Алеппо дахь аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж эхэлжээ

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Сирийн Алеппо хотод байрлах автомашины аккумулятор болон тос тосолын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэсэн талаар ТАСС агентлаг мэдээлж байна.

Алеппогийн Шейх-Саид дүүрэгт байрлах ачааны машин, жижиг тэрэг болон нарны эрчим хүчний үүсгүүрт зориулсан аккумулятор үйлдвэрлэгч “Хамар” нэртэй үйлдвэр үйл ажиллагаагаа дахин сэргэжээ. Тус үйлдвэрийн ажилчид хар тугалган хавтан хайлуулахаас угсрах хүртэл бүх шат дамжлагыг үйлдвэртээ явуулж байна.

Хотын захад байрлах тус үйлдвэрийг дахин шинээр барьсан гэж хэлэхэд хилсдэхгүй юм. Үйлдвэрлэл төвлөрсөн Шейх-Саид дүүргийг алан хядагч нар хамгийн түрүүнд эзэлж байжээ. Тэд үйлдвэрт байсан үнэтэй тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь тонон, хар зах дээр худалдаалсан аж. Үйлдвэрийг дахин хөл дээр нь босгоход хагас жил шаардагдсан байна.

“Хамар” үйлдвэрийн захирал Юсеф Миду сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Бидний үйлдвэртээ ашиглаж байгаа бүх материал манай дотоодынх. Аккумуляторын гаднах хуванцар их биеийг миний төрсөн ах мөн л Алеппо дахь үйлдвэртээ хийдэг. Хар тугалгаа бид нар ард иргэдээс цуглуулсан хуучин аккумуляторуудаасаа авч хайлуулж байна. Бид хэнээс ч хамааралгүй ажиллаж байна.” хэмээн ярьжээ.

Түүнчлэн Алеппогийн Шейх-Нажар дүүрэгт машины тос тосолын үйлдвэр ажиллаж эхэлсэн байна. Тус үйлдвэр нь түүхий эдээ ОХУ-аас авдаг ба үүн дээрээ шаардлагатай нэмэлт бодисуудаа хийн, эцсийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг аж.

Тус үйлдвэрийн эзэн Яхья Хританигийн хэлж байгаагаар дайнаас өмнө үйлдвэр нь 13 мянган тонн моторын тос үйлдвэрлэдэг байсан бол одоо 4 мянган тонныг л үйлдвэрлэж байгаа аж. Гэсэн хэдий ч үйлдвэрийн явц өнгөрсөн жилүүдийнхээс сайжирч, бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлсээр байгаа аж.

Сирийн хямралаас өмнө Алеппод үйл ажиллагаагаа явуулж байсан ихэнх аж үйлдвэрүүд үйл ажиллагаагаа тэгээс эхэлж байгаа гэж хэлж болох юм. Сирийн эрх баригчдын тусламж дэмжлэгээс гадна бараа бүтээгдэхүүн тэр дундаа автомашины салбарын бүтээгдэхүүний эрэлт өссөн нь аж үйлдвэрүүд дахин сэргэхэд ихээхэн нөлөө үзүүлж байгаа аж. 

Эх сурвалж: https://tass.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.