Б.Баярмаа: ХХБ бичил бизнесийн зээлийг барьцаа хөрөнгө шаардахгүй олгож байгаа...

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 13:58 цагт
Мэдээний зураг,

Худалдаа хөгжлийн банкны зүгээс Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийг Монголын Хөрөнгийн  зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа гэнэ. Хөдлөх хөрөнгөө барьцаалан нийт 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөгүй авах боломжийг олгож эхэлсэн нь эрэлт ихтэй байгааг ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа саяхан Үндэсний мэдээллийн төвд багахан мэдээлэл түгээхдээ онцолж байсан юм. Гэхдээ тэрээр мэдээллийнхээ эхэнд “Хэвлэл мэдээллийнхэн цөөхөн байна” гэсээр мэдээллээ багасгах шиг л болсон. 

Ингээд мэдээллийнх нь дараа түүнтэй уулзаж дараах асуултад хариулт авснаа сонирхуулж байна.

-Өөрөө сая Монголын Бичил бизнес эрхлэгчид болон ЖДҮ-ийг хөгжүүлэх санаатай ч багагүй бэрхшээлтэй тулгарсаар байгаа иргэддээ зориулан Монголдоо томоохон Худалдаа хөгжлийн банкны зүгээс Хөдлөх хөрөнгөө барьцаалаад, ямар ч барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр 36-аас бүр 60 хүртэлх сарын зээлийг олгож эхлээд байгаа талаар тун дорвитой  мэдээлэл түгээлээ. Худалдаа хөгжлийн банкны зүгээс хэрэгжүүлж байгаа  энэ чухал шийдвэрийг гаргахад тус банкыг үүсгэн байгуулагчдын нэг, өнөөдөр тус банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ гуайн санаачилга, дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн болов уу?

-Тийм ээ. Энэ томоохон шийдвэрийг гаргахад Б.Мэдрээ даргын үүрэг оролцоо чухал байсан. Тэгээд эцэст нь бид бүгдээрээ ярилцаж байгаад санаа сэтгэл нийлж, энэхүү зээлийн тогтолцоог зохион байгуулсан гэж ойлгож болно. Одоо бол манай бүх л салбаруудаар хэрэгжээд явж байгаа л даа. Тэгээд ч Бичил бизнес эрхлэгчид болон ЖДҮ-ийг хөгжүүлэхээр зориглоод ажиллаж байгаа иргэдийн зүгээс нэлээн гайгүй дэмжлэг хүлээж, итгэл зоригийг нь ч бадраасан үйл ажиллагаа болоод байгааг хэлэх ёстой болов уу.

-Монголд мөнгө санхүүгийн дорвитой  бодлого хэрэгжүүлж байгаа Худалдаа хөгжлийн  банкны хувьд бизнесийн зээлийг дэмжих, урьд өмнөхөөсөө илүү хэмжээгээр олгох талд хэрхэн анхаарч ажиллаж байгааг тодорхойлон дурдахгүй юу?  

-Манай банкнаас гадна Монгол Улсын мөнгө санхүүгийн бодлогыг үндсэнд нь зангидаж байдаг Монголбанк болон Засгийн газрын түвшинд 2019 оныг бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох, улмаар эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор тодорхой санаачилга гаргасан л даа. Үүнийг бодит ажил болгоход банкны салбар түүчээлэн оролцож байгааг дурдахыг хүсч байна. Бизнесийн үйл ажиллагаа идэвхжих хэрээр аливаа улс орны нийгэм, эдийн засагт төдийгүй тухайн иргэний ажил, амьдралд хүртэл бодитой өөрчлөлт гардаг л даа. Ийм амжилтыг бүтээхэд баялаг бүтээгчдийн үүрэг, оролцоо, тэдний хувь нэмэр хамгийн их байдаг. Нөгөө талдаа хувийн хэвшилд тулгардаг гол бэрхшээл, саад бол санхүүжилт гэдгийг манай иргэд сайн ойлгож байгаа нь тодорхой. Үүнийг шийдэхэд нь банкны салбар өөрсдийн бий болгосон олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ  хамтран ажилласаар ирсэн.

