Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаянгийн 30, 30 км төмөр замыг нийт таван цэргийн рот барихаар төлөвлөсөн байгаа

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.. Эдгээрээс онцлох нэг шийдвэр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг Үндэсний бүтээн байгуулалт болгон хөгжүүлэх тогтоол гаргасан нь юм.

Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодруулвал “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын  ажлыг дотоодын нөөц буюу цэргийн ангиудаар бариулна. Тэр ажилд бүр тодруулвал 1800 орчим цэргийн алба хаагч, 451 техник шийдэгдсэний дараа буюу тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэсэн юм. Ингээд түүний яриаг сонирхуулж байна.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн шинэ төмөр замын ажлыг Үндэсний томоохон бүтээн байгуулалт болгох, тэр ажлыг дотоодын цэргийн ангиудын хүн хүчээр хийлгэх шийдвэр гаргажээ. Тэр хуралдаанд суусан сайдын хувьд та жаахан дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?

-За тийм ээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаснаар нэг км замд 1.2 сая долларын хөрөнгө зарцуулах тооцоо гарсан.. Урьдчилсан ТЭЗҮ-гээр төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулна гэж тооцож байгаа. Техник хэрэгслийг түрээслэх буюу худалдан авах бол бүтээн байгуулалтын ажилд ажиллах цэргийн албан хаагчдын дундаж цалинг 2 сая төгрөг байхаар шийдвэр нь гарлаа.   

Ер нь бол саяын Засгийн газрын ээлжит хуралдаанаас тавдугаар сарын 1-нээс “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 247 км, “Тавантолгойн-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын ажлыг Монгол Улс дотоодын нөөц боломжоо ашиглан барих талаар тогтоол гаргасан..  

-Мөн түүнчлэн өнгөрсөн жил нэлээн сайн ашигтай ажилласан “Эрдэнэс-Тавантолгой” компани тэрхүү төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлыг голчлон санхүүжүүлэх шийдвэр гарчээ дээ?

-Тийм шүү. Тэгж ойлгож болно. Бүр тодруулвал өмнөд хөрш рүү ихээхэн хэмжээний нүүрс экспортлож байгаа “Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа юм. Тэгээд тэр ашгийнхаа 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдан авах зарчмаар хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан нь хэрэгжээд явна. Энэ дагуу “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг Үндэсний бүтээн байгуулалт болгон хэрэгжүүлэхээр болж байгаа. Үндэсний бүтээн байгуулалт болгох зорилгын гол утга санаа нь бонд гаргагч нь Монголын төмөр зам, бондыг худалдан авагч нь “Эрдэнэс-Тавантолгой” компани байх юм л даа. Харин хэрэгжүүлэгч байгууллага нь Монголын зэвсэгт хүчний Жанжин штаб байхаар тогтсон. Нэг ёсондоо цэргийн хүч, дотоодынхоо нөөцөөр энэ чиглэлийн төмөр замыг барих болно.

-Тэгвэл тэрхүү томоохон бүтээн байгуулалтад нэлээн олон тооны цэргийн албан хаагч болон, техник хэрэгслүүд шаардлагатай болох нь ойлгомжтой. Тэр талын тоо баримтыг арйа жаахан дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?

-Ер нь бол энэ томоохон Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажилд  1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж техник хэрэгсэл шаардлагатай гэсэн тооцоолол хийсэн л дээ. Тэгээд ч тодорхой  санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр ирэх тавдугаар сарын эхээр ажил эхлэхээр болж байгаа. Товчхондоо бол тэрхүү бүтээн байгуулалтад оролцох цэргийн ангиуд болон хүн хүчний хуваарилалт зэрэг нь ерөнхийдөө эхнээсээ тодорхойлогдож байгаа болов уу.

-Гэхдээ яг одоогоор тэр ажилд аль цэргийн ангиуд оролцох, хүн хүчээ хэрхэн бэлдэж, хуваарилж байгаа нь өнөөдөртөө арай л тодорхой болоогүй байгаа юмаа даа?

-Тэр асуудал нь өнөө маргаашгүй тодорхой болж, тодорхой цэргийн ангиуд зохион байгуулалтад орчих байх. Нийт таван рот 30, 30 км төмөр зам барихаар төлөвлөсөн байгаа. Энэ чиглэлийн төмөр замын суурь бүтцийн зардал нь 780 гаруй тэрбум төгрөг гэж ч тооцсон. Дотоодын нөөцийг ашиглаж цэргүүд барих учраас төгрөгөөр зардлаа тооцсон л доо. Төмөр зам барьж байгаа цэргүүдийн дансанд цалин нь ороод явчихна. Дундаж цалинг хоёр сая төгрөг гэж тооцож байгааг түрүүн би дурдсан.  Техник хэрэгслээ түрээсээр юмуу эсвэл худалдаж аваад ашиглах учиртай. Цаашдаа Монгол Улсад инженерийн цэргийн байгууламж бий болно гэж харж байгаа юм. Үнэ мөнгөний тухайд бол нэг км төмөр зам нь 1.2 сая ам.доллараар босох бөгөөд энэ нь өмнөх  саналуудын өртгөөс гурав дахин бага болж байгаа юм.

-Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн шинэ төмөр зам нь зөвхөн өмнөд хөрштэй харилцах ч бус бас хойд хөршдөө ч уул уурхайн бүтээгдэхүүн  экспортлоход ашиглагдах юм байна гэж ойлгож болно биз?  

-Өөрөө яг л зөв ойлгосон юм байна. Тийм ээ тийм. Энэ чиглэлд төмөр зам тавьснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хоёр дахь гарцыг нээнэ гэж харж байгаа юм. Тухайлбал хойд хөрш ОХУ-тай бид төмөр замын хөнгөлөлттэй тарифаар зорчих болно. Тиймээс өөрийнхөө төмөр замаар ОХУ-ын нутаг дэвсгээр дамжуулан далайд гарах боломж байгааг олж харж байгаа юм.

Ийм ч учраас "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын ажлыг идэвхжүүлэхээр болсныг дурдах ёстой байх. “Тавантолгой-Гашуунсухай” чиглэлийн төмөр замын захиалагчаар "Тавантолгой төмөр зам" компани ажиллаж, гүйцэтгэгчийг удахгүй тодруулах болно. Урьдчилсан ТЭЗҮ-ээр “Тавантолгойн-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цэгийн асуудлыг шийдэж, 703, 704 дүгээр баганын хооронд хийвэл 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж тооцсон л доо. Хэрвээ Хятадын талтай цэгээ тохирч, 699 дүгээр баганаар явбал 2020 оны эхний улиралд ашиглалтад орох болно. Уг чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар гэж гарсныг хэлсэн байхаа. Энэ зардал дээр бид тодотгол хийж суурь бүтцийн 56.6 хувь баригдсан байгаа учраас 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгж байгууллага, банк санхүүгийн байгууллагын оролцоог хангах, эсвэл гаднын эх үүсвэрийг оролцуулж энэ ажлыг яаралтай эхлүүлнэ.

-Одоогоор Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замд явж байгаа хүнд даацын буюу том оврын автомашины жолооч нарын тухайд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал удаа дараа гарч байгаа. Тийм болохоор тэр замыг яаралтай шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлагатайгэдэг нь тодорхой болсон. Тэр талаар Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гаргасан бол?

-Наад асуудал чинь бол үнэхээр сэтгэл зовоосон, яаралтай шийдвэл зохилтой болчихоод байгаа ноцтой асуудал мөн л дөө. Ингэхээр “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажил энэ жил эхэлнэ. Тэр ажилд манай яамны зүгээс дорвитой хяналт тавьж, ажлыг нь ч яаравчлуулах шаардлагыг тавьж ажиллах болно.

Дашрамд дурдахад, шинэ төмөр замын болон авто замыг сайжруулах эдгээр бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнээр Тавантолгойн  уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс өмнөд хөршид экспортолно гэж тооцож байгаа юм.

-Дархан-Улаанбаатарын замын ажил эхэлсэн байх. Харин санхүүжилт нь сайн шийдэгдэж чадсан уу?

-За тэр асуудал үндсэндээ шийдэгдсэн шүү. Тухайлбал Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурсан байгаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олгож байгаа л даа. Энэ сахүүжилтээс эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой зам юм. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын 1 дүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байгааг хэлэх ёстой. 1996 оноос хойш их засвар хийгдээгүй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага зайлшгүй байгаа юм.

Энд нэг зүйлийг онцлоход Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 102 төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулсан байна лээ.

-Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлаас гадна орон нутагт ч шийдвэрлээгүй замын асуудал олон байгаа. Энэ тал дээр ямар шийдвэр гарсан бэ?

-За тийм л дээ. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Байдрагаас Говь-Алтай аймгийн чиглэлийн 128.6 километр замын ажлыг дуусгах чиглэл гарч, хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн гэдгийг Үндэсний хөгжлийн газраас мэдээлсэн байгаа. Тэгэхээр энэ замын ажлыг хэвийн явуулж хугааанд нь дуусгах юм байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна Тавантолгой-Гашуун сухайтын хүнд даацын автозамын ажлын концесс хийгдсэн, зураг нь хийгдэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн зам дөрвөн эгнээ болно гэсэн үг.

-Өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээврийн сайд байх үеэс л дуулиан шуугиан болж байсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 247 километр төмөр замын далан шорооны ажилд чамгүй мөнгө зарсан шүү дээ. Энэ асуудал яаж шийдэгдэж байгаа юм бол?

-Засгийн газрын өмнөх хуралдаанаар Уул уурхайн сайд, Зам тээврийн сайд нарт чиг үүрэг өгөхдөө Гашуун сухайтын чиглэлийн 247 километр замыг тавдугаар сард эхлүүлэх чиг үүрэг өгч тодорхой шийдвэр гарсан л даа. Энэ зам ашиглалтад орсноор Тавантолгой орд газрыг бүрэн ашиглах боломж нээгдэх юм.

Өнөөдөр километр тутамд 32 ам.доллараар нүүрс тээвэрлэж байгаа бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаснаар нэг километрт найман ам.доллар болж буурах юм. Тэгэхээр жилдээ төмөр замаар 30 сая тонн, машинаар 30 сая тонн нүүрсний экспорт хийхээр жилдээ 60 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно гэсэн зг л дээ. За тэр Ерөнхийлөгчийг Зам тээврийн сайд байх үеэс шуугисан асуудал ер нь бол учраа олох байдалтай л явж байгааг хаа хаанаа ойлгочих хэрэгтэй юм.

Ер нь бол бидний зүгээс Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар гэсэн байгааг дахин тодотгож байгаа. Энэ замын суурь бүтцийн 56.6 хувь нь хийгдсэн учраас цаашид дотоод гадаадын банк санхүүгийн байгууллага, хувь хүн гээд бусад байгууллагтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа болно.

-За танд баярлалаа. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажилд амжилт хүсье?

-За ойлголоо. Дотоодын цэргийн хүч гэдэг бол томоохон суурь бааз учир бүх зүйл амжилттай өрнөх нь ч тодорхой болов уу.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.