Н.Жигжиддорж: Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан нарын шинэлэг бүтээлүүдийг тоглох гэж байна

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Морин хуурын чуулгын уран бүтээлчид төрсөн өдрийн, “Novel melody” тоглолтоо үзэгч олондоо хүргэхээр бэлтгэж байна. Шинэ бүтээлийн хэмээн тодотгодог уг тоглолтоороо энэ удаа ямар бүтээл сонсгох гэж байгаа талаар болон яагаад сонгосон тухай нь удирдаач Н.Жигжиддоржоос тодрууллаа.

Novel melody хэмээх нэрээр шинэ уран бүтээлийн тоглолт зохион байгуулж эхлээд хэдэн жил болж байна?

-Анхны санаа бол дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр барууны хөгжим тоглох байсан юм. Энэ дагуу оролдлого хийсэн, анхны тоглолт 2011 онд Дуурийн театрт болсон юм. Аятайхан ч болсон. Хоёр жил завсарласны дараа 2014 онд дахин хийхдээ морин хуурын дөрвөл, ятгын тавал, төгөлдөр хууртай хоршил, дөрвөл, тавал, үлээвэр хөгжмийн хэсэг гэх зэргээр цөөхүүл сонсгох байдлаар зохион байгуулсан. Сонирхолтой болсон. 2015, 2016 онд чуулгаараа шинэ бүтээлүүд тоглосон. 2015 онд итали удирдаач Роберто бүтээлүүд дээр ажилласан. Хөтөлбөрт өвөрмөц зохиолууд сонгосон байсан. Тэгэхэд би байгаагүй юм. Латин Америкийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд хэд хэд байсан. Астор Пьяццоллагийн оркестрт зориулсан бүтээлүүдийг маэстро Роберто өөрөө Морин хуурын чуулгад зориулан найруулж, удирдан тоглуулсан нь шинэлэг болсон. 2016 онд болохоор Японы болон Францын орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс гэсэн хоёр хэсгээс бүрдсэн тоглолт хийсэн. Тэгэхээр шинэ бүтээлийн “Novel melody” тоглолтыг чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ  үзэгчдэдээ хүргэдэг болсон гэсэн үг. Мөн дөрөвдүгээр сарын 16-нд тоглодог уламжлал тогтоосон. Энэ бол манай чуулга тэртээ 1992 онд анхны тоглолтоо Дуурийн театрт хийсэн өдөр, чуулгын маань төрсөн өдөр юм.

Баярын тоглолт байх нь ээ?

-Тийм ээ, 27 жилийн ойн баярын концерт юм. Төрсөн өдрөөрөө уран бүтээлээ цэнэглэж, шинэ зохиолууд тоглож баярлаж байя гэж шийдсэн нь энэ.

Энэ удаагийн тоглолтоор хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсөшгүй” танго балетын хөгжим, Д.Түвшинсайханы ”Учиртай дөрвөн толгой” сюитийг тоглохоор сонгожээ. Яагаад энэ хоёр уран бүтээлчийн хөгжмийг онцлов?

-Түрүү жилийн “Novel melody” тоглолтоор хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн танго балетын хөгжмийн нэгдүгээр хэсгийг тоглосон юм. Харин одоо бүрнээр нь сонсгох гэж байна. Морин хуурын чуулгад гэж зориуд хөрвүүлж бэлтгэж өгсөн бүтээлийг сонсогчдод хүргэх нь бидний ажил юм даа. 

Энэ бүтээлийг шинэ хөгжим гэж үзжээ?

-Шинэ, шинэлэг хөгжим. Монголын хөгжмийн зохиолчдоос анхлан танго стилиэр бичсэн. Өмнө нь хэн нэгэн бичсэн гэж сонсоогүй. Монгол хөгжмийн зохиолч латин америкчуудын өнгө аясаар, залуусын хайр дурлалын сэдэвт балетын бүтээлд хөгжим бичсэн нь сонирхолтой байдаг. Симфони оркестр тоглохыг үзэгчид сонссон байх. Морин хуурын чуулга бүрнээр нь хэрхэн тоглохтой одоо танилцах гэж байна. Хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг өмнө нь тоглож байсан л даа. Тийм болохоор энэ бүтээлийг хийхдээ танго стилийн хөгжмийг маш сайн судалж байж, өөрийн өнгө аястай хоршуулж, өөр, зөвхөн түүнийх гэхээр уур амьсгал гаргаж ирсэн санагдсан.  

Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы “Учиртай дөрвөн толгой” сюитийг өмнө нь тоглож байсан. Дундуур нь дуурийн дуучид дуулдаг санагдана.

-Сайхан бүтээл. Ойрд тоглоогүй болохоор дахин нэг тоглоё гэж байгаа юм. Энэ бүтээлийг Морин хуурын чуулгын 15 жилийн ойд зориулж туурвисан. Тэр үед ойд зориулсан тусгай тоглолт байсан учраас дуурийн дуучдыг урьж дуулуулж байлаа. Хөгжмийн зохиолч анхнаасаа дан хөгжмийн хэлбэрээр бүтээсэн, одоо тэр, анхдагч хувилбараар нь сонсгоно.  

“Учиртай гурван толгой” гэхээр Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн бүтээл, Монголын анхны дуурийн хөгжим гэж ойлгоод байгаа юм. “Дөрвөн толгой” гэхээр дөрөв дэх нь ямар толгой вэ?

-Хөгжмийн зохиолч үүнд хариу өгөх байх. Мөн сонссон хүмүүс юу гэх нь сонирхолтой байх болов уу. Дуурийн гол хөгжмүүдийг сонгож найруулсан, задаргаа, нарийн ажиллагаа ихтэй бүтээл.   

Дөрөв дэх толгойн талаар удирдан тоглуулж байгаа танд нэг бодол бий дээ.

-Бий бий. Гэхдээ нэг ч гэсэн нууцлаг юм үлдээе л дээ (инээв).

Шинэ бүтээлийн тоглолтод нь амжилт хүсье. Таны хувийн уран бүтээлийн сонин сайхнаас далимд нь сонсоё.

-Ойрын үед нэг томоохон ажил хүлээж байна. Японд амьдардаг, морин хуур хөгжмөө түгээн дэлгэрүүлэх чиглэлд маш идэвхтэй ажилладаг А.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан  морин хуурын олон улсын “Асар” чуулгын  Токио болон бусад дөрвөн хотод болох тоглолтын удирдаачаар ажиллахаар тавдугаар сарын 15-нд явна. Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, ХБНГУ зэрэг улс орнуудаас морин хуурчид нэгддэг, уран сангаар баялаг гоё чуулга болсон. “Асар” чуулга тав дахь жилдээ аялан тоглолт хийх гэж байна. Анхны удирдаачаар нь Ц.Батчулуун багш ажиллаж байлаа. Дараа нь  Д.Түвшинсайхан ах удирдсан. Сүүлийн хоёр тоглолтыг Японы маэстро Инивуэй удирдсан.  Японд нэрд гарсан удирдаач.

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.