Этиопд осолдсон Boeing 737 Max-8 онгоцны удирдлагын систем асуудалтай байсан гэлээ

Twitter Print
2019 оны 04-р сар 05-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сард Этиопийн Ethiopian Airlines компанийн Boeing 737 Max-8 загварын зорчигч тээврийн онгоц осолдож, тус онгоцоор зорчиж байсан 149 хүн, нислэгийн багийн 8 гишүүн бүгд амиа алдсан билээ.

Ослын шалтгааныг тодорхойлох урьдчилсан дүгнэлтээр нисгэгчид Боинг компаниас гаргасан онц байдлын үед авах ёстой арга хэмжээний зааварчилгааг ямар ч алдаагүй дагасан боловч онгоцны хамар удаа дараа доошилж байсан явдлыг зогсоож чадаагүйг тогтоожээ.

Түүнчлэн осол болохоос хэдхэн секундын өмнө нисгэгчид онгоцыг зөв байрлалд нь оруулахын тулд онгоцны манёврыг зохицуулах систем буюу MCAS системийг хэд хэдэн удаа унтрааж асаасан ч нэмэр болоогүй ба онгоц хурдтайгаар доошилсон нь онгоцны хар хайрцганд бичигдэн үлджээ.

Этиопийн засгийн газраас хийсэн мэдэгдэлдээ онгоцны хар хайрцагны бичлэг дээрээс “онгоцны хамар доошлох нөхцөл байдал ямар ч удирдлагагүйгээр хэд хэдэн удаа бий болсон” болох нь тодорхой болсон талаар, үүнтэй холбоотойгоор Боинг компани онгоцнуудынхаа хяналтын системийг нарийвчлан шалгах шаардлагатайг онцолсон байна. Этиопийн Тээврийн сайд Дагмавит Можес, “Нислэгийн баг тус онгоцыг үйлдвэрлэгч Боинг компаниас өгсөн бүх заавар зааварчилгааг удаа дараа гүйцэтгэсэн ч онгоцыг удирдах ямар ч боломжгүй байсан.” хэмээн мэдээлжээ.

Осол болоход нөлөөлсөн бусад шалтгааныг бүрэн тодорхойлохын тулд 1 жил хүртэлх хугацаа шаардлагатай аж. Ослын шалтгааныг тодорхойлох урьдчилсан дүгнэлтэнд осолд Боинг компанийн шинэ загварын онгоцнууддаа суулгасан MCAS систем буруутай гэж шууд заагаагүй ч Боинг компанийн Boeing 737 Max-8 загварын хоёр ч онгоц 5 сарын зайтай осолдсон нь анхаарал татаж байгаа юм.

Ethiopian Airlines компанийн онгоц өнгөрсөн сарын 10-нд хөөрөөд удаагүй байхдаа осолдсон бол өнгөрсөн жилийн 10-р сард Индонезийн Lion Air компанийн зорчигч тээврийн онгоц мөн л хөөрөөд удалгүй осолдож, ослын улмаас 189 хүн амь үрэгдсэн билээ. Боинг компанийн Зорчигч тээврийн онгоц хариуцсан Ерөнхийлөгч Кэвин МакАллистер хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, Этиопийн Осол Шалгах товчооноос гаргасан урьдчилсан дүгнэлтийг нарийвчлан судалж, онгоцнуудынхаа аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай бүх алхмуудыг хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Image result for Boeing CEO 'sorry' for lives lost in 737 MAX accidents

Боинг компанийн хувьд хохирогчдын ар гэрийнхэн болон агаарын тээврийн компаниудад маш их хэмжээний нөхөн төлбөр олгох асуудалтай тулгарч болзошгүйг мэргэжилтнүүд онцолжээ. Тус компанийг Америкийн Хууль зүйн яамнаас шалгаж байгаа аж. Boeing 737 загварын онгоц нь Боинг компанийн хамгийн өндөр борлуулалттай онгоцоор тодроод байсан ба Boeing 737 загварын 5000 онгоцны захиалга хүлээн авсанаас 300-г нь хэдийн агаарын тээврийн компаниудад хүлээлгэн өгчээ.

Ethiopian Airlines болон Lion Air компаниудын осолдсон онгоцнууд агаарын тээврийн үйлчилгээнд яваад дөнгөж сар л болж байсан аж. Одоогийн байдлаар дэлхийн 20 улс агаарын хилээрээ Boeing 737 Max-8 загварын онгоц оруулахыг хориглосон ба агаарын тээврийн компаниуд тус загварын онгоцоор үйлчлэхээ зогсоосон билээ.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.