Морин хуурын чуулга 26 жилийн ойгоо “Novel melody” концертоороо мялаав...

Twitter Print
2019 оны 04-р сар 17-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсны 100 насны ой энэ онд тохиож байгаа бол түүний гарын шавь нэр морин хуурч, Ардын жүжигчин Ц.Батчулуун 1992 онд байгуулахаар Засгийн газарт төлөвлөгөө, саналаа явуулсаныг нь Засгийн газар 1992 оны долдугаар сард зөвшөөрөн дэмжсэн тогтоолоо гаргасан түүхтэй. Тэгээд Ц.Батчулуун агсаны үүсгэн байгуулсан морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд хийж байсан бол 26 жилийн дараа буюу өчигдар орой 19:00 цагт Улсын филармоны байранд нэгэн сайхан тоглолтоо хийсэн юм.

Тоглолтонд өнөөдрийн Морин хуурын чуулгын гоцлол удирдаач МУСТА Д.Түвшинсайханы найруулан бичсэн төрийн хошой шагналт Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн болон ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан нэрт хөгжмийн зохиолч Б.Смирнов нарын хамтран туурвисан “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг сюит хэлбэрт оруулсан болон шинэ цагийн чадварлаг хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” нэрт танго сюитын тоглолтыг Д.Түвшинсайханы туслах нэрт морин хуурч, МУСТА Н.Жигжиддорж удирдан тоглуулсан нь гайхалтай чадварлаг хамт олны үнэхээрийн сэтгэл гижигдсэн тоглолт болсон юм.

Image may contain: one or more people, people on stage, living room and indoor

Монголын соёл, хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач агсан Цэндийн Батчулуун 2015 оны 2-р сарын 7-ны өдөр бурханы оронд морилсон ч өнөөдөр ийнхүү түүний гарын шавь МУСТА Д.Түвшинсайханы удирдаж байгаа Морин хуурын чуулга нь Монголын болон дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлийг хоёрхон утастай Морин хуурынхаа эгшгээр уярааж, Япон, БНСУ болон Европ дахин бүр цаашлаад НҮБ-ын индэр, за тэгээд дэлхий дахинд тунхаглагдан эгшиглүүлж, Монгол эх орноо алдаршуулж яваа билээ.

Өчигдөрийн “Novel melody” гайхалтай тоглолтын гоцлолыг Морин хуурын чуулгадаа 26 дахь жилдээ гоцлол хөгжимчин хийж байгаа МУСТА нэрт морин хуурч Б.Амарбаяр болон гоцлол морин хуурч Х.Батзаяа нар эгшиглүүлж, нэрт морин хуурч өнөөдрийн туслах удирдаач МУСТА Н.Жигжиддорж гайхалтай эвсэг, жинхэнэ мэргэжлийн хүн гэдгээ нотлон уран чадварлагаар удирдан дохисон билээ.

Image may contain: 5 people, people smiling, indoor

Өчигдөрийн тоглолтыг шимтэн үзэж суухдаа өнөөдрийн Морин хуурын чуулгын хөгжимчдийн бүрэлдэхүүнийг ажиглавал 12 Морин хуурчийн дунд ганц эмэгтэй хуурч байсан нь чуулгатайгаа 26 дахь жилийнхээ тоглолтыг үзэгчиддээ толилуулж байгаа Ардын жижигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн том охин Ж.Уугантуяа байсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Тэгээд Морин хуурын чуулгын эгшиг аялгууг тодруулагч дөрвөн ятгачин, нэг төгөлдөр хуурч, гурван флейтчин, дөрвөн Морин хийлч буюу Виолончельчин, гурван Их хуурч буюу Контрабассчин, хоёр Эвэр бүрээчин, нэг саксофончин, нэг том бөмбөрчин, бас хоёр ч царгил хөгжимчин, нэг жижиг бөмбөрчин, хоёр ч ёочин хөгжимчин гэсэн бүрэлдэхүүнтэй харагдана лээ. Эдгээр хөгжимчдийн дунд ганцхан гадны хөгжимчин байсан нь Финлянд улсаас ирж Морин хуурын чуулгад сүүлийн нэг жил гаруй хугацаанд Морин хийл буюу Виолончель хөгжим эгшиглүүлж суугаа нэгэн бүсгүй байсан юм.

Тоглолтын дараа Монголын энэ цаг үеийн нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай удирдаач Н.Жигжиддоржийн урилгаар тайзнаа гарч дэлгэрэнгүй сайхан үг хэлэхдээ “Одоо Ардын жүжигчин нэрт Морин хуурч агсан Ц.Батчулууны үүсгэн байгуулсан Морин хуурын чуулга нь арай өргөн бүрэлдэхүүнтэй буюу дэлхийн нэрт хөгжимчдийг чуулгадаа урин ирүүлж, тухайлбал ОХУ-аас нэрт төгөлдөр хуурчдыг нь, Японоос нэртэй үлээвэр хөгжимчдийг нь, БНХАУ-аас нэрт хөгжимчдийг нь Европоос тухайлбал Швед, Норвеги, Финлянд, Голланд, ХБНГУ, Италиас нэртэй хөгжимчдийг нь урьж тоглуулан дэлхийн хэмжээний алдартай чуулга болох зам нь нээлттэй байна. Түүнээс гадна манай хөгжмийн зохиолчид Хүүхдүүдэд зориулсан олон шинэ бүтээл туурвиж залуу үеэ Морин хуурын эгшигэнд дасгаж, Монгол хүн болж төрснийг нь мэдрүүлэх, ухааруулах цаг болсон шүү” гэсэн юм.

Image may contain: 19 people, including Uuriintuya Dombon, people sitting, crowd and indoor

Ийнхүү нэгэн оройг Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Монголын хөгжмийн урлагийн нэгэн “Эцэг” болсон Б.Дамдинсүрэн гуайн “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг орчин цагийн сюитын хэлбэрээр,мөн туунчлэн залуу үеийн хөгжмийн зохиолчдын түүчээ болж яваа МУСТА Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитыг ч Морин хуурын чуулгын гайхалтай сонсголонт эгшигээр бахархан чагнаж, зүрхээ булгилуулж суугаад гэртээ харив.

Дэлхийг уярааж, аялгуу эгшигээрээ гайхшруулах Морин хуур хөгжим минь Монгол түмний бахархал бол Морин хуурын чуулга нь дэлхий дахины эгшиглэнт цуурай болж эхэлсэн нь яах аргагүй энэхэн зууны гайхамшиг, ертөнцийн чихнээ дуурсагдах Монгол эх орны минь нүүр царай, хойч ирээдүйн эгшиглэн билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.