Хахууль өгч хүүхдээ коллежид оруулсан Фелисити Хаффман, Лори Локлин зэрэг 50 алдартан баривчлагджээ

Twitter Print
2019 оны 04-р сар 11-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Прокурорын газраас тэднийг хорих ялаар шийтгэх хүсэлт гаргаад буй юм

АНУ-д тус улсын нэр хүндтэй их сургууль, коллежид хүүхдээ элсүүлэхийн тулд сургуулийн удирдлага, дасгалжуулагч багш нарт их хэмжээний авлига, хээл хахууль өгсөн хэргээр 50 хүнийг баривчилжээ.

Эдгээр 50 хүний дотор “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” телевизийн олон ангит киноны гол дүрээр танигдсан жүжигчин Фелисити Хаффман, жүжигчин Лори Локлин зэрэг олны танил, хөрөнгө чинээлэг 33 гэр бүл багтсан байна.

Бостон хотын прокурорын газраас хэрэгт холбогдож, буруугаа хүлээсэн 13 хүнд хорих ял ноогдуулах хүсэлт гаргасан байна.

Гэм буруугаа хүлээсэн 56 настай жүжигчин Фелисити Хаффман том охиноо Америкийн томоохон их сургуульд элсүүлэхийн тулд сайн дурын хандивын байгууллага нэрээр үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдэд 15 мянган ам. доллар төлсөн байна. Ингэснээр тус байгууллага охиных нь элсэлтийн шалгалтын дүнг засч, хүссэн их сургуульд нь оруулсан аж. Тэрээр бага охиноо мөн адил арга замаар их сургуульд элсүүлэх талаар ярилцаж байсан нь тогтоогджээ.

Холбооны мөрдөх товчооноос илрүүлсэн дээрх томоохон сүлжээ гэмт хэрэгт шалгагдаж, гэм буруугаа хүлээсэн иргэдэд шүүхээс 20 хүртэлх жил хорих ял оноох боломжтой аж. Гэсэн хэдий ч прокурорын газраас гэм буруугаа хүлээж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласан учраас тэдгээр иргэдийг 6-21 сар хорих ялаар шийтгэх нь хангалттай гэж үзжээ.

Хэрэгт холбогдсон жүжигчин Лори Локлин нөхөр Моссимо Жаннуллигийн хамтаар гэм буруугаа хүлээхээс татгалзжээ. “Full House” телевизийн олон ангит киногоороо алдаршсан жүжигчин Лори Локлинг нөхрийнх нь хамтаар хоёр охиноо Өмнөд Калифорнийн их сургуульд оруулахын тулд 500 мянган ам. долларын хахууль өгсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Америкийн томоохон их сургуулиуд авъяаслаг, амжилттай яваа тамирчдыг сургуульдаа элсэлтийн шалгалтгүй элсүүлдэг учраас тэд охидоо тус сургуульд сэлүүрийн спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож байсан нэрээр элсүүлсэн байжээ.

Америкийн Их сургууль, коллежийн элсэлттэй холбоотой авлигын хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаад нэг жил гаруй болж байгаа ба тус авлигын сүлжээнд Иел, Жоржтаун, Стэнфордийн их сургууль, Өмнөд Калифорни болон Калифорнийн их сургууль зэрэг АНУ-ын шилдэг их дээд сургуулиуд холбогдсон байжээ.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com/2019/04/09

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.