаж тоглохыг зааж өгнө л дөө, монгол хүүхдүүд маань ихэнхи нь шагай мэдэхгүй байсан нь харамсалтай. Багаараа шагай няслахад, хэн олон шагай няслав гэдгийг харахгүй. Багшийн хэлсэн дүрмийг ойлгоод найзуудтайгаа эв найртай тоглох, бусаддаа боломж олгох, тоглоом дуустал тэсвэртэй, идэвхитэй суух зэрэг чадварыг л харж дүгнэнэ. Дараа нь 2 хүүхдийн дунд 1 алчуур өгөөд ширээ арчуулна. Ширээг сайтар угааж цэвэрлэх нь биш нөгөө найзтайгаа алчуураа хуваалцаж байна уу, найз алчуураа өгөхгүй бол яах вэ, бие даан шийдвэр гаргалт нь хэр байн, биеэ дааж байна уу гэдгийг л харна. Энэ насанд өөр юу шалгах вэ та минь? Хүүхдээр ширээ арчууллаа гэж зэмлэх хүмүүс байх юм. Хүүхдээрээ ширээгээ арчуулж бай. Гарын жижиг булчингууд хөгжиж, хүүхэд бодож сэтгэдэг юм шүү дээ. Гэрийн ажил гэдэг ял биш хүүхдийг сургаж хүмүүжүүлэх бас нэг ухаан болдог.

Дараа нь чанга үдсэн үдээсийг тайлуулсан. Үдүүлээгүй шүү, тайлуулсан. Энэ нь жижиг булчингийн хөгжлийг шалгаж байгаа хэрэг, хүүхэд анх бичиж сурахад энэ булчингууд чухал нөлөөтэй гэнэ лээ. Манайх чадаагүй ээ.

Гурав дахь өдөр ярилцлагын шалгалт. Хамгийн богино үргэлжлэх боловч хамгийн өндөр оноотой, чухал шалгалт. Бид хүүхдээсээ хэр их юм асуудаг вэ? Байнга л хэлж өгч, зааж сургадаг болохоос биш хүүхдээсээ юм асууж бодуулж сэтгүүлэх нь үнэхээр ховор гэдгийг өмнөх жилийнх нь шалгалтын асуултуудыг хүүхдээсээ асууж байхдаа ойлгосон. Чамайг зурагтаар гоё кино үзээд сууж байтал аав чинь ирээд одоо аав нь үзье гэж хэлвэл чи яах вэ? гэж манай охиноос асуусан. Үүнд зөв хариулт гэж байхгүй. Өөрийн хариултаа хамгаалах нь л чухал юм. Санаагаа илэрхийлж, тайлбарлаж, хамгаалах чадварыг шалгаж байна. Манай охин босож яваад өөр тоглоом тоглоно гэж хариулаад багш нь Элса гарч байсан ч яваад өгөх үү гэсэн манай охин тэгнээ, өөр тоглох тоглоом зөндөө гэж хариулсан байгаа юм. Гайгүй оноо авсан байхаа ккк. Бас доороо 10 үсэр, том савнаас жижиг сав руу усыг юүлэх, зураг хараад тайлбарлаж ярих гэсэн нийт 4 даалгавар өгсөн бөгөөд тус бүр 10 оноотой аймар шүү ккккк. Өдөр гэнэт нар жаргачихвал яах вэ? Чи ээждээ авсан бэлгээ унагаачихвал яах вэ? гээд төсөөлж бодох, шийдвэр гаргах асуултуудыг өдөр тутамдаа, амьдрал дундаа асууж байгаарай.

За ингээд дүн гарахад аав ээжүүд өөр өөрийнхөөрөө дүгнэж шүүмжлэх нь шүүмжилж, талархах нь талархаж байсан. Маш сонирхолтой нэг коммент "5 настайдаа 70 үг уншиж, 100 дотор цээжээр нэмж хасаад, 1000 дотор алдаагүй боддог болсон. 10,000 хүртэл тоолж сурсан хүүхдээр цавуугаар цаас наалгаж, уяа тайлж чадсангүй гээд шалгаад байдаг хачин "мундаг" улс юмаа та нар" гэсэн байв. Тиймээ, энэ шалгалтын зорилго мэдлэг шалгадаггүй юм билээ. Хүүхдээ яажшуухан өсгөж, хүмүүжүүлж байгааг минь шалгадаг юм билээ бараг. Шалгалтанд бэлдэж байна гэж олон сургалтанд явуулж, тоо бодуулж, уншихыг урьдчилан зааж хүүхдээ шалгалтын айдастай болгоогүйдээ би үнэхээр баярласан. Шалгалт өгөх, тэнцэх гэхээсээ илүү энэ шалгалт юуг шалгаж байгааг ойлгож, ухаж бодох нь чухал, сургамжтай байлаа. Бас сургуульд орохоос нь өмнө зуны 3 сардаа эндээс харж, ойлгосон зүйлсээ хүүхэддээ сургаж, сургуульд ороход нь биеэ даасан, "бэлэн" сурагч болгоход минь их тус болсоон.

Шалгуулагчийн ээж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.