Багш нарын Их хурлаас төрсөн эрээвэр, хураавар бодол

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Их хурал их сайхан боллоо. Төр, засаг Монголын багш нарт гүн их хүндэтгэл үзүүлж, анхаарал тавилаа. Юм юм л бодож суув. Олон сайхан багш нартайгаа уулзав.

Миний үеийнхэн хамгийн их азтай хүмүүс юм аа. Хамгийн мундаг нь багш болдог байсан сайн цаг үед алт шиг багш нарынхаа гар дээр бид өсөж хүн болсон билээ. Би сайн багштай сургуулийг сайн сургууль гэж боддог, хэлдэг, ярьдаг, бичдэг. Багш нарын олонхи нь эрэгтэй байдаг байв. Сургуулийн захирал эмэгтэйчүүд өдрийн од шиг байсан. Багш нар өндөр шаардлагатай, тал бүрийн авьяас чадвартай. Алтай бол сайн багш нарын уламжлалтай, өөрийн дэг, школьтай аймаг. Домог шиг сайхан багш нараа дурсан санагалзаж суув.

Миний үеийнхэн маш их уншдаг байсан. Бага сургууль төгсөхдөө Монте Кристо гүн, Улааныхан ба харынхан, Парисын дарь эхийн сүм гээд уншаагүй ном бараг үлдээгүй. Өөр саатаж, сатаарах зүйл байсангүй. 

Гараа чилж, хуруугаа элэгдтэл бичдэг байсан. Дүрдэг үзэг, бийр, бэх будаг, тушээр бичнэ, зурна. Бэхээр бол бичдэг ч байлаа, иддэг ч байлаа. Толгойгоор гараад ирдэгсэн. Бэх нь хүртэл хоргүй байж дээ. 

Миний үеийнхэнд цээжлээгүй шүлэг бараг байхгүй. Миний хэнз хургаас эхлээд Миний нутаг, Би Монгол хүн, Би хаана төрөв өө, Сэгс цагаан богд, Хөх даалимбин тэрлэг, Хүрэн морь... шүлэг байтугай найраглал цээжилж өсөв. 

Багш байтугай нэг, хоёр ах ангийнхнаас эмээж, хүн ахтай, дээл захтай өссөн. Тэглээ гээд муудсан юм нэгээхэн ч үгүй. 
Бид ажил хийж өссөн, хүн болсон. 3-4 дүгээр ангидаа ямаа самнаж, дунд ангидаа хашаа барьж, ууланд мод цагаалж, говьд заг түүж, төмс ногоо хурааж, амсхийх завгүй ажиллаж, эрүүл чийрэг хүмүүс болж, эр бие чангарсан. 

Харин одоо юм бүхэн өөр болжээ. Багш нарын их хурал Монголын эмэгтэйчүүдийн их хурал шиг харагдав. Манай салбарт бүсгүйчүүд л ачааны хүндийг үүрч яваа юм байна. Их хурал дээр хийсэн хийгээд хийх ажлаа ярьдаг байв. Гэтэл одоо нэхдэг л болжээ. Амлалт үүрэг хүртэл авдагсан. Тэр ч мартагдаад удаж байна. Гялтайх юм байхгүй юм шиг л бүгд шүүмжлэгчид болжээ. Эгэл жирийн багшаас эхлээд эрх баригчид хүртэл боловсролын дампуурлын тухай л ярьж байна. Би бол дампуурсан гэж огт боддоггүй. 

ЮМ БҮХЭН ӨӨР БОЛСОН. Энэ үнэн. Гэхдээ сайн тал руугаа маш их өөрчлөлт гарсан. Оюун санааны салбарт хувьсгал хийгдэж байна. 

- Манай хүүхдүүд дэлхийд өрсөлдөж байна. Шинжлэх ухааны суурь мэдлэгийг маш сайн эзэмшиж байгаа хүүхдүүд урд өмнө хэзээ ч ийм олон байгаагүй. Олон улсын олимпиад, оюун сэтгэлгээний тэмцээнд монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүд болсоон. Энд хувийн хэвшлийн сургуулиуд онцгой хувь нэмэр оруулж байгаа. Дэлхийн аль ч орны шилдэг дунд, их, дээд сургуулиудад очоод шууд суралцах түвшний хүүхдүүд бэлтгэж байгаа сургуулиуд олон бий. 

- Хүүхэд насандаа гадаад хэл сурч байгаа үзүүлэлтээр монгол хүүхдүүд маш өндөр амжилтад хүрсэн. Нэг байтугай нилээд хэдэн хэлтэй хүүхдүүд айл бүрт байхгүй ч ах дүү, ураг төрөл дотор бол хангалттай байгаа. 

