Сайн кино заавал байлдаантай байх албатай юм уу? /Тэмдэглэл/

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 18:22 цагт
Мэдээний зураг,

...Киноны зургийн даргаар ажилласан Хосоод /жүжигчин Д.Хосбаяр/ амласан ёсоор кино гарч эхэлснээс хойшхи нэг долоо хоногийг хүлээв. Товлосон өдөр ирсэн тул хэлсэн ёсоор амалсан сэтгэгдлээ тэрлэн сууна. 

Бид хоёрын гол санаа нь уг бүтээл дэлгэцнээс буугаагүй байхад элдвийн юм бичиж үзэгчдийг үргээхгүй гэсэн хэрэг. Одоо ч дайн балдаантай юм уу, хулгай зэлгээ, сайн эр, элдэв хошин шог, адал явдалтай бүтээлийг жинхэнэ кино гэж ойлгодог нийгэм ирсэн тун тул болгоомжтой байхыг эрмэлзэв. Инээдмийн кино бол мэдээж шүү дээ. Тэртээ тэргүй танхим дүүргэдэгээс хойш, бичээд ч хэрэггүй харин өөр юм бол байна аа. 

Өгүүлэх гэж байгаа киноны маань нэр “Буцаагүй амлалт”. Хотын кино театрын дэлгэцээр гараад гайгүй хэд хоночихлоо. Ямар нэгэн “изм” агуулаагүй, эгэл жирийн бүтээл хэр нь бас онцлогтой! Киноны хувьд илүү дутуугүй аятайхан бүтээл гэе. Зааланд суугаа үзэгчид одоо яах бол гэсэн хүлээлтээ хүчлэн барьж, чив чимээгүй амьсгаа даран сууж үзнэ. Зарим үед санаа алдана, бас алга ташив. Бид кинонд жүжиглэж, тэрнээ муугүй өрж, аятайхан зураг авч, сүрхий эвлүүлж сурчээ. Хэлэх гэсэн санаагаа ч ойлгуулдаг болжээ. Гэвчиг адал явдал дүүрэн сэтгэлийн бөөн “таашаал” эдлүүлэх кинонд л нугасгүй хэвээр... Амьдралын хэв маяг олон янз бөгөөд тэр дагуу бүтээх кино ч олон сэдэвтэй “аж”. Түүнийг залуу зохиолч, уран бүтээлчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа ч үзэгчдийн эрэлт хүсэлтээр өөр байдаг. 

Саяхан уран сайхны кино бүтээл хэлбэрээр анх удаа “аутизм” гэдэг эмгэгийн тухай ярилаа. Онцлог нь энэ нийгмийн дунд амьдарч буй хүмүүс бүгд арван хуруу тэгш биш. Энэ төрлийн эмгэг хүмүүсийн амьдралд хэлэхгүйгээр ирдэг. Урьд өмнө ч байсан, хойшид ч байх магадлалтай. Харин бид тэр тухай ярьдаг байв уу? ...Тэнэг, усан тэнэг, эсвэл дебилийг /ангаахын шинжлэх ухааны албан ёсны нэр тоюьёо юм