Улаанбаатар-Дарханы авто замыг санхүүжүүлэх 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг баталлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар өчигдөр гарын үсэг зурлаа.

 

Ингэснээр Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олгож байгаа юм. Эхний ээлжид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын 1 дүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байна. 1996 оноос хойш их засвар хийгдээгүй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгаа юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 102 төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулжээ.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Замбага

      (182.160.2.13) 2019-04-11 02:03
      • 0
      • 0

      Монгол улс мандан бадраг Монголчуудаа нэгнийхээ хийх гэж буй зүйлд тус болдоггуй юм аа гэхэд гай болхгуйхан шиг дэмжээд ѳгѳѳрэй Амжилт.

      Хариулах