Фукушима АЦС-ын хөргөх системээс цөмийн түлшийг гаргах ажиллагаа эхэлжээ

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Цунамид өртөж, осол гарсан Японы Фукушима АЦС-ын оператор компани болох Токио Электрик Пауэр Ко буюу ТЭПКО компани 2011 оны ослоор хайлсан цөмийн 3 реакторын нэгийнх нь хөргөх системээс цөмийн түлшийг гаргах ажиллагааг эхлүүлжээ.

Тодруулбал, Фукушима АЦС-ын 3-р блокт байрлах хөргөх системээс эхний ээлжинд ашиглагдсан болон ашиглагдаагүй 566 нэгж түлшийг гаргах аж. Эдгээр түлш нь 2011 оны ослын үеэр хөндөгдөөгүй, бүрэн бүтэн үлдсэн ч дахин хүчтэй газар хөдлөх үед эрсдэл үүсэхээс сэргийлэн тэдгээрийг аюулгүй газарт шилжүүлэх нь чухал ач холбогдолтой гэнэ.

Цөмийн реактор доторх цацраг туяаны идэвхжил өндөр хэвээр байгаа учир түлшийг гаргаж авах ажиллагааг тусгай кранаар явуулж байгаа ба мэргэжилтнүүд тухайн краныг 500 метрийн зайнаас удирдаж байгаа аж.

ТЭПКО компаниас мэдээлж байгаагаар 3-р блокоос түлшийг бүрэн гаргаж дуусахад 2 хүртэлх жилийн хугацаа шаардлагатай ба үүний дараа үлдсэн хоёр хөргүүрт үлдсэн 1000 орчим нэгж түлшийг гаргах ажиллагааг эхлүүлэх аж.

Shinzo Abe

Хөргөх системээс түлшийг гаргах ажиллагаа дууссаны дараа цөмийн реактор дотроос ослын үеэр хайлсан цөмийг түүж авах хамгийн хэцүү ажил үлдэж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Тухайн ажилбарыг хэрхэн яаж хийх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ба цөмийн 3 реакторт нийт 800 гаруй тонн хайлсан цөм байгаа аж.

Цөмийн реакторуудаас хайлсан цөмийг түүж авах ажиллагаа хэдэн 10 жил үргэлжлэх төлөвтэй байгаа ба ТЭПКО болон Японы засгийн газар энэ ондоо багтан хайлсан цөмийг гаргаж авах арга замуудыг олж тодорхойлон, 2021 он гэхэд тус ажлыг эхлүүлэхээр зорьж байгаа аж.

Эх сурвалж: https://www.apnews.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.