Хуулийнхан ур чадвар сул учраас эрүүдэн шүүдэг...

Twitter Print
2019 оны 03-р сар 29-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Хөдөөний малчин Магсарын эцэг өвгөдөөс нь өвлөгдөн ирсэн хөөрөг алга болчихож. Тэгэнгүүт хэсгийн төлөөлөгчид хэл өгөөдөх гээд морьтой хүүхэд давхиулжээ. Хэсгийн төлөөлөгч ирэнгүүтээ "Танайхаар хэн ирэв, гарав" гэж таараа. Магсар "Ойрд нэг их хүн яваагүй дээ. Уржигдар Бор ороод гарна лээ" гэжээ. Бор гэдэг нь өнчин өрөөсөн, айл айл хэссэн зарагдсан нэгэн байжээ.

Хэсгийн төлөөлөгч сүр бадруулан Борыг баривчлаад "Магсар гуайн" хөөргийг гаргаад ир" гэжээ. Бор ч үгүй гээд байж. Хэсгийн төлөөлөгч өрөөндөө аваачин паартай гавлан хэд хэдэн удаа бороохойтол Бор "Алтан нуухтай, шүрэн толгойтой чүнчигноров хөөргийг хулгайлсан" гэжээ. Хулгайлсан хөөргөө зам дээр зогсож байгаад том машинтай хүнд 30,000 төгрөгөөр зарчихсан гэсэн байна. 30,000 төгрөгөөрөө Гочоо, Бандихүү нартай архи уусан гэжээ. Бандихүүг байцаатал Бор архи авч өгсөн хэмээн мэдүүлжээ. Хэрэг нотлогдсон бөгөөд нөхөн төлбөрийн чадваргүй Борд аймгийн шүүх 1.5 жилийн хорих ял өгч ачаад явжээ.

Үүнээс дөрвөн сарын дараа малчин Магсар хэсгийн төлөөлөгч дээр сандран хүрч ирээд "Сая намаржаа руугаа нүүхээр юмаа янзалж байтал авдрын араас нөгөө хөөрөг чинь гараад ирлээ. Хүн хэлмэгдүүлчихлээ" гэсэн байна. Хэсгийн төлөөлөгч "Та одоо сайн эрж хайхгүй дээ. Ингээд таг нуучихья" гэсэн байна. Бор ч яахав жил шахам шоронд суучихаад нэг шоронжсон овгор амьтан гараад иржээ. Магсар сумын наадам дээр хөөргөөрөө Засаг даргатай хөөрөглөснөөр асуудал үүссэн юм.

Энэ бол ХҮЭК-ийн илтгэлд дурьддагдсан жишээ учраас аймаг сум, нэрсийг тодорхой оруулсангүй. Ийм жишээнүүд олон бий. Дамчаа-Осорын Энхболд гэдэг нөхөр зургаан хүн амины хэрэг худлаа хүлээгээд цаазлуулчихаж билээ. Түүгээр хэрэг хүлээлгэсэн цагдаагийн нөхөр алдар цолоо ихэд мандуулсан юм даг.

Монголын хууль хүчний байгууллагууд хэн нэгэн хулгайчийн матаасаар эрүүдэн шүүдэг, хүн амины голдуу хэрэг хүлээлгэдэг байдлаасаа гарч чадахгүй байна. Үүнийг таслан зогсоохын тулд хууль хүчний байгууллагын бүтэцэнд өөрчлөлт орох болов уу гэж найдна.

Ц.Нямдоржийн жишээ болгоод байдаг "Гурил" Мягмар гэгч олон арван хүнийг гүтгэн шоронд хийлгүүлсэн байдаг. Энэ Ц.Амгаланбаатар ч ялгаагүй. Ийм улсыг ашигладаг, алдар нэрийн төлөө амиа өгөхөд ч бэлэн цагдаагийн ажилтнууд бий. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн яриад байдаг бичиг үсэг мэдэхгүй нөхөрт гуран хүн амь, 150 хулгайн хэрэг хүлээлгэсэн сонин жишээ ч бий.

Монголын цагдаа нарт мэргэжлийн ур чадвар дутуу учраас эрүүдэн шүүдэг. Олон талаас харж чаддаггүй юм билээ. Хувцас хэрэглэл дэлхийн жишигт хүрсэн ч авьяас чадвар, мэдрэмжгүй байцаагчид булчингаа хөгжүүлэн иргэдээ л зодохоо бодох юм даа. Зоддог барьдаг чинь аль 1937 онтойгоо дууссан гэдгийг ухаараасай даа.

"Буян" Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.