Украины Ерөнхийлөгчийн сонгуульд жүжигчин Володимир Зеленский 73 хувийн санал авч, ялалт байгууллаа

Twitter Print
2019 оны 04-р сар 22-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр буюу Ням гарагт болж өнгөрсөн Украины ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Энэ удаагийн сонгуульд хошин урлагийн жүжигчин, 41 настай Володимир Зеленский 73.03 хувийн саналаар ялжээ. Харин түүний өрсөлдөгч одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко 24.64 хувийн санал авсан хэмээн Украйны Сонгуулийн хорооны албан ёсны мэдээлэлд дурдсан байна. 

Санал хураалтаас хоёр хоногийн өмнө болсон мэтгэлцээний үеэр Зеленский “Би бол улс төрч биш. Би бол тогтолцоог эвдэхийг зорьж буй жирийн иргэн” гэж өөрийгөө танилцуулсан байна.

Жүүд гаралтай Зеленский нь хуульч мэргэжил эзэмшсэн боловч сүүлд шоу бизнест амжилт олох болсон хүн юм. Анх тэр 2006 онд Украины “Ододтой бүжиглэхүй” шоунд оролцож олны танил болсон байна.

Санал хураалтын эхний дүн гарсны дараа Зеленский украинчуудад хандаж “Би та бүхнийг гонсойлгох зүйлийг хэзээ ч хийхгүй” гээд “Би одоогоор ерөнхийлөгч болчихоогүй байгаа ч Украины иргэний хувиар хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад хандаж "Биднийг харцгаа" гэж хэлмээр байна. Боломжгүй зүйл гэж байхгүй!” хэмээн мэдэгджээ.

Зеленскийн сонголт нь Украины ард түмэн одоогийн улс төрчдөд итгэхгүй болсныг харуулж байна. Майданы хувьсгалын дараа одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко “Шинээр амьдарцгаая” уриатай сонгогдож байв. Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд тэр цөөн олигархуудын бүлгийн хяналтад Украиныг оруулсан юм.

Үүн дээр нэмээд эдийн засгийн хямрал, авлигын өсөлт, дорнод бүс нутагт болж буй салан тусгаарлах дайн украинчуудыг өөр сонголт хийхэд хүргэж байна.

Урьдчилсан дүн гарсны дараа 25 орчим хувийн санал авсан Петро Порошенко “Сонгуулийн үр дүн биднийг тодорхойгүй байдалд хүргэж байна. Би ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгнө. Гэхдээ улс төрөөс гарахгүй гэдгээ баттай хэлмээр байна” гэж мэдэгджээ.

Petro Poroshenko

Дөрөвдүгээр сарын 1-нд болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нийт 39 нэр дэвшигч оролцсоноос олонхын санал авсан Володимир Зеленский, Пётр Порошенко нар сонгуулийн эцсийн шатанд оролцсон юм.

Хоёр нэр дэвшигчийн хувьд хоёулаа сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украин улс Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орон болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны ирц 63.52 хувьтай явагдсан ба санал өгөх 29.6 сая хүн бүртгэгдсэнээс 18.8 сая хүн санал хураалтанд оролцсон. Харин Украины ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 62.07 хувьтай гарсан байна.

Украины Дотоод хэргийн сайд сонгуулийн санал хураалтын зөрчлийн талаар хэдэн зуун мэдээлэл ирсэн хэмээн мэдээлсэн ч гадаадын ажиглагчид сонгууль харьцангүй тайван болж өнгөрлөө хэмээн мэдэгджээ. 

Украины төрийн тэргүүн улсынхаа аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогын салбарт томоохон үүрэг гүйцэтгэдэг ба Украины улс төрийн тогтолцоог хагас Ерөнхийлөгчийн тогтолцоотой хэмээн мэргэжилтнүүд тодорхойлдог. 

Эх сурвалж: https://www.bbc.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Image may contain: 2 people, people standing and childРед: Өчигдөр болсон Украины ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатанд ялаад буй В.Зеленский бага насаа Монголд өнгөрөөжээ. Түүний аав, ээж нь Эрдэнэтэд инженерээр ажиллаж байсан, тэрдундаа аав нь Монголд 20 жил ажилласан гэнэ.

"Эрдэнэтийг байгуулсан хүн. Тэнд аавд зориулж хөшөө маягийн юм хүртэл босгосон нь бий” хэмээн тэрбээрбага нас, аав ээжийнхээ тухай бахархан ярьжээ.

Тэрбээр өөрөө Монголд дөрвөн жил амьдраад нэгдүгээр анги дүүргэсэн жилээ ээжийгээ дагаад нутаг буцсан гэнэ.

Ноднин хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Монголд байх сайнтай ч, муутай ч байлаа. Хамгийн муу нь гэвэл аав, ээж хоёр, ялангуяа ээж маань биегүй болсон юм. Цаг агаар их муу, өглөө нартай сайхан байж байснаа юу юугүй цас дарчихдаг. Ээжийн бие чухам энэнээс болсон.

Би монгол хэл сурах нь сурсан, хэл амаа ололцоод л байдаг байлаа. Байхгүй гэж үгийг санаж байна. Ер нь бол тэнд байхгүй юм их. Хоёрхон дэлгүүртэй. Тарвасанд оочирлож байтал яг хамраараа таслуулаад жигтэйхэн уйлж байснаа санаж байна. Ээж “За яахав, сарын дараа дахиад ирнэ” гэж намайг тайвшруулж билээ. Юм хум тийм ховор зэвэр. Гэхдээ аавтайгаа хамт тугалган цаасанд хонины мах болгож иддэг байсан. Бас айраг ууж байсан гээд бод доо!” хэмээн ярьжээ.

Зураг дээр: Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй В.Зеленский ээжтэйгээ Монголд.

Эх сурвалж: Б.Бат-Атгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.