Владимир Путин, Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалтаар яригдах асуудал олон улсын анхаарлын төвд байна

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж болзошгүй гэнэ.

Өнгөрсөн жилийн 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг ОХУ-д айлчлахыг урьж байсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 26-27 өдрүүдэд Хятадын Бээжин хотноо болох “Нэг бүс нэг зам” чуулга уулзалтанд оролцох юм. Тэрээр тус чуулга уулзалтанд оролцохоосоо өмнө Солонгосын удирдагч Ким Жон Унтай Алс Дорнодод уулзаж магадгүй хэмээн Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар ярих явцдаа Оросын талаас уулзалтын тов санал болгосон ба уулзалтыг зохион байгуулах ажил яриа хэлэлцээрийн түвшинд явагдаж байгааг онцолж байсан билээ.

Тэгвэл одоо хоёр орны төрийн тэргүүн нар анх удаагаа хийх уулзалтынхаа үеэр ямар асуудал хэлэлцэх вэ гэдэг нь олон улсын анхаарлын төвд байна. Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ сарын 15-нд хоёр орны төрийн тэргүүний хийх уулзалтад  бэлтгэж байна хэмээн мэдээлсэн ч уулзалт яг хэзээ болох хугацааг нь тодорхой хэлээгүй байна. Гэхдээ уулзалтаар хэлэлцэх гол асуудлын нэг нь Солонгосын арлыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай байна гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнгийн Ази дахь ОХУ-ын Стратегийн төвийн захирал Георгий Толорая хэлжээ. Учир нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал нь  удаан үргэлжилж байгаа асуудал юм. Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд саяхан хийсэн оролдлого нь  амжилтгүй  болсон билээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп, Ким Жон Ун нарын хийсэн анхны уулзалт хэлбэрийн хувьд амжилттай болсон ч хоёр дахь уулзалтаар хэлэлцээр хийж чадаагүй учраас үр дүнд хараахан хүрээгүй тасалдсан юм. Учир нь Пхеньян Хойд Солонгост тавьсан хоригийг хэсэгчлэн цуцлахыг шаардаж хариуд нь аажмаар цөмийн зэвсгээсээ ангижирна гэж мэдэгдсэн.

Харин ОХУ Пхеньяны энэ санаачлагыг дэмжиж байна гэж Георгий Толорая хэлээд энэ арлыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг улс төр, гадаад харилцааны шугамаар шийдвэрлэнэ гэж мэдэгджээ. Тэрээр “Ким Жон Ун, Владимир Путин нар уулзах хамгийн тохиромжтой мөч бол одоо.  Энэ уулзалт их чухал. Учир нь Хойд Солонгост  гадаад харилцаагаа хөгжүүлэхэд тусална гэж онцолсон байна.

Хоёр орон хамтран олон төсөл хэрэгжүүлж байна. Гэхдээ хэрэгжүүлж байгаа төслүүд дундаас магадгүй хамгийн том төсөл нь “Rason con Trans” компанийн ОХУ Хойд Солонгост  Ражин боомтоор нүүрс нийлүүлэх төсөл юм. Георгий Толорая Хойд Солонгос ОХУ-тай тогтоосон харилцаа нь их ашигтай. Энэ нь Пхеньянд хэлэлцээрийн үйл явцаа үргэлжлүүлэх, ашиг сонирхлоо хамгаалахад нь тусална гэж ярьсан байна.

https://m-en.yna.co.kr/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.