Худалдаа, хөгжлийн банкны хувьд бизнес эрхлэгчдэд зориулсан хэд хэдэн төрлийн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл, үл хөдлөх хөрөнгийн зээлүүд байна. Бизнесийн зээлийн сонголт өнгөрсөн хугацааны ололт, туршлагын үр дүнд төрөлжсөн төдийгүй харилцагчдад илүү уян хатан нөхцөлтэй хүрч байгааг энд онцлон тэмдэглэе. Худалдаа хөгжлийн банкны хувьд байгууллагын түвшний зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон жилийн турш тогтвортой үзүүлж ирсэн л дээ. Энэ нь манай банкны нэг тодотгол байгааг ч дурдах нь зүйтэй болов уу. Үүнээс гадна сүүлийн 15 жилийн хугацаанд иргэдэд чиглэсэн бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхтэйгээр дэмжиж, банкны үйлчилгээг харилцагчдад аль болох хурдан шуурхай хүргэхэд анхаарч ирсэн.

-Тэгвэл манай иргэдийн зүгээс бичил бизнесийн зээл авахын тулд барьцаа хөрөнгө, эргэлтийн хөрөнгөтэй холбоотой бичиг цаас олноор бүрдүүлэх, түүнийгээ нотлох гээд багагүй цаг алддаг байдал үгүй болсон гэсэн үг үү. Таны удирдалцаж байгаа Худалдаа хөгжлийн банкны хувьд энэхүү уламжлалт хандлагыг өөрчлөх талд хэрхэн анхаарч байгаа бол?   

-Бидний хувьд одоогийн нийтлэг гэж хэлж болох бизнесийн зээл өгөх явцад гардаг барьцаа хөрөнгө, баталгаатай холбоотой цаг хугацаа, бусад зардлыг бууруулах үүднээс тухайн бизнес эрхлэгчдэд гарааны ижил нөхцөл олгохыг зорьсон. Ингэснээр тухайн зээл хүссэн харилцагчаас барьцаа хөрөнгө, баталгаатай холбоотой зүйл шаардахгүй байгаагаараа ихээхэн онцлог. Манай банкнаас зээл хүссэн харилцагчид бичил, том, жижиг, дунд бизнестэй байхыг бид чухалчилж үзэлгүйгээр бүгдэд нь бизнесийн бичил хэмжээний зээлийг санал болгон олгож эхлээд байгаа юм.

-Монголдоо бизнес эрхлэгч нартай уулзаж ярилцахад л барьцаа хөрөнгөтэй холбоотой бэрхшээлээ ярьдаг. Тэгвэл энэ асуудал илүү нааштай, уян хатан болсон юм байна гэж ойлгож болох нь ээ. Иргэдэд зориулсан бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүний эрэлт хэр байна бол. Энэ бүтээгдэхүүний онцлог, ялгарал нь чухам юу юм бол?

-Бичил бизнесийн зээлийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарснаас хойших хоёр сар гаруйн хугацаанд маш олон хүнд хүрч чадсан. Манай банкны TDB pay-ээр болон бүх банкны ПОС машин ашиглан төлбөр хүлээн авдаг бизнес эрхлэгчид 30 хүртэлх сая төгрөгийн зээлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн нь бизнесийн орчинд ийм шинэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ их байсныг харуулж байгаа юм. Тэгээд ч манай банкны салбаруудад ачаалал их байна. Уг зээлийг авахад үл хөдлөх хөрөнгийн барьцаа хэрэггүй. Хөдлөх хөрөнгөө барьцаалаад зээл авах боломжтой. Бизнес эрхлэгчид манай бүтээгдэхүүнийг талархалтай хүлээж авч, урмын үгээ эхнээсээ хэлсээр байгаад бид ч талархалтай хандаж байгаа.  Үнэхээр цагаа олсон бүтээгдэхүүнийг бизнесийн үйл ажиллагаа эрчимждэг энэ үед гаргаж ирсэн нь нүдээ олжээ гэсэн талархал их ирж байна.

-Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бизнес эрхлэгч энэ зээлийг авах боломж байгаа болов уу ?  

-За энэ асуудлыг бид судалж үзээд тухайн иргэн нь Монгол Улсын аль нэг Арилжааны банкны дансаар эсвэл өөр нэг банкны ПОС машинаар гүйлгээгээ хийдэг бол түүнийгээ бидэнд нотлоод, 15 хүртэлх сая төгрөгийн бүтээгдэхүүний бичил бизнесийн зээл авах боломжтой гэдэгт санал нэгдсэн байгаа. Харин үүний дараа зээлийн эргэн төлөлт, санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдлаараа өөрийгөө харуулаад, таниулаад явсны дараа бичил зээл маань 30 хүртэлх сая төгрөгөөр нэмэгдэх боломжтойг ч сайн ойлгох хэрэгтэй юм.

-Монголдоо бичил бизнес эрхэлж байгаа иргэдийн зээлээс аль салбарынхан илүү түлхүү авч байгаа бол. Энэ бүтээгдэхүүний хугацаа нь ер нь хэдэн сараар хэмжигдэж байгаа вэ?

