Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх үр хөндөлтыг хориглосон явдлыг хууль бус гэж үзлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх үр хөндөлтыг хориглосон явдлыг хууль бус гэж үзсэн талаар Ройтерс агентлаг мэдээлж байна. Түүнчлэн үр хөндөлтийн мэс ажилбарыг хийсэн эмч нарт шийтгэл оноогдуулах явдлыг ч мөн хууль бус гэж үзжээ. Өмнө нь 2012 онд Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх энэхүү асуудлыг хэлэлцэж байсан ч шүүгч нарын санал тэнцүү хуваагдан, тодорхой шийдвэрт хүрч чадаагүй аж.

Тэгвэл энэ удаа үр хөндөлтийг хориглох тухай хуулийг цуцлах саналыг 9 шүүгчийн 7 нь дэмжжээ. Ингэснээр 2020 оны эцсээс өмнө Өмнөд Солонгосын парламент хуульд өөрчлөлт оруулах ёстой аж. Харин жирэмсний 20 долоо хоногтойгоос хойш үр хөндөлт хийлгэх нь хуулиар хориотой хэвээр байх гэнэ.

Өмнөд Солонгос улсад үр хөндөлтийн эсрэг хууль хэрэгжээд 66 жил өнгөрч байгаа ба тус хуулийн төслийн хэрэгжилт 1953 онд буюу Солонгосын дайны дараа эхэлжээ. Хуулиар үр хөндүүлэх мэс ажилбарт орсон эмэгтэй 1 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлдэг байсан ба 2 сая орчим воны торгууль төлдөг байжээ.

Харин мэс ажилбарыг гүйцэтгэсэн эмчид 2 жил хүртэлх хорих ялаар шийтгэж, эмчлэх эрхийг нь 7 жилээр хасдаг байсан аж. Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн институтээс явуулсан судалгаанд оролцсон 15-44 насны эмэгтэйчүүдийн ¾ нь тус хуулийг шударга бус хэмээн тодорхойлсон бол тэдгээр эмэгтэйчүүдийн 20 орчим хувь нь үр хөндөлт нь хуулиар хориотой гэдгийг үл харгалзан үр хөндөлт хийлгэж байсан гэж ярьжээ. 

Pro-life activists shout slogans in front of the court in Seoul.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар 2011 онд 168 мянган эмэгтэй үр хөндөлт хийлгэсэн бол өнгөрсөн жил энэ тоо 50 мянга болтлоо буурсан аж. Нөгөө талаас үр хөндөлт нь хуулиар хориотой учир үр хөндүүлсэн эмэгтэйчүүд болон тус мэс ажилбарыг хийсэн эмч нар энэ талаар үнэн бодитой тоо өгдөггүй учраас бодит байдалдаа энэ тоо Эрүүл мэндийн яамнаас гаргасан тооноос даруй 10 дахин их гарна гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: theguardian.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.