Капитал банкны 250 ажилтанд халах шийдвэрийг танилцуулжээ

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 18:04 цагт
Мэдээний зураг,

Төв банкнаас “Капитал” банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тус банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авах гэнэ. Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байхаар болжээ. Түүнчлэн “Капитал” банканд  ажиллаж байсан 250 хүнд халах шийдвэрийг өнөөдөр танилцуулсан байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд ХААН банкаар дамжуулан олгож эхлээд байна.

20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээж авахаар тогтоож байна.

Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, нэхэмжлэгчийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.

Энэ үеэр Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны систем тогтвортой байна гэдэг мэдээллийг Төв банк өгсөн атал банк дампуурлаа гээд байна. “Капитал” банк банкны системд бага байр суурь эзэлдэг. Тиймээс тус банкны нөхцөл байдал хэцүү байх нь нийт системд нөлөөлөхгүй. Бид нийт банкны системийн тогтвортой байдлыг л ярьсан. Тэрнээс “Капитал” банкны тогтвортой байдлыг яриагүй. 2015 оноос хойш нөхцөл байдал хэцүүдэхэд манай банкны зүгээс шаардлагатай арга хэмжээг авсан” гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.