Идсэн хоолны нөлөөгөөр амны хөндийд хүчиллэг орчин үүсдэг учраас орой шүдээ заавал угаа

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Бид хүүхдээ чихэр идэхээр нь одоо боль шүд чинь өвдөнө гэж анхааруулдаг. Бүгд л тэгдэг. Тэгвэл хүүхэд чинь "Чихэр яагаад шүд хорхойтуулдаг юм бэ?" гэж асуувал та хэрхэн хариулах вэ? Хүүхэд гэдэг асуултандаа бүрэн дүүрэн хариулт авч байж л итгэдэг ба хэрвээ дутуу дулимаг хариулах юм уу эсвэл хортой л гэсэн бол хортой гэж байна гэсэн таны хоржоонтой хариултаас болж тавьсан шаардлагад чинь хэзээ ч итгэхгүй. Тиймээс чихэр болон амттануудыг таашаан хүртэж, таны шаардлага салхи болон хийсэн одно.

Тэгэхээр энгийн аргаар тайлбарлах гэж оролдъё. Бидний амны хөндийд маш олон нянгууд орших бөгөөд тэд бидний нэгэн адил чихэрлэг зүйлд дуртай. Тэднийг стрептококк гэдэг.

Тэгвэл энэ нянгууд хүний биеийн хамгийн хатуу хэсэг болох шүдний пааланг хэрхэн цоолдог вэ? Тэд тийм хүчтэй араа шүдтэй бичил араатнууд уу? Энэ нянгууд чихрээр хооллож гэрээ барьж тав тухтай аж төрөхийн хамтаар сүүний хүчил ялгаруулж байдаг. Нян өөрөө сүүний хүчилд тэсвэртэй боловч харин шүдний паалан түүний бүтцэд гол үүрэг гүйцэтгэгч кальци тэсвэрлэдэггүй нимгэрч цоорч эхэлдэг.

Хүчил нь улмаар улам цаашлан идэж нянгуудад замыг нь бий болгож өгдөг учраас амьдрах таатай нөхцөл нь үүсч бид чихэрлэг зүйл хангалттай идэж байгаа учир сүүний хүчлээ ялгаруулсаар тэр нь хүүхдүүдийн шүдийг идэж устгасаар байдаг. Ийм амархан энгийн ойлголт.

"Чи чихэр идвэл нян бас идэлцэнэ. Нян чихэр идээд сүүний хүчлээр баана. Баас нь шүдийг чинь цоолно. Хүүхдэд их эвгүй сонсогдоно. Тийм учраас чихэр битгий ид, аман дахь нянгаасаа салахын тулд шүдээ угаа". За одоо бол таны шаардлага үр дүнгээ өгнө. Хүүхэд сайн ойлгосон учраас. Хүүхэд бас асууна. Зөвхөн чихэр л идэхээр цоордог юм уу? гэж. Тэд заавал олон талаас нь асуудлыг сонирхож үздэг. Томчуудаас хамаагүй дээр. Үүнд нэг жишээ дурдъя. Археологчид 15000 жилийн өмнөх хүний гавлын яс олж судлахад шүднүүд нь хорхой идсэн байсан байна. Яагаад вэ? Тэр үед чихэр байсан гэж үү? Яагаад тэдний шүд цооров? Тэд чинь махаар хооллодог байсан биз дээ гэх мэт олон асуултууд гарч ирсэн боловч тэд хариултыг хялбархан олсон. Маханд хамгийн бага сахар агуулагдах бөгөөд шүд хорхойтуулах хэмжээний чихэр байхгүй.

Гэвч тэд дан мах идэж байсангүй. Нүүрс ус бүхий үрт ногоо, үр тариагаар хооллож байсан байна.Энэ нь шүд хорхойтох үндсэн шалтгаан болж байсан бөгөөд ЯАГААД ҮР ТАРИА ИДЭХЭЭР ШҮД ХОРХОЙТОХ ГЭЖ? гэсэн асуулт шууд танд төрж байна уу? Хариулъя. Нүүрс ус нь задрахдаа шүлсний энзимтэй нийлж энгийн чихэр болон задарч шүд хорхойтох эх үүсвэр болдог. Зарим эцэг эхчүүд "Би хүүхэддээ чихэр идүүлдэггүй, тэгсэн атал шүд нь цоорчихлоо" гэж ярьдгийн учир нь энэ. Үндсэн шалтгаан одоо олдож байгаа биз.

Бас тэр үедээ хорхойтой шүдээ үзүүрлэсэн цахиур чулуугаар авч байсан агаад зөгийн лаваар шүдээ ломбодож байсан баримт ч байдаг. Сонин шүү. Тэгэхээр бид хүүхдийнхээ хоол хүнсэнд ч маш их анхаарах шаардлагатай нь харагдаж байна. Сүү цагаан идээг ихээр хэрэглэх хэрэгтэй. Хүүхдэд чихэртэй ааруул өгч болохгүй бас тарганд нь чихэр хийж бүү хутга. Идэхгүй байсан ч идүүлж сурга. Орой унтахад нь заавал шүдийг нь угаалга. Бүр заавал. Өдөржин идсэн хоолны нөлөөгөөр амны хөндийд хүчиллэг орчин үүсдэг учраас орой заавал угаах ёстойг анхааруул.

Харин ч 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Таны хүүхдийн шүдийг улс үнэгүй эмчилнэ.

Дараа нь харин хэрхэн ахиж хүүхдийнхээ шүдийг өвчлүүлэхгүй байх вэ? Энэ бол цэвэр эцэг эхийн хариуцлага. Багш, эмчийнх биш. Танд энэ талаар бас энэ хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн боловсрол олгоно. Бүгдээрээ жаахан хичээхэд л бидний ирээдүй яралзсан цагаан шүдээр гэрэл цацруулан инээмсэглэх болно. 

Төмөрбатын Энхбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.