АН-ын гишүүн Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн, Билгүтэй, Дарьсүрэн нарын хүмүүс намаасаа гарлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 16-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

АН-ын зарим гишүүн намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 1990 оны Ардчилсан тогтолцоог бий болгох хөдөлгөөнд оролцож явсан Монголын ардчилсан холбооны ахмад гишүүд ийнхүү намаасаа гарч байгаагаа дуулгав.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд АН-ын гишүүн Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн, Билгүтэй, Дарьсүрэн нарын хүмүүс оролцож намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн юм.

АН-ын гишүүн Д.Жаргалсайхан "1990 онд Ардчилсан хувьсгалд оролцож явахдаа улс орондоо хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг бий болгоно гэж хүсч мөрөөдөж, зүтгэж итгэж явсан. Гэтэл 30 жилийн дараа эргээд АН-ын үе үеийн удирдагчид, дарга нар харахад эгэл гишүүдийнхээ тэмцэж мөрөөдөж явсан хүсэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж, баяжих хэрэгсэл болгосон байна. Ардчиллын үр шим гурвсан сая иргэн хүрэхгүй байна. Тэд нийтийн өмчийг хулгайлж, хувьчилж авахад манлайлж оролцсон. Улс орны 390 орчим үйлдвэрийг дампууруулж, 110 мянган ажилчин ангийг устгасан. Өнөөдөр гажуудсан ардчиллын үр дүнд 300 мянган залуучууд ажиллаж амьдрахын төлөө эх орноосоо дүрвэн гадаад руу гарсан байна. Ийм хүмүүстэй хамтрах боломжгүй болсон тул бид намаасаа гарч байна.

Нийгэм эдийн засгийн ужиг хямралыг бий болгосон энэ хүмүүстэй зам нийлэх, хамтрах боломжгүй болсон учраас АН-аас гарч үндэсний эрх ашгийг дээдэлдэг хөгжлийн төлөө явдаг улс төрийн хүчинтэй цаашид нэгдэж явах саналтай байна" гэлээ.

АН-ын гишүүн Х.Лхагвасүрэн "1989 оноос эхлээд Ардчилсан холбооны үйл хэрэгт анхнаас нь оролцож ирсэн. Ардчилсан холбооны анхдугаар их хуралд анх 600 гаруй төлөөлөгч оролцож байсан. Тэдгээр хүмүүсээс 100 гаруй хүн үлдэж АН-ыг байгуулж байлаа. Ардчиллын үр шимийг цөөхөн хэдэн олигархууд хүртэж өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг бий болгосныг бид харж байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн эхээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батмөнх, Б.Гантулга болон тус намын гишүүд мөн намын гишүүнчлэлээсээ татгалзсан билээ.

Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батмөнх “Бид энэ олон жил хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулсан намаасаа гарч байгаа нь улс төрийн хүнд шийдвэр байсан. Сүүлийн есөн жил АН-ын ҮБХ-ны гишүүнээр би тасралтгүй ажиллаж байгаа хүн. Би Ардчилсан намын лидер, алтан хараацай нь байгаагүй ч Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан. АН өнөөдөр юу болоод байгааг та бүхэн харж байгаа. Одоо бүр бүлэггүй болчихлоо. Эрх барьж байгаа нам нь хоёр хуваагдаж нэр хүндээ унагаж байхад сөрөг хүчин нь тэднээс ч дор нэр хүндтэй байгаа нь ичмээр байна. АН 2016 онд дотоод тэмцлээсээ болж ялагдсан. Үйл ажиллагаандаа шинэчлэл хийж босч ирэх болов уу гэтэл тэгсэнгүй. Улам л талцан хуваагдаж байгаад харамсаж байна” гэсэн.

Харин АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Гантулга "Манай намын удирдлагууд эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэн хуваагдаад зогсохгүй жирийн гишүүдээ талцан хувааж байна.Өчигдөр ҮБХ-ны хурал дээр шинээр сонгогдсон хүмүүс нь намаа шинэчлэх бус бүр булшлах ажил хийх гэж байгааг хараад харамсал төрж байна. АН-д МАНАН бүлгэм, МАНАН дэглэм тогтож байгаад харамсаж байна. Улс орноо сүйтгэх, ард түмнийхээ эсрэг ажиллаж эхэлсэн учраас бид намаасаа гарлаа. Манжийн үед Монголчууд нутаг усаараа хуваагдан алалцаж байсан бол одоо нам намаараа хуваагдан талцаж байна. Үндэсний эв нэгдлийг эвдэн сүйтгэж байгаа энэ намын удирдлагууд одоо болих хэрэгтэй” гэсэн юм.

АН-ын гишүүн Д.Нямхүү “Би 1990 онд ардчиллыг ялуулахын төлөө тэмцэж явсан оюутнуудын нэг байна. Энэ намаас татгалзахаас өөр арга алга. Цаашид улс эх орныхоо төлөө аль нам эвсэлтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-17 18:51
      • 0
      • 0

      Зөв шүү. АН-ыг хэдхэн тооны луйварчид гутааж, нэр хүндгүй болгож байна. Иймээс ардчиллын үнэт зүйлсийг гуйвуулсан, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө улс орныг ашиглаж, улс орны хөгжлийг хойш татдаг, бас жирийн гишүүдээ үнэлж хүндэлдэггүй, энэ АН-гэгчээс гарах хэрэгтэй

      Хариулах