-Энэ бол бас л сонирхолтой асуудал юм. Хэдэн жилийн өмнө бизнес эрхлэгчид 12 сар хүртэлх хугацаатай зээл ихэд түлхүү авдаг байсан бол дараа нь 24 сар болсон. Одоо эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 хүртэлх сарын хугацаатай авч байгаа нь хугацааны хувьд нэлээн хангалттай үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтын зээл болоод ирвэл бүр 60 хүртэлх сараар авч болж байгаа нь бизнес эрхлэгчдээ ихээхэн дэмжсэн хэрэг гэж ойлгож болно. Та бид хоёрын энэ ярилцаж байгаа бичил зээлийн хувьд дээд тал нь 36 хүртэлх сараар авч болно. Гурван жилийн хугацаатай зээл гэдэг жижиг бизнес эрхэлж байгаа хүнд таатай боломж мөн л дөө.

Ер нь жижиглэн болон бөөний худалдааныхан манай бүтээгдэхүүнийг түлхүү сонирхон авч байна. Манайх уламжлалт бизнесийн зээл, хөрөнгийн зээл, үл хөдлөх  болон эргэлтийн хөрөнгийн зээл, төслийн зээлүүдээ маш олон бизнес эрхлэгч, Монгол Улсын баялаг бүтээгчид, бүх салбарт нь зээл олгож байгаа.   Тухайлбал, хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай, барилга, тоног төхөөрөмж гээд бүгдэд нь зээл олгож байсан. Тийм учраас энэ зээл маань бидний хүрч чаддаггүй байсан бичил бизнес эрхлэгчдэд илүү их тохиромжтой болоод ирж байгаа юм.

-Тэгвэл нэг гол асуулт тавиахад бичил бизнесийн зээлийг Монгол төгрөгөөр бус бусад гадаад валютаар авах боломжтой юу?

-Харилцагч өөрөө хүссэн нөхцөлд бидний хувьд 14 төрлийн валютаар зээл олгох боломжтой гэдгийг дурдах ёстой болов уу. Гэхдээ ханшийн эрсдэл хурцаар тавигдаж байгаа учраас харилцагчийн өөрийнх нь л сонголт байх учиртай л даа.

-Өөртэй чинь энэхүү ярилцлагыг хийхээс өмнө нь Азийн хөгжлийн банк болон Батлан даалтын сантай хамтран төслийн зээл олгодог гэж сонссон л доо. Энэ нь ямар төрлийн онцлогтой зээлийн бүтээгдэхүүн байдаг юм бол. Бичил бизнесийн зээлээс өөр гэж ойлгосон маань  зөв  болов уу?

-Тийм шүү. Монгол Улсад Азийн хөгжлийн банк, Батлан даалтын сантай хамтран олгодог зээлийг харилцагчдадаа санал болгож, үүнд түүчээлэн оролцсон Худалдаа, хөгжлийн банкны үе үеийн ажилтнууд, одоогийн удирдлагуудад талархах нь зүйтэй  гэж боддог. Энэ зээл маань 10 жилийн урт хугацаатай бөгөөд жилийн 12 хувь буюу сарын нэг хувийн хүүтэй юм. Хэмжээ нь нэг тэрбум төгрөг хүртэл авч болно л доо. Хэрэв тухайн зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй бол 60 хүртэлх хувиараа зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулаад авах боломжтой юм. Бид уг зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгоод гурван жилийн нүүр үзсэн байдаг. Энэ хугацаанд манайхаас зээл авсан харилцагчид сэтгэл хангалуун байгааг ч дурдах ёстой. Манай зээлийг Азийн хөгжлийн банкнаас хамгийн чанартай, сайн төлөлттэй зээл гэж үзэж байгаа нь цаанаа олны итгэлийг хүлээж, бид ч тэдэнд найдвартай үйлчилгээ үзүүлсээр ирсэний хамгийн том нотолгоо гэж ойлгоход буруудахгүй шүү.

-За бизнес эрхлэгч иргэддээ чин сэтгэлийн зээл олгож, харилцан үр ашигтай хамтран ажиллаж байгаа Худалдаа хөгжлийн банкны эвсэг хамт олны цаашдынх нь ажилд их амжилт хүсч ярилцлагаа өндөрлөж байна? 

-Танд ч бас ажлын амжилт хүсч, манай банкны чухал мэдээллийг олонд хүргэж байгаад баярласан сэтгэлээ илэрхийлж байна....

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.