- Миний үеийнхэн мод, төмрөөр сандал мандалхан, хийдэг байсан бол өнөөдрийн хүүхдүүд робот, хиймэл дагуул хийх түвшинд байна. Саарын хажуугаар сайнаа бас ярьж, бахархах ёстой юм. Нэгэнт л капиталист нийгэмд амьдарч байгаагаас хойш өндөр төлбөртэй хувийн сургуулиуд байхаас яахав. Үр хүүхэддээ зарцуулж буй мөнгө бол эх орныхоо ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт мөн. Эх орондоо дэлхийд гологдохгүй боловсрол, чадавхи эзэмшүүлэхэд зарцуулж буй мөнгөөр ийм түвшний боловсролыг тухайн улс, оронд очиж эзэмшинэ гэвэл өндөр л тусч таарна. Олсон мөнгөө казинод цацдаг нэгэн байхад үр хүүхэддээ зориулж байгаа хүмүүсийг баян тарганаар нь дуудах хэрэггүй л юм. 

Image may contain: 8 people, people smiling, people standing and suit

- Хувийн сургуулиуд 30 хүрэхгүй жилийн түүхтэй. Бүх л үйлдвэр, аж ахуй үүдээ барьж, ганзагын наймаанаас өөр юм нүдэнд харагдахгүй байсан цаг үед хувийн хэвшлийн дээд боловсролын байгууллагууд байгуулагдаж, олон залуучуудад боловсрол, мэргэжил олгож, иргэншүүлж, ажил амьдралтай золгуулсан юм. Энэ салбарыг сонгон хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс бол эх орончид мөн. Эхний 30 жилд зөвхөн материаллаг баазтай болж төвхнөдөг юм байна. Харин одоо зах зээлийн жамаар шалгаруулалт явагдана. Сургууль бүр хувь хүний өмч. Өмчийн эзэд асуудлаа шийднэ. Нэгдэж нийлнэ. Дампуурна. Төр,засаг олон жил хүлээцтэй хандаж дэмжсэн. Иргэд мөнгөө өгч, хүүхдээ сургаж дэмжсэн. Одоо их, дээд сургуулиудад тавигддаг олон улсын нийтлэг жишигт нийцсэн шалгуур, ангилал тогтоож, нэгдэж нийлэн үндэсний хэмжээний олон нийтийн өмч бүхий, ашгийн төлөө их сургуулиуд байгуулагдах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Их хурал маань эхлэлийг нь тавив. Ерөнхийлөгч ерөнхийд нь бодлогыг нь тодорхойлов. Одоо яаж хийх нь Яамнаас, сайдаас шалтгаална. Энэ процесс 10-20 жилд хөгжлийн хоёр дахь үе шат болон үргэлжилнэ. Сайн, муу нийлж сав дүүрдэг хорвоо хойно дундач, хэрэглээний мэргэжлийн сургуулиуд байж л таарна. Америкт ч байгаа, Азийн Сингад ч байгаа. Хэрэглэгчид, зах зээл шийднэ. 

Яам маань боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн салбарыг нэгэтгэсэн хүчирхэг яам гэдгээ харуулж чадлаа. Чинзориг сайдын яам ч сайхан хамтарч ажиллалаа. Ерөнхий сайдын аппарат, ЗГХЭГ-ын салбар хариуцсан хүмүүс ч цаг наргүй ажиллаж харагдлаа. 

Image may contain: 9 people

Сайд маань ухаантай илтгэл тавив. Илтгэлээ бэлтгэхийн тулд өмнөх 6 их хурлын илтгэл,материалыг хуучин, шинэ үсгээр уншиж, судалж,маш нухацтай хандав. Судалгаа, шинжлэх ухаанд тулгуурлах хүн юм байна. Дэд сайд маань сайхан хөтөллөө. Төрийн нарийн бичгийн даргын удирдсан яамны аппарат зангидсан гар шиг ажиллалаа. Уг нь ийм л байдагсан. Одоо л юм юм голидролдоо орж байна даа. Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажил хурлаа дуусаагүй байхад эхэлж, Засгийн газар эхний шийдвэрүүдээ гаргажээ. Сайн их хурал боллоо. Индэр дээр гараагүй ч энгэрийн нь тэмдгийг зүүсэн хүний хувьд сэтгэгдлээ бичив. Болгоогтун.

Вандангийн Алзахгүй

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (103.26.194.175) 2019-04-18 18:20
      • 0
      • 0

      Баярлалаа танд. Хурал яг ийм сайхан болсон. Баатарбилэг сайд сайхан илтгэл тавьсан, түүнд найдаж байна.

      Хариулах