Хятадууд цэвэр агаар худалдаж байна

Twitter Print
2014 оны 03-р сар 30-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

Цэвэр тунгалаг агаараараа ихэд алдаршсан Хятадын Гүйжөү муж агаарыг лаазанд савлан худалдах болсноо зарлав.

“Хятад хүний толгой дээр наран жаргахгүй” гэдэг нь тэднийг дэлхий даяар тарж, хаана л бол хаана тэдэнтэй тааралдаж болохыг илэрхийлсэн үг билээ. Тэд шоргоолжноос ч түргэн үржиж байгаагийнхаа хэрээр байгаль орчин, хүрээлэн буй дэлхий ертөнцөд ноцтой хор хөнөөл тарьсаар л байгаа. Сүүлийн үед  Хөххот, Бээжин, Шанхай зэрэг хотуудын нь агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэдээ онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулах болсон нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Тэгвэл мөнгө олох сайн, муу бүх л аргыг анхлан дэлгэрүүлдэг хятадууд сүүлийн үед цэвэр агаар хэмээн лаазалсан зүйл зарж бусдын түрүүвчийг хоослох арга бодож олжээ.

Тэдний энэхүү хачирхалтай наймааны санаа БНХАУ-ын дарга Ши Жин Пиний хэлсэн наргианаас үүдэлтэй гэнэ. Чухамдаа БНХАУ-ын дарга саяхан Бээжинд болсон хоёр их чуулганы үеэр Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хурал дээр үг хэлэхдээ, агаарын бохирдлын энэ амаргүй цаг үед хаана ч гайхагдах цэвэр агаараа хадгалж үлдсэн тус мужийг сайшааж, тэднийг энэ бүхнээрээ бахархах эрхтэйн зэрэгцээ өөрсдийн өмч болсон тэр сайхан агаараа лаазлан худалдсан ч болно хэмээн наргижээ.

Гэтэл энэ сарын 20-нд Гүйжөү мужийн Аялал жуулчлалын газраас хэвлэлийн бага хурал хийж, тус муж цэвэр агаарыг лаазлан худалдаалах төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлснээ зарласан байна. Тэд энэ бизнесээ эхлүүлэхийн тулд агаарын сав баглаа боодлын шилдэг загварыг шалгаруулах долоо хоногийн хугацаатай олон улсын тендер зарлажээ.

Гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ши Жин Пиний наргиаг бодит байдал болгохоор тэмүүлж байгаа Гүйжөү мужийн удирдлагуудыг тохуурхан бичиж байгаа ч тэд санасандаа хүрч дэлхийд анх удаа хүний эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж лаазалсан агаар үйлдвэрлэхээр болов.

Гэхдээ цэвэр агаарыг лаазлан худалдаалах нь цоо шинэ зүйл биш гэнэ. Лаазтай агаар нь Япон улсаас үүдэлтэй бөгөөд аялал жуулчлалын Фүжисан бүсийн компаниуд тухайн нутгийн агаарыг бэлэг дурсгалын зориулалтаар анхлан лаазалсан түүхтэй юм байна.

Сүүлийн үед Бээжин Шанхай зэрэг том хотуудад нүүрлээд буй агаарын бохирдол нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх болсныг БНХАУ-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч уг аюулын эсрэг чадлаараа тэмцээд нэг л сайн амжилтанд хүрэхгүй байгаа. Тийм ч учраас сүүлийн хэдэн жилд Хятадын хоёр чуулган агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг халуун сэдэв болгон хэлэлцсээр ирсэн юм.

Гүйжөү мужийн аялал жуулчлалын газрын дарга Фү Инчүнь лаазалсан агаарыг мужийнхаа брэнд болгохыг зорьж байгаа бөгөөд энэхүү ажлаа “Бүх ард түмэндээ цэвэр агаар амьсгалуулахыг хүссэн” их удирдагчийнхаа  мөрөөдлийг биелүүлсэн хэрэг хэмээн үзэж байна. Фү Инчүний төлөвлөгөөгөөр бол лаазалсан агаарыг аялал жуулчлал, амралт зугаалга, өндөр настны асаргаа сувилгаа зэрэг эрүүл мэндийн салбарт, тэрчлэн цай, архи гэхчилэн орон нутгийн шинжтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ч өргөнөөр хэрэглэж болох юм.

Өмнө нь Хятад улс агаарыг лаазлан худалдах хэд хэдэн удаагийн оролдлого хийж байжээ. Тухайлбал, 2012 оны 9-р сард хувиараа аж ахуй эрхлэгч Чэн Гуанбяо гэгч анх агаарыг лаазлан худалдаалж байгаагаа хэвлэлээр зарласан бөгөөд 100 мянган ширхэг лаазтай агаар үйлдвэрлэж, ширхэгийг нь 4-5 юаниар үнэлэн зарж багагүй ашиг олсон тухайгаа зарлаж байж. Мөн 2014 оны 3-р сард Хэнань мужийн Лаү Жүньшаний аялал жуулчлалын цогцолбор интернет хуудсаараа дамжуулан лаазалсан агаарыг бэлэг дурсгал болгон үйлдвэрлэнэ гэдгээ илэрхийлээд байгаа ажээ. Ийнхүү шоргоолжноос ч олон хятадууд агаар худалдаад эхэллээ.

Харин бид Улаанбаатарынхаа утааг яадаг хэрэг вэ?

Д.Монгол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.