УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ байтугай ажилгүйчүүдийн мөнгийг "булаасан" байвал яах уу!

Twitter Print
2019 оны 04-р сар 10-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Хувьдаа 128 тэрбумын хөрөнгөтэй, арилжааны банктай, "Бишрэлт", "wellmart" сүлжээ дэлгүүрийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮДС-аас зээл авсан нь илрээд буй. Монголын толгой баячуудын нэгт тооцогддог тэрээр ЖДҮ-ийн зээлээс гадна ажилгүй иргэдийг ажлын байртай болоход төрөөс дэмжих зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ”-ийн жижиг зээлийн эх үүсвэр 7,6 тэрбум төгрөгийн талыг хувийн “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан байна.

2015 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7,6 тэрбум төгрөгийг Б.Ундармаагийн “Капитал” банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэх гэрээ байгуулжээ. Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжих зориулалттай учраас жилийн 7 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгодог жижиг зээл юм. Гэрээний хугацаа 2017 оны 09 сард дуусч, 2018 оны 03 сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг буцааж өгөхгүй “луу унжсаар” өнөөдрийг хүрчээ.

Аудитын шалгалт оруулахад уг 7,6 тэрбум төгрөгийн ердөө 50 хувийг нь л зориулалтын дагуу зарцуулсан. Үлдсэн 50 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл: 3,5 тэрбум төгрөгийг арилжааны зориулалтаар "эргэлдүүлсэн" гэсэн үг. Жилийн 7 хувийн хүүтэй мөнгийг жилийн дор хаяж 20 хувийн хүүтэй зээлсэн гэж үзвэл "Капитал" банк ажилгүй иргэдэд зориулсан зээлээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1,8 тэрбум төгрөгийн ашиг олсон байх магадлалтай. 

Тооцоод үзье!

3.5 тэрбум*7 хувь= жилд хүүгийн төлбөрт 245 сая / Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл /
3,5 тэрбум*20 хувь= жилд хүүгийн төлбөрт 700 сая /Арилжааны зээл /
Хүүгийн зөрүү 455 сая төгрөг /1 жилийн /
455 сая*4 жил= 1.8 Тэрбум төгрөг /4 жилийн хугацаанд /

Уг зээлийн гэрээ дууссан мөн аудитын дүгнэлтээр тал нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй нь тогтоогдсон учраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн 7,6 тэрбум төгрөгийг “Капитал ” банкнаас гаргуулж,сонгон шалгаруулалтаар дараагийн банкинд өгөх шийдвэр хэрэгжилгүй өнөөдрийг хүрчээ.

Одоогийн сайд С.Чинзориг сайд болсон даруйдаа аудитын дүгнэлтийн дагуу “ХЭДС”-ийн мөнгийг “Капитал” банкнаас авах тухай ярьдаг байснаа сүүлийн үед уг гэрээг сунгах тухай ярих болсон байна. Сайдын үзэл бодлыг юу өөрчилснийг би таашгүй. УИХ-ын шүүн Б.Ундармаад хууль журам үйлчилдэггүй.

ЖДҮ-ээс зээл аваад зогсохгүй хувийн банкаараа ажил орлогогүй ядуусын амжиргааны эх үүсвэрийг “дээрэмдсээр” сууна. Тэрээр мөн "Капитал" банкаараа дамжуулж, нийгмийн даатгалын олон тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан дуулианд ч холбогдож байсныг олон нийт мартаагүй байна."Мөнгөний төлөө нүдээ ухах" гэж үг бий шүү! 

Б. Ундармаа гишүүн ээ! Танд ёс зүй гэж байна уу!

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.10) 2019-04-11 10:15
      • 0
      • 0

      Учир нь олдох байлгүй дээ, арай ч тийм санаатай луйвар биш байхоо

      Хариулах