“КАТАР-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолт Монголын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ

Twitter Print
2019 оны 04-р сар 13-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

“ОХУ-2018” хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөөд жил ч болоогүй байхад 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд Катарт болох ДАШТ-ий урьдчилсан тоглолт эхлэх нь ээ.

“Катар-2022” дэлхийн аваргад оролцох 32 багаас одоогоор талбайн эзэн Катарын баг тодорхой бөгөөд харин үлдсэн 31 эрхийн төлөө ФИФА-ийн гишүүн 211 орны шигшээ баг 2019 оны зургадугаар сараас 2022 оны гуравдугаар сар хүртэл урьдчилсан тоглолтод хүч үзэх юм. Тив тивийн урьдчилсан тоглолтын явагдах хугацаа, формат өөр өөр. Хамгийн эхэнд буюу ирэх зургадугаар сарын 6-нд болон 11-нд Азийн бүсийн нэгдүгээр шатны тоглолтууд явагдах юм.

Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 46 орны чансаагаараа эхний 34 нь хоёрдугаар шатанд шууд орох бол 35-46 бичигдсэн 12 орны баг нэгдүгээр шатанд сугалаагаар хоорондоо хоёр тоглолт хийж , нийлбэр дүнгээр ялсан зургаан баг нь хоёрдугаар шатанд тоглох эрхээ авна.

ФИФА-гийн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гаргасан чансаагаар Азийн бүст 35-46 байрт Малайз, Камбож, Макао, Лаос, Бутан, Монгол, Бангладеш, Гуам, Бруней, Зүүн Тимор, Пакистан, Шри Ланк бичигдэж байгаа бөгөөд энэ 12 орны хөлбөмбөгчид нэгдүгээр шатанд өрсөлдөх нь.

Оноолт дөрөвдүгээр сары 17-нд Малайзын Куала Лумпурт байрлах Азийн хөлбөмбөгийн холбооны байранд явагдана. Манай Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “Талын хөх чононууд” маань “Пот-1”-д орсон болохоор Бангладеш, Гуам, Бруней, Зүүн Тимор, Пакистан, Шри Ланкийн шигшээ багуудын аль нэгтэй нь учраа таарна гэсэн үг. Чансаагаар өндөр баг нь эхний тоглолтоо өөрийн талбайд хийх журамтай учир 2019 оны зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотод “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан тоглолт Монголын шигшээ багийн тоглолтоор, Монголд эхэлнэ гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд амжилт, тоглолтын агуулга аль алинаар нь сайжирч байгаа Монголын шигшээ багийн маань хувьд нэгдүгээр шатны энэ хоёр тоглолт маш чухал ач холбогдолтой. Хэрэв эхний учраагаа ялж, хоёрдугаар шатанд шалгарвал Монголын хөлбөмбөгийн хөгжилд, хөлбөмбөг сонирхогчдын хувьд том гавьяа болох билээ.

Учир нь хоёрдугаар шатанд чансаагаар эхний 34 -т бичигдсэн багууд дээр нэгдүгээр шатнаас шалгарсан 6 баг, нийт 40 баг найман хэсэгт тав таван багтай хуваагдаж, тойргийн журмаар (өөрийн болон айлын талбайд) тоглох юм. Ямар ч байсан найман тоглолт хийх бөгөөд Ази тивдээ төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлддөг Иран, Япон, БНСУ, Австрали, Саудын Араб гэх мэт багуудын аль нэгтэй нэг хэсэгт орж, хөлбөмбөгчид маань тэдэнтэй “хөл зөрүүлж” үзэж, хөгжөөн дэмжигчид маань цэнгэлдэхдээ “амьдаар нь харах” боломжтой болох хэрэг. Шигшээ баг маань тоглох өдөр айсуй! Тэсэн ядан хүлээнэм!

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.