Хавдар гэдэг онош бол айх зүйл биш. Юу ч байсан туулаад, дайраад, дийлээд гарна гэж бодож байх хэрэгтэй...

Twitter Print
2019 оны 04-р сар 10-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

"Хавдар болчихсон юм шиг байна" гээд түгшүүртэй царайтай хүн ороод ирдэг. Ихэвчлэн танидагууд. Танихгүй түгшүүртэй царайтай орж ирсэн бол "Архангайн Лувсандорж эмч танай аав..." гээд ороод ирнэ. Эсвэл өмнө нь ямар нэгэн найз, таньдаг хүнээр хэлүүлсэн улс ирнэ. Ярьсан хүнийг нь ч, орж ирсэн хүнийг ч танихгүй байх явдал бас гарна. Өдөр болгон л нэг иймэрхүү. Ихэвчлэн "Зөндөө олон газраар явсан, үзүүлсэн нэмэр алга байна" гэж яриа эхлэнэ. Эсвэл хардаад шууд ороод ирэх ч явдал бий. "Зүгээр ээ, сандрах шалтгаан алга байна" гэсээр байтал яааран гадаад явж ирээд "Зүгээр байна өө" гэх ч тохиолдоно.

Юуны өмнө тайван байхыг хичээ. Байрандаа багтаж ядсан хавдрын эмнэлэгт тань шиг батлагдаагүй байхад айж сандарсан, түгшүүр тээсэн улс олон байгаа. Олон хүний дараалал хараад ч бухимдах хэрэггүй, тайван байгаарай. 

Хавдар мөн ч бай, биш ч бай онош тогтоогдоно, асуудал шийдэгдэнэ. Ингэж орж ирсэн тохиолдлын ихэнх нь хавдар биш, хавдарт хамаагүй өөр ямар нэгэн шалтгаантай байх олонтаа. Яагаачгүй түгшүүртэй царай гаргаж, байхгүй юмыг төсөөлөн бодож өөрийгөө хямраах хэрэггүй юм. Хямарч явахад зохистой харьцсангүй гэж тэнд бас хэн нэгийг хямраах хэрэггүй. Үзлэг шинжилгээ, онош, шийдвэр гартал тодорхой хугацаа угаас өнгөрнө. Ихэвчлэн зүгээр гэж гарах юмны төлөө хэдэн өдөр түгшүүртэй амьдрах хэрэг юун.

Эмч дээр очсон бол сайн асууж ярилц, ойлгоогүй бол дахиж асуу. Эмч танд хэрэгтэй хүрээнд мэдээлэл өгнө. Эмч нарын зөвлөлгөөнөөр ороогүй бол, мөн та нэмэлт мэдээлэл авмаар байгаа бол дахиад нэг эмчийн саналыг сонсоход илүүдэхгүй.

Хавдар талын юм гарсан ч дотроо олон янз, тавилан өөр өөр. Зүгээр хавдар гэдэг онош бол айх зүйл биш. Ер нь тэгээд юу нь ч байсан туулаад, дайраад, дийлээд гарна гэж бодож байх хэрэгтэй. Дийлнэ, ялна, эдгэрнэ, сална гээд л айдас юугаа багалзуурдаж аваад дээр нь гараад суух хэрэгтэй. Ингэж өөрийгөө удирдаж, эерэг хандсан хүн ямар ч хавдрыг ялах магадлал өндөр байдаг. Хавдраас эдгэрсэн хүмүүс ихэвчлэн бууж өгөөгүй, тэмцэж чадсан нь байдаг.

Бас нэг зүйл, янз бүрийн өөр ардын, гавьят эмч нарт үзүүлж явах тийм сайнгүй харагддаг. Ихэвчлэн цаг алдах, буруу замаар будаа тээх явдал элбэг. Лам бөө гэж явбал бүр аюул болно шүү. Хамгийн гол нь хавдрын нарийн мэргэжлийн эмчид л үзүүлэх хэрэгтэй. Бусад эмч нар ч гэсэн хавдрын мэргэжлийн мэдлэгээ ямагт сайжруулж, дээшлүүлж байхыг цаг үе шаардаж байна. Харамсалтай нь хавдар улам ихсэх хандлагатай нь тогтоодсон. Өвчлөлийн тоог багасгаж чадахгүй ч амь насыг хамгаалж, хавдрын нас баралтын тоог багасгах сонголт бид бүхэнд байна. Гол алдаа "Надад л энэ тохиолдохгүй, миний эргэн тойронд л тохиолдохгүй" гэж өөрийгөө хуурч, эндүүрч, өөртөө л хамаагүй мэт хавдрын асуудлыг үл тоож, тойрч явдагт байдаг.

Эцэст нь хэлэхэд "Хүн мэдэхгүй юмнаас айдаг, айдаг юманд итгэдэггүй, итгэдэггүй юм руу явдаггүй, явдаггүй юмнаас хожимддог" тул аль болох хавдрын талаар, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх талаар мэдлэг мэдээлэлтэй байж, байх хэрээр өөрийгөө, ойр дотны хүмүүсээ хавдраас сэргийлэхэд анхаарал хандуулж, байгаарай.

Эрт илэрсэн хавдар эмчлэгддэг.

Монгол овогт Л.Баярсайхан эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох