Хойд Солонгосын цөмийн гол объектийн ойролцоо идэвхтэй хөдөлгөөн ажиглагджээ

Twitter Print
2019 оны 04-р сар 17-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 12-нд сансрын хиймэл дагуулаар авсан зурагнуудаас харахад Хойд Солонгосын цөмийн гол объектийн ойролцоо идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгааг харж болох талаар Вашингтоны Стратегийн болон Олон улсын судалгааны төвөөс мэдээлжээ.

Нийслэл Пхенъянаас 100 орчим км зайд байрлах Ёнгбёний Цөмийн шинжилгээ судалгааны төвийн хиймэл дагуулын зурагнаас уран баяжуулах лабораторийн ойролцоо тусгай 5 вагон зогсч буйг харж болох аж.

Вашингтоны Стратегийн болон Олон улсын судалгааны төвөөс мэдээлж байгаагаар Хойд Солонгосын цөмийн гол объектийн ойролцоох идэвхжил нь цацраг идэвхт материалыг цөмийн түлш болгон боловсруулж буйтай холбоотой байж болзошгүй аж.

Хойд Солонгосын тал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Сингапурт хийсэн эхний уулзалтаараа цөмийн болон пуужингийн туршилтаа бүрэн зогсоож, пуужингийн туршилт явуулдаг объектуудынхаа үйл ажиллагааг зогсоохоо амласан билээ.

Нөгөөтэйгүүр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн 3 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулах асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явж байгаа гэнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын 3 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулах тухай хэлэлцээрийн явцыг хурдасгахыг хүсч буйгаа илэрхийлсэн билээ.

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн 2 дахь уулзалт өнгөрсөн 2-р сард Вьетнамын Ханой хотод болсон ба талууд зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас уулзалт төлөвлөсөн цагаасаа эрт дууссан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдсэнээр Хойд Солонгосын тал улсынх нь эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдийг бүгдийг нь цуцлахыг шаардсан гэсэн бол Хойд Солонгосын талаас хоригийг хэсэгчлэн цуцлахыг хүссэн болохоо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.