Сунгалттай паспорттой бол АНУ-ын хилээр оруулахгүй

Twitter Print
2019 оны 04-р сар 15-нд 18:24 цагт
Мэдээний зураг,

АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна.

АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх зэрэг анхааруулгыг сайтар мөрдөх юм. Мөн иргэд АНУ-ыг зорихын өмнө http://mongolianembassy.us сайтад анхааруулсан мэдээллийг нягтлан шалгаж байхыг хүсчээ.

Сүүлийн үед гадаад паспортаа сунгуулсан иргэдийг зарим орны хил дээрээсээ буцаасан тохиолдол гарсан. НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-аас 2016 онд гадаад паспортад сунгалт хийхгүй байх шийдвэр гаргасан. 

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн болно. 

Дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй байсан бол одоо АНУ мөн нэвтрүүлэхгүй болжээ.

Энэ дашрамд дахин сануулахад гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна. 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.