Оюу толгойн далд уурхайн санхүүжилт хойшилж болзошгүй

Twitter Print
2014 оны 03-р сар 29-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Далд уурхайн санхүүжилт хойшлох магадлал өндөр байгаа. Хоёр талын хооронд үүсээд буй маргаантай асуудлыг шийдэхээр хэлэлцээр хийж байгаа ч хөрөнгө оруулалтын зардлын тал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа учир эдийн засагч, улстөрчид "Оюу Толгой"-н далд уурхайн санхүүжилтийг шийдэж ажлаа эхлүүлэх хэрэгтэй байгааг хэлсээр байгаа.  Харин хоёр тал далд уурхайн ажлыг эхлүүлэх тал дээр санал нэгдэж чадахгүй байсаар байна. Хэдийгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюу Толгойн асуудалд Засгийн газрын зүгээс шалтгаалах зүйл байхгүй гэсэн ч зөвшилцөлд хүрэх болоогүй бололтой. Зарим эх сурвалж далд уурхайн үйл ажиллагааг энэ сард амжиж эхэлж магадгүй гэж байсан ч Туркиус Хилл (TRQ) далд уурхайн санхүүжилт хойшлох төлөвтэй байгаа талаар мэдэгджээ. Туркиус Хилл 2013 оны үйл ажиллагааны тайлангаа мөн гаргасан байна. Purplebook -ийн мэдээлсэнээр: • Уурхай нэг ч осол гаргалгүй ажилласан • 76.700 тн зэс бүхий баяжмал үйлдвэрлэсэн • ОТ-оос зэсийн баяжмал борлуулж 51.6 сая ам.долларын орлого олсон • 2014 оны 3-р сарын 24-ны байдлаар энэ онд 43.000 тн зэс бүхий баяжмалыг борлуулсан • 2014 оны үйлдвэрлэлийн 74 хувь, 2015 оны үйлдвэрлэлийн 84 хувьд борлуулалтын гэрээ хийгдсэн ба ирэх найман жилийн хугацаанд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 40 хувьд нь борлуулалтын гэрээ хийгдсэн. 2013 онд 112 сая.ам долларын алдагдалтай байсан нь 2012 оны алдагдлын хэмжээнээс 300.1 сая ам.доллараар бага байна гэжээ.  Туркиус Хилл "Далд уурхайн санхүүжилт хойшлох магадлал өндөр байгаа. Хоёр талын хооронд үүсээд буй маргаантай асуудлыг шийдэхээр хэлэлцээр хийж байгаа ч хөрөнгө оруулалтын зардлын тал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна. 2014 онд эхний хагаст ТЭЗҮ-ийг батлахаас нааш энэ асуудал шийдэгдэхэд хүнд байна" гэж мэдээллээ.  Мөн энэ жилийн үйлдвэрлэлийн хэмжээг 150.000-175.000 тн зэс бүхий баяжмал гэж оны эхэнд тооцож байсан бол энэ тоог 135.000-160.000 тн, алтны олборлолтыг 700.000-750.000 унцаас 600.000-700.000 унц болгон бууруулжээ. Үүнээс үзвэл Монголын эдийн засгийн "аврал" хэмээн хүлээгдэж байсан Оюу Толгойн далд уурхайн санхүүжилт ийнхүү хойшлох магадлал өндөр боллоо. Гэхдээ үүнийг хөрөнгө оруулагчдын зүгээс хийж буй шахалт ч гэж үзэж болох юм. Тэдний хэлснээр далд уурхайн санхүүжилт ойрын хугацаанд хийгдэхгүй бол энэ зун, намрын эдийн засагт ямар хор уршигтайг мэргэжлийн байгууллагууд тодорхой болгоогүй байна.  Д.Монгол

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.