Газраа хоёроос дээш жил ашиглаагүй ААН, иргэдийн газар эзэмших эрхийг цуцална

Twitter Print
2019 оны 04-р сар 02-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын 6 улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Зарим аж ахуй нэгж, иргэн арав гаруй жилийн өмнө газрын эзэмшил авчихаад өнөөг хүртэл ашиглахгүй хоосон, орчныг доройтуулж байна. Хуулиндаа тухайн газрыг ашиглалгүй хоёр жил болоход зөвшөөрлийг цуцалдаг. Тиймээс энэхүү хуулийн дагуу газруудын зөвшөөрлийг цуцлана" хэмээн мэдэгдлээ. 

Шалгалтаар зөрчилтэй 116 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байсан ба эзэмшил газарт нь хог хаягдал ихээр цугларч, орчныг бохирдуулсан мөн барилгын суурийн нүх ухаж зориулалтын дагуу олон жил ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх /газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;/, 35.3.2 дахь /газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газраа зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүйгээс дараахь нөхцөл байдал үүсээд байна. Үүнд:

1. Тухайн газарт хог хаягдал ихээр цуглан, байгалийн унаган төрх алдагдах, орчин тойронд эвгүй үнэр тархах, хөрсний бохирдол, нян бактери үржих зэрэг сөрөг нөлөөллөөс иргэдийн амьдрах орчин доройтох, мөн тухайн газарт хог ургамал ихээр ургаснаас иргэдийн харшил ихсэх шалтгаан болох,

2. Барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн ул бетон, суурийн ажил хийсэн нүхнүүд нь олон жил болсноос бороо, үер, усны нөлөөгөөр эрэг нь нурах, зэргэлдээ байрлах барилгын хийцэд нөлөөлж, суулт, хагарал үүсэх, бага насны хүүхдүүд унаж бэртэх зэрэг иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх,

3. Баригдаад олон жил болсон, ашиглалтын шаардлага хангахгүй хашаанууд нь нурж хүн, амьтан бэртэх, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх болон олон жил ашиглаагүй хашаанд архидан согтуурах түүнээс үүдэн гэмт хэрэг үүсэх зэрэг эрсдэлтэй байна.

Нийслэл, дүүргүүдийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь /Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ/ хэсэгт заасан иргэн, ААН-үүдтэй байгуулсан газар эзэмших эрхийн гэрээг жил бүр дүгнэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан дээрх зөрчлүүд арилахгүй, давтан гарсаар байна гэлээ. 

Эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёроос дээш жил ашиглаагүй, иргэн ААН нийт 116 байгаагаас Баянзүрх дүүрэгт 26, Хан-Уулд 25, Сонгинохайрханд 37, Сүхбаатар дүүрэгт 11, Баянгол дүүрэгт 15, Чингэлтэй дүүрэгт 2 байна гэлээ. 

Тэрчлэн олон жил зориулалтаар ашиглаагүй, хог шороонд дарагдсан Нийслэлийн өнгө үзэмжийг гутааж буй, эрүүл мэнд, ариун цэврийн шаардлага хангахгүй бохир орчин үүсгэсэн олон газруудын нэрийг дурдлаа. 

Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн дагуу газар эзэмших эрхийг цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

Тэрбээр "Зарим аж ахуй нэгж байгууллага энэхүү шийдвэрийг эсэргүүцэх байх. Бүхэл бүтэн 10 гаруй жил хүндэтгэн үзэх шалтгаан гэж байхгүй. Тиймээс бид хуулиа л дагана" гэсэн юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.