Аньсага чийгтэж, дурсамж хөвөрсөн мөч

Twitter Print
2019 оны 03-р сар 27-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан нар Шарк танк нэвтрүүлгийн отгон дугаарт оролцох тухайгаа хэд хоногийн өмнө нүүр номынхоо хуудаст нийтлэснийг харсан учраас өнгөрсөн бүтэн сайн өдрийн хөтөлбөрийг хүлээн байж үзлээ. Сэтгэлээ нэгтгэж, амьдралаа холбож, нэг зүгрүү харж чадсан энэ хоёр хүмүүний тухай үг холбохгүй өнгөрч чадашгүй нь ээ. Нэвтрүүлэг үзэж суухад дүрэлгэр алаг нүдтэй хүү, салаа хархан гэзэгтэй гунхаж явсан охины багын төрх эрхгүй нүдэнд тодорч, киноны хальс хөвөрч буй мэт хорь гаруй жилийн өмнөх мартагдах шахсан дурсамжууд л урссаар байв. Манай хашаа ардаа хаалгатай. Сав л хийвэл ээж, аавынхаа нүдийг хариулж байгаад эсвэл даалгасан ажлыг нь хурдхан шиг дуусгачихаад дээс тоглох, моочикдох, жартаадах гээд хойд хаалгаар гүйхээрээ гардагсан. Манай гудамжны хүүхдүүд амь нэгтэй. Талцаж байгаад л бөмбөг тоглоно. Тоос шороог анхаарах ч сөхөөгүй. Охидууд нь хожигдох дургүй. Хөвгүүд нь хөдөлгөөний эвсэл сайтай учир яаж ч турьхан биетэй охид дийлэхэв дээ. Гэхдээ л бууж өгдөггүй ана мана талцаж тоглоно. Орой орж ирэхэд хамаг хувцас нь халтайсан, хамрын нүхэнд шороо чихсэн, салаалж сүлжсэн үс нь сэрвийсэн атлаа түүнийгээ тоож байгаа шинжгүй. Нэг л их гавьяа байгуулсан юм шиг маадгар. Манай тал мандтугай хэмээн амандаа аялан орондоо орно. Юунд ч санаа зовдоггүй, юунд ч сэтгэл өвддөггүй, юунд ч гомдоггүй тийм л гэгээхэн хүүхэд нас минь. Батбилэг манай арын гудамжны айлын хүү. Хурдан гүйдэг, гарын уртай, бөмбөг цохихдоо гаргууд.

Нэг удаа түүний шидсэн бөмбөг толгойг минь онож, өвдсөндөө уйлмаар санагдсан ч атигархан биендээ ахадсан шазруун зантай ч юмуу, зүгээрээ гээд шүд зуун өнгөрөөсөн нь өчигдөрхөн мэт тодхон. Оюутан болчихоод нутагтаа очиход багын анд ирлээ гээд манай ангийнхантай нийлж хөзөр их тоглодогсон. Нэг нэгнээ цаашлуулна, холбож шоолно, хэнд дурлалын зурвас атгуулж байлаа гээд ичээнэ. Тэр үед бидний нөхөрлөл хэзээ ч үл мартагдахаар бат гагнагдсан мэт байсан ч он цагийн шалгуурт бүдгэрч, нуурын эрэг дээр буусан шувууд дэрхийн нисэхийн адил тал тал тийшээ хувь хувийнхаа амьдралыг хөөн таран оджээ.

“Энэ хугацаанд хүмүүс чамд яаж хандаж байв” хэмээн шарк Амартүвшингийн асуултад тэрээр “Хүн чанар байдаг юм уу” гэж шулуухан хэлсэн үг зүрх рүү зүүгээр шивэх мэт тусав. Энэ өдөр багынхаа андын чинхүү сэтгэлийн үгийг сонсоод аньсага чийгтэв. Бусдаар бахархсан баярын нулимс хацар даган бөмбөрөхөд шорвог биш харин ч уясал, ухаарлыг төрүүлэх мэт. Гундаж явахад нь сэтгэлийг нь өргөх олигтой үг хэлээгүйдээ, зорьж очоод уулзаагүйдээ, зовлонд шаналж байхад нь алс хол гадаадад байсан ч гэлээ алга дарам цаасан дээр захидал бичээгүйдээ, хүн чанарын хэлтэрхийг ч гаргаагүйдээ гэмшив. 

Юм санадаггүй дэндүү гудиггүй, гуниггүй залуу насандаа эгэл атлаа энгийн бүхнийг ялган тунгаах ухаан, багын нөхөрлөлөө нандигнах сэтгэл дутжээ.

Хэдэн жилийн өмнө авто машины осолд орж суумгай болсон ч амьдралын ширүүн буулганд сөхөрч унаагүй, сөрж боссон жинхэнэ эр хүн гэдгээ харууллаа, анд минь. Аргагүй л сэтгэлийн хатаар өөрийгөө аргамжиж, итгэлийн галаар дотроосоо өрдөж, өөдлөн дэвжихийн ерөөлөөр өөрийгөө цэнэглэжээ. Чиний хөдөлмөрч, тууштай зан, сэтгэлийн хат, аливааг өөдрөгөөр харах өнцөг, өрх гэрээ авч явах ухааныг тань нутаг нугаараа, сум, аймгаараа, улс даяараа бахдаж байна. Нойргүй хоносон шөнө, нулимсаа залгисан мөчүүд олон бий гэж яриандаа онцолсон ч одоо анд минь чи сүхээр далайсан ч сөгдөж унахааргүй хөл дээрээ баттай зогсчээ. 

Хувь тавиландаа гутарч, энэ заяандаа энэлж, бусдаас би яагаад дутуу юм бэ хэмээн өөртөө итгэх итгэлээ гээсэн олон хүнд найдвар төрүүлж, урам хайрлалаа. 

Бас аав ээжээрээ тэжээлгэн, авгайгийнхаа нуруунд хамаг ачааг үүрүүлчихээд аахилж явдаг эрчүүдийг ичээлээ. Ажил олдохгүй байна хэмээн аргацааж явдаг хүмүүсийн амыг таглалаа. Чиний энэ их тэмүүлэл, урам зориг, тууштай ажилсаг чанар нь таван шаркийн сэтгэлийн утсыг хөндөж, бизнест нь хөрөнгө оруулахаар боллоо. Үүсгэсэн компаниа өргөжүүлж, улсдаа нэртэй бүтээгч байгууллага болгож, бүтээлч бизнесмэнээрээ алдараа мандуулаарай. 

Аваарьт орсноороо азгүй гэж өөртөө гутарч л байсан байх, гэхдээ нэг талаар азтай хүн юм аа анд минь. Хэцүү бэрх үед чиний дэргэдээс хором ч холдоогүй, халширч нүүр буруулаагүй, хайр сэтгэлдээ үнэнч үлдсэн гайхамшигтай эмэгтэй чамайг түшиж байна. Эзэмшсэн мэргэжил, дуртай ажил, зорьсон мөрөөдөлөө хойш тавиад чамайг эмчлүүлэх гэж их ч явсан даа. Байсхийгээд Улаанбаатар хотыг зорьж, байдгаа барьж, бачуурч явсан ч чамайг гэх хайр нь дундраагүй. Хань минь хөл дээрээ босчихож мэднэ хэмээн найдаж , хичээж чармайж байсан түүхээс нь гадарлана. Учир нь би чинь Дэлгэрнасантай ойрын төрөл. Аав нь хангай шиг түшигтэй, хачин сайхан ааштай, тайван сайхан хүн байсан юм. Би дүү охинтой нь үерхэж, ээж, ааваасаа гуйж байгаад сард нэг удаа бие биенийдээ ирж хонодог байж билээ. Тэнгэрийн оронд заларсан Ганаа ах минь ямар өгөөмөр, яасан уужуу, ямар сайхан инээдэг хүн байсан гээч. Тэднийд очиход дүүгээ юугаар дайлна аа, гэртээ байгаа юм шиг дураараа байгаарай гээд духыг минь үнэрлэж, толгойг нь илдэг тэр халуу дүүгсэн дулаахан гар, тийм нэг элгэмсүү харцыг би мартдаггүй юм.

Ийм л аавын үргэлжлэл, айлын эрх, дэгжин, гоё охин зовлонд сөгдөлгүй, ханийнхаа түшиг тулгуур, амьдралынх нь нугаршгүй бат бэх багана болж, хамтдаа бизнес эрхэлж явааг хараад хайрлахгүй байхын аргагүй юм. Тиймээ л ийм хайраар бие биенийгээ сүлж, халамжаар нэг нэгнээ өргөж, нэгэн биеийнхээ нөгөө тал болж, хувь заяагаа холбосон та хоёртоо сайхан сайхан бүхнийг хүсье ерөөе. Сайхан хайрыг олдвол алдаж болдоггүй гэдэг. Тийм л үлгэр жишээг бодитоор харуулж яваа та хоёр минь Өвөртогоруут овгийнхныгоо огшоож, омогшуулж чадлаа шүү.

Д.Доржпагма

2019.03.26

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.