Азийн тивийн 3.3 бүсийн тэмцээний тойм

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Энэ өргөөс их зүйлийн хувь заяа шийдэгдлээ

Эрчүүдийн ангилалд оноолт таарсан их мастеруудын тулаанд Б.Гүндаваа Ц.Батчулууныг аргаллаа. Өсвөрийн тамирчин С.Ган-Эрдэнэ тэмцээнийг хошуучилж явсан Вьетнамын Nguyen Van Huy-г илүүрхэж хожсоноор өөрөө байрт нь залрав. ИМ М.Сусанто ФМ У.Насанжаргал нарын өрөг махан тэнцээ байсан боловч Насаа маань цагт хавчигдаж бодоо сул өгсөнөөр 5 цаг хагас үргэлжилсэн тулааны эцэст дийлэгдлээ.

Их мастер Б.Хатанбаатар хуучин бууны хугархай гэдгээ харуулж үдээс өмнө өндөрлөсөн Монгол шатрын тэмцээнд түрүүлж үндсэн тэмцээний рейтинг лидер залуухан ИМ Tran Tuan Minh-г ямар ч боломж өгөлгүй савлаа.

Сүүлийн өрөгт С.Ган-Эрдэнэ Филипиний Их мастер Жон Паул Гомезийг хожвол түрүүлнэ. М.Сусанто ОУМ С.Билгүүнийг хожвол ИМ Б.Гүндаваа Вьетнамын Nguyen Van Huy нарын хэн хожсонтой нь тайбреакт хүч үзэж Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авна. Галзуу ганц өрөг үлдлээ.

ФМЭ Т.Мөнхзул тун өнгөтэй сайхан байна. Араасаа 0,5 онооны дутуутай нэхэж явсан Вьетнамын Vo Thi Kim Phung-г нам дарж хөдөлгөлгүй байсаар илүүрхлээ. Сүүлийн өрөгтөө Индонезийн Aulia Medina Warda-тай тэнцэхэд Дэлхийн цомд хүч үзнэ. Хэрэв хожигдвол байдал ээдрээтэй болно. Б.Мөнгөнтуул гавъяат юутай ч боломжийн төлөө найдвараа бүрэн алдаагүй боловч хүний өргөөс хамаарах болоод байна.

Тэмцээний эхлэлийг давгүй тавьсан О.Өлзийхишигжаргал, Т.Номиндалай, Б.Алтантуяа, Б.Янжинлхам нарын хувьд нэлээд доошиллоо. Формоо хадгалж, сэтгэл зүйгээ сайн бэлдэж туршлагаа зузаатгаж дараагийн тэмцээнээ хүлээхээс өөр аргагүй болов.

ОУМЭ С.Отгонжаргалын хувьд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэмцээнийг орхисон бол ФДМ Н.Батболд олон улсын тэмцээнд оролцох шалтгаанаар тэмцээнээ дуусгалаа.

Үр дүнгүүд эерэгээр эргэвэл манай улсаас Дэлхийн цомд 3 тамирчнаа сойх бүрэн боломж онолын хувьд байгаа тул цай сүүнийхээ дээжийг өргөж, амжилт бүхнийг хүсч дээлийн захыг нь хамтдаа мушгицгаая!

НЭМЭЛТ ТАЙЛБАР Тэмцээний оноолтыг 20.30 минутанд гаргасан боловч Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгч Дан Тат Танг-ийн саналаар сүүлийн өрөгт эхний 3 ширээнд 1 улсын тамирчид оноолт таарахгүй байх дүрмийн заалтын дагуу өөрчиллөө.

Өмнөх оноолтоор манай тамирчин ИМ Б.Гүндаваа СМ С.Ган-Эрдэнэтэй Вьетнамын тамирчин ИМЭ Vo Thi Kim Phung ИМЭ Hoang Thi Bao Tram-тай таараад байсан юм. Тэмцээнд оролцож байгаа улсуудын багийн ахлагч болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Ц.Сайнбаяр болон шүүгчдийн баг 3 цаг хуралдсаны эцэст дээрх шийдвэрт хүрсэн юм.

Тойм тайлбар бичсэн: Б.Нямдаваа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.