Улаанбурхны өвчлөл 3 дахин нэмэгджээ

Twitter Print
2019 оны 04-р сар 16-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар 2019 оны эхний 3 сарын байдлаар дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна.

Түүнчлэн улаанбурхан өвчний дэгдэлтэнд дэлхийн бүх улс орон өртсөн болохыг онцолжээ.

Африк тивд улаанбурханы өвчлөл даруй 700 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан ба ДЭМБ-ын мэдээлж байгаагаар бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтай аж. Учир нь улаанбурхан өвчний 10 тохиолдол бүрийн нэг нь л эмнэлгийн тусламж авч, бүртгүүлдэг гэсэн судалгаа байдаг байна.

Улаанбурхан нь цочмог халдварт өвчин бөгөөд зарим тохиолдолд уушигны хатгалгаа, тархины үрэвсэл зэрэг эрүүл мэндийн хувьд хор уршигтай хүндрэл учруулдаг эмгэг юм.

Өнгөрсөн 9-р сараас хойш Мадагаскарт улаанбурханы эмгэгийн улмаас 800 гаруй хүн амь насаа алдсан байна.

Түүнчлэн Бразил, Пакистан, Йемен зэрэг орнуудад улаанбурханы өвчлөлийн улмаас олон тооны бага насны хүүхдүүд нас баржээ.

Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хүн амын дийлэнх хэсэг нь хамрагдсан АНУ, Тайландад ч мөн адил улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдсэн байна.

НҮБ-аас мэдээлж байгаагаар дархлаажуулалтанд хамрагдсанаар улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ч дэлхийн нийт хүн амын 85 хувь нь л улаанбурханы вакцинд хамрагдсан нь хангалтгүй байна гэжээ. Учир нь ямарваа нэг халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн амын 95 хувь нь тухайн халдварт өвчний эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой аж.

ДЭМБ-ын удирдлагуудын хэлж байгаагаар вакцины талаарх эргэлзээтэй, хоорондоо зөрчилдсөн мэдээллүүд нь улаанбурхан өвчин дэгдэх бас нэг шалтгаан болж өгчээ. Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн вакцины талаарх худал мэдээллээс болж хүүхэддээ вакцин хийлгэхгүй гэж шийдсэн эцэг эхчүүдийн тоо олширсон байна.

Нөгөө талаас ядуу улс орнуудад вакцинд хамрагдах иргэдийн тоо цөөн байдгаас хүн амын дийлэнх хувь нь халдварт өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг аж.

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар улаанбурхан өвчний улмаас жилд 100 мянган хүн нас бардаг ба тэдгээрийн дийлэнх нь хүүхдүүд байдаг байна. Улаанбурхан өвчний эсрэг вакцины ачаар 2000 оноос хойш нийт 20 сая хүн үхлийн аюулаас аврагдсан болохыг онцолжээ.

Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор хэд хэд улс орнууд заавал хамрагдах ёстой дархлаажуулалтын тухай шинэ хуулийн төсөл баталсан байна.

Өнгөрсөн сард л гэхэд Италийн эрх баригчид салхин цэцэг, улаанбурхан зэрэг зарим халдварт өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй 6-аас доош насны хүүхдүүдийг сургуульд элсүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан.

Америкийн Нью-Йорк хотноо улаанбурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн төвөөс дархлаажуулалтанд хамрагдаагүй хотын оршин суугчдад торгууль ноогдуулах шийдвэр хүртэл гаргасан байна.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.