
Аавууд хариуцлагатай байя
Түрүүчийн оруулсан эцэг эхийн архины хэрэглээ хүүхдийн зүрхний төрөлхийн гажигтай хамааралтай судалгаатай төстэй бөгөөд арай өмнө нь хийгдэж хэвлэгдсэн судалгаа. Судалгаа хийсэн байгууллага болон баг нь нэг. Энэ удаа эцэг эхийн тамхины хэрэглээ үр удамд нь зүрхний төрөлхийн зүрхний гажиг үүсгэх эрсдлийн талаар ажиглалтын судалгааны шинэ мета-анализ дүн шинжилгээг хийжээ.
ЭЦЭГ ЭХИЙН ТАМХИ ТАТАХ НЬ УРГИЙН ЗҮРХНИЙ ХЭВИЙН БУС БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ УУ?
Ураг эхийн тамхидалтаас гадна аав нь тамхи татдаг тохиолдолд ч зүрхний гажиг үүсэх эрсдэлтэй байдаг болохыг дээрх судалгааны баг олж тогтоосон байна.
Судлаачид "Аав болох гэж байгаа хүмүүс тамхи татахаа болих хэрэгтэй. Аав бол жирэмсэн эмэгтэйн хувьд дам дамхидалтад өртөх гол эх үүсвэр болох бөгөөд энэ нь жирэмсэн эмэгтэй өөрөө тамхи татахаас ч илүү урагт хор хөнөөлтэй" хэмээн үзсэн байна.
Жирэмсэн үедээ тамхидах нь ургийн эрүүл мэндийн асуудал, түүний дотор дутуу төрөх, бага жинтэй төрөх, төрөлхийн гажиг гэх мэт эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь эртнээс мэдэгдэж байсан бол харин зүрхний төрөлхийн гажгийн эрсдэл ч тэр, аавуудын тамхидалт ч тэр хамаарал нь тодорхой биш байлаа.
Эцэг эхийн аль нэг нь тамхи татдаг тохиолдолд ургийн зүрхэнд учирч болох эрсдлийг үнэлэхийн тулд судлаачид дэлхийн хэмжээнд нийт 8.8 сая эцэг эхийг хамруулсан урьд өмнө нь хийгдсэн 125 судалгааны өгөгдөлд дахин анализ хийж үзжээ. Эдгээр судалгаануудаас жирэмсэний үеийн тамхидалт, эхийн жирэмсэн үеийн аавын тамхидалт, жирэмсэн үеийн дам тамхидалтын өртөлт зэргийг голчлон судалсан байна.
Эдгээр судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдээс төрсөн бүх нярай хүүхдээс 137,600-д нь зүрхний төрөлхийн гажиг оношлогджээ.
Эцэг эхийн тамхидалт нярай хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн эрсдэлтэй ач холбогдолтой хамааралтай байсан ба ээж нь жирэмсэн үедээ тамхи татаж байсан бол эрсдэл 25% -иар нэмэгддэг болохыг олж тогтоосон байна. Энэ хамаарал аав нь тамхи татдаг бол бүр илүү хүчтэй байсан ба эцэг эх нь тамхи татдаггүй нярай хүүхэдтэй харьцуулахад эхийг нь жирэмсэн байх үед аав нь тамхи татдаг байсан нярай хүүхэд төрөх үедээ зүрхний төрөлхийн гажигтай болох эрсдэл 74% өндөр, нөгөө талаар жирэмсэн эмэгтэйчүүд (ээж болох хүмүүс) дам тамхидалтад өртсөнөөс учрах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлж байсан байна. Эмэгтэйчүүдийн дам тамхидалтад өртөх нь жирэмсний бүх үе шатанд, тэр ч байтугай жирэмслэхээс өмнө ч гэсэн төрөх хүүхдүүдийн хувьд аюул учруулна гэж үзжээ.
Эцэг эхийн тамхидалт, төрөх хүүхдийн зүрхний гажиг хоорондын холбоо хамаарлын нарийн тодорхой механизм хараахан тодорхойгүй хэвээр байна. Энэ судалгаа ажиглалтын судалгаа учраас эцэг эхийн тамхидалт нь нярайд зүрхний гажиг үүсгэж буй явдлыг баталж чадахгүй юм. Гэсэн хэдий ч судлаачид энэхүү судалгааны үр дүнд үндэслэн "Жирэмслэлтийн өмнө хойно, эцэг эх болох хүмүүсийн тамхидалтыг зогсоох явдал Зүрхний төрөлхийн гажгаас урьдчилан сэргийлэх нэн тэргүүний үүрэг байж болох юм" гэж дүгнэжээ.
Миний бодол:
Нийгмийн эрүүл мэндийн хувьд үнэхээр чухал санаа агуулсан судалгааны ажлууд байна гэж хувьдаа бодож уншиж суулаа. Манай эмнэлэг хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засал эмчилгээг улсын хэмжээнд дагнан үзүүлдэг эмнэлэг. Эрт үед нь мэс засал хийх асуудал туйлын чухал ч маш олон хүчин зүйлийн шалтгаан, нөхцлөөс болж эцэг эхчүүд маань маш оройтож эмнэлгийн тусламж авахаар ирдэг. Тусламж үйлчилгээ үзүүлэх талын ч нөхцөл байдал тийм хангалттай байж чадахгүй байгаа. Зүрхний мэс заслын эмч нар маань эмчилгээний хугацаа хэзээ хоцорсон хойно нь эмчлэх гэж чадахаасаа чадахгүйгээ хүртэл хүчээ үздэг. Үндэсний багийн хувьд өөрсдөө хийх боломжгүй хүндэрсэн тохиолдлуудыг өндөр хөгжилтэй гадны баг урьж ирүүлж жилд 20-30 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийлгэдэг байх жишээтэй.
Төрсөн хойно нь биш төрөхөөс өмнө нь бид яагаад арга хэмжээг зорилготойгоор зохион байгуулж болдоггүй юм бол. Өрхий эмнэлэг дээр ажиллаж байгаа жирэмсний хяналт хийж байгаа эмч мэргэжилтнүүдийн мэдлэг нимгэнийх үү?, Бодлого боловсруулж байгаа хүмүүсийн сэтгэл зүтгэл дутуугийнх уу? Ямартай ч манай аав нар жирэмсэн хүнийхээ хажууд тамхиа татсаар, эсвэл хэнэггүй залуу ээж нар жирэмслэхийнхээ өмнө ч, жирэмсэн үедээ ч, төрснийхөө дараа ч тамхиа татсаар байгаа энэ цаг үед зүрхний төрөлхийн гажигтай төрөх хүүхдийн тоо буурахгүй л болов уу гэж бодлоо. Энэ бол ганцхан хүчин зүйл мэдээж олон хүчин зүлй байгаа. Гэхдээл хувь хүний хувьд зайлсхийж болох л асуудал.
Түрүүчийн судалгаанд ч мөн адил гэр бүл төлөвлөж буй залуу эцэг эхчүүд архины хэрэглээн дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Тэдний эргэн тойронд байгаа насанд хүрэгчид, томчууд бид л хэлж ярьж зөвлөж өгөх асуудал туйлын чухал байна.
Шинжлэх ухааны судалгаагаар гаргаж ирсэн мэдлэг бидэнд маш олон зүйлийг хэлж өгдөг. Түүнийг амьдрал дээр эрүүл мэндийн салбарын бодлого болгож буулгах нь төр засгийн үүрэг. Нэг ч гэсэн хүүхдийг эрүүл энх төрүүлж, эрүүл мэндийг хамгаалах нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрхэм зорилго биш гэж үү.
Эх сурвалж: Parental smoking and the risk of congenital heart defects in offspring: An updated meta-analysis of observational studies. European Journal of Preventive Cardiology. March 23, 2019 Review Article https://doi.org/10.1177/204748731983136
Ойдовын Батгэрэл Ph.D
Холбоотой мэдээлэл: Архи уудаг аавтай хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай төрөх эрсдэл өндөр байна... - http://mongolcom.mn/read/5460
matilda
(197.234.221.42) 2019-11-20 16:09Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37
Хариулах