Ахгуль долоо, Садуев дөрөв дэх удаагаа түрүүлэв

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 14:14 цагт
Мэдээний зураг,

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн ЕАШТ Румыний нийслэл Бухарестийн “Polyvalent Hall” спортын ордонд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл дөрөвдүгээр сарын 8-10-нд боллоо.

Эрчүүдийн 70 дахь удаагийн тэмцээнд 34 орны 173 тамирчин 10 жинд өрсөлдөв. “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Туркийн хүнд жингийн шилдэг бөх Таха Ахгуль “Буурал тив”-д долоо дахиа (Европын наадмыг оруулаад) түрүүлэв. Ингэснээр турк эр ОХУ-ын домогт бөх Бувайсар Сайтиев, нэрт бөх Давид Мусульбесийн ЕАШТ-д зургаан удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэж үнэмлэхүй амжилт тогтоолоо.

97 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев тивдээ дөрөв дэх (Европын наадмыг оруулсан) удаагаа түрүүлж дархан аварга болов. Түүнчлэн 65 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Азербайжаны Гажи Алиев, 74 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, 79 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Жабраил Хасанов нар гурав дахь удаагаа аваргалсан.

Харин олимп, дэлхийн аварга Азербайжаны Шариф Шарифов, ОХУ-ын Владислав Валиев, Туркийн Мустафа Кайя, Сулейман Атли, Армений Арсен Арутюнян нар анх удаа тивдээ түрүүлсэн юм. Харин олимп, дэлхийн зургаан медальтантай Бухарестэд очсон Гүржийн эрэгтэй бөхчүүдээс нэг нь ч түрүүлж чадаагүй.

Олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили, ДАШТ-ий алт, хүрэл медальт Зураб Якобашвили, ДАШТ-ий хүрэл медальт Сандро Аминашвили нар эрт ялагдан хоосон нутаг буцжээ. Хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай хүртсэн ОХУ-ын шигшээ баг 162 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, Турк 156 (3+1+2), Азербайжан 145 (3+1+2) оноогоор удаалав.

А.Алтанчимэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.