Л.Оюун: “Капитал”-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлээд байна

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн эрдэмтэн, судлаач доктор, проффесор Л.Оюунтай ярилцлаа.


-Капитал банк дампуурсныг Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт зарласан. энэ зүй ёсных уу. эдийн засагч хүний хувьд та яаж харж байна?

-Хоёр талаас нь харж болно. Өрсөлдөөнт орчин байгаа үед өрсөлдөөний шалгарлаар дампуурлаа зарласан байж болно. Нөгөө талаас харвал банк өөрөө итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг их эмзэг салбар. Харилцагчдын итгэл алдарч төлбөрийн чадваргүй болох үндэстэй. Хүмүүс банкинд хадгалуулсан мөнгөө нэгэн зэрэг буцаан дуудах үед тухайн мөнгө зээлэнд байдаг учраас төлөх "чадваргүй" болж дампуурдаг. Капиталын хувьд дампуурсан нь өрсөлдөөнд ялагдаж гэж харж болох. Нөгөө талаас хариуцлагагүй ажиллажээ гэж дүгнэж болно.

-Арилжааны банкны үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьж ажилладаг вэ. Хяналтын явцад хаана, ямар алдаа гарав?

-Арилжааны банкинд хяналт тавих үүрэг Монголбанкинд байгаа. Санхүүгийн хороо, банкуудад хяналт тавьдаг агентлаг ажиллаж байдаг. Өнөөдрийн нөхцөлд Монголбанк арилжааны банкуудын дотоод хэрэгт орох хориотой. Зохицуулах хянах л үүрэгтэй.

-Дотоод үйл ажиллагаанд нь орох хориотой талаар та яриандаа дурдлаа. Монголбанк арилжааны банкуудын юуг хянаж ажилладаг юм бэ?

-Монголбанк төрийг төлөөлж байгаа. Төр хувийн хэвшлийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Өөрийнх нь бизнесийн орчинд оролцож болохгүй шүү дээ. Монголбанкинд арилжааны банкуудыг хянадаг хэлтэс газар гэж бий. Арилжааны банкуудын балансыг өдөр бүр л хянаж явдаг гэж болно. Арилжааны банкуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг мөрдөж ажилладаг юм. Шалгуур үзүүлэлт доголдоод ирэхэд л анхаарал хандуулах ёстой. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, валютын ханшны эрсдэлийг яаж байна, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ зэрэг төлбөрийн чадварыг хангахад нөлөөлдөг үзүүлэлтүүдийг нь хянаж ажиллана.

-“Капитал”-ыг дампууруулахгүйгээр авч үлдэх боломж байсан уу?

-Төлбөрийн чадваргүй болсон банкинд авч болдог хэдэн арга хэмжээ байдаг л даа. Нийгэмд хэр хэмжээний хор хохирол учруулахыг нь харж байгаад аргаа сонгодог. Манайд өргөн хэрэглэж ирсэн нь аль нэг банк руу шилжүүлж нэгтгэх арга л даа. Мөн “Капитал” банкийг худалдаж болох байсан. Энэ бол хамгийн хохирол багатай арга. Төрийн өмч болгоод авч явах боломж ч байсан. Эдгээр аргуудаас сонгохдоо гол нь тухайн банкны эдийн засагт эзэлж байгаа байр суурь, төлбөрийн чадваргүй болоход гарах хохирол зэргийг нь судлаад сонголт хийх боломж байсан.

-Дампууруулсан л гээд яриад байна. “Капитал” банкийг дампууруулах нь хэн нэгэнд ашигтай гэж үзэх хүмүүс олон байна лээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Банк эзэмшигчид хадгаламж эзэмшигчдийн мөнгийг яг хүссэн цагт хүссэн хэмжээгээр нь гаргаж өгөхийг төлбөрийн чадвар гэж хэлдэг. Нөөцийн данс нь төлбөрийн чадварыг хангаад явж байх ёстой. Үүнд Монголбанк өдөр тутам хяналт тавьж ажилладаг. Чанаргүй зээлийн хэмжээ 4-5 хувь хүрэхэд үйл ажиллагаа доголддог. “Капитал”-ын тухайд чанаргүй зээлийн хэмжээ 80 хувь хүртэл явчихсан байна лээ. Үүнд Монголбанк хяналт тавьж ажиллах үүрэгтэй. “Капитал” банк ч тэгээд гэнэт дампуурчихаж байгаа асуудал биш шүү дээ. Аль дээр 2015 оноос хойш л үйл ажиллагаа нь доголдож байгаа тухай мэдээлэл цацагдаж, ганц нэг салбар нь хаалгаа барьж л байсан. Энэ хооронд хяналт тавьдаг Монголбанк юу хийж байсан нь сонин байна л даа. Монголбанкны удирдлагуудад л тавих асуудал байх. Энэ нь “Капитал”-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлээд байна. Арилжааны банкууд улирал тутам тайлангаа олон нийтэд ил болгох үүрэг хүлээдэг. Энэ тайлан дээр санхүүгийн үзүүлэлтүүдийн явж байдаг. Энэ дээр худлаа үзүүлэлтүүд гаргаад байсан байна уу, эсвэл шалгуур үзүүлэлт нь доголдоод байсан уу гэдэг нь тусдаа асуудал гарч ирнэ. Үүнд л Монголбанк хариу өгнө дөө. Хэвлэл мэдээлэл банкуудын хяналтын хэлтсээс ямар хяналт тавьж ирснийг асуух бүрэн эрхтэй.

-Банк дампуурах нь эдийн засагт шууд болон шууд бусаар ямар хор хохиролтой вэ?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Нэг банк доголдоход банк системээрээ доголдох гээд байдаг. Банкинд итгэх итгэл буурна. Эргэлзээд мөнгөө татах магадлал өндөр. Системийн хямрал болох эрсдэлтэй. Эдийн засагт учруулсан хохирол нь харилцагчдаар нь дамжаад нөлөө үзүүлнэ.

-20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай иргэдийн хөрөнгийг хадгаламжийн даатгалаас гаргуулах юм гэсэн. Илүүг нь хаанаас барагдуулах вэ. Эрүүл мэндийн даатгал болон Нийгмийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөг байсан талаар Сангийн сайд мэдэгдсэн шүү дээ?

-Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа манайд 2013 оноос эхэлж хэрэгжсэн. Хадгаламжийн дүнгийн хэмжээгээр хадгаламжийн даатгалын корпорацид төлбөр хураамж төлж ирдэг. Тэр утгаараа хуульд заасны дагуу 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж иргэдэд олгогдоно. Үүнээс дээш давсныг цаг хугацааны хүлээлттэйгээр төлөгдөнө. Үүнийг Монголбанктай хамтарч “Капитал” банкнаас өр барагдуулах жагсаалт гаргана. Үүний дагуу л 20-иос дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэд хохирлоо барагдуулна. Цаг хугацааны асуудал бий. “Капитал” дампуурлаа гээд чанаргүй зээлдэгчид баярлах хэрэггүй. Төрийн банкны мөнгө “Капитал”-д байсан талаар Сангийн сайд дурдсан. АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын мөнгө ч “Капитал”-д байсан. Энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөгдөнө гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа. “Капитал” банк эцсээ хүртэл хариуцлага хүлээнэ. Энэ хөрөнгийг барагдуулах үүрэгтэй.

-“Капитал”-ын нийт хөрөнгө эдгээр хохирлыг барагдуулахад талд нь хүрэхгүй гэх мэдээлэл байсан?

-АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын өрийг “Капитал” банк төлж чадахгүй бол сонгосон субьектүүд өөрсдөө хариуцлагаа үүрнэ. Хэн ч тэднийг албадаагүй шүү дээ. Өөрсдөө л сонгосон. Эхний ээлжид иргэдийн хохирлыг барагдуулах ёстой. Даатгалын сангуудын мөнгө эрсдэлтэй байна л даа. Энэ мөнгийг төсвийн мөнгөнөөс гаргаж таарах байх. Гэхдээ буцаан төлөх нөхцөлтэйгөөр гаргах байх. Сангууд яагаад үйл ажиллагаа нь доголдсон байсан “Капитал”-ыг сонгосон талаар сайтар судлах хэрэгтэй. Төрийн мөнгийг “Капитал” банк эргэлдүүлсэн байж таарна. Энэ бүхнийг сайтар судлах биз. Үүний дараа хариуцлага яригдана. Хувьцаа эзэмшигчид төлнө. “Капитал” дампуурсан нь тэдний хариуцлагатай холбоотой.

-“Капитал” банкны хохирогчид хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг битүүмжилж бусдын нэр дээр шилжүүлэхийг хориглохыг шаардсан байсан. Эздийн хөрөнгийг хадгаламж эзэмшигчдийн хохирол барагдуулахад зарцуулах эрх зүйн үндэс бий юу?

-Энэ асуудал хөндөгдөнө. Эрх зүйн үндэслэл байгаа. Хувьцаа эзэмшигч нь 2015 оноос өмнө ямар хөрөнгөтэй байсан, үүнээс хойш ямар хөрөнгөтэй болсныг шалгаж тогтоогоод хураах хэрэгтэй. Болж өгвөл төрийн мөнгөнөөс зарлагадалгүй хохирол барагдуулах хэрэгтэй. Төсвөөс авбал муу жишиг тогтно.

О.Дашням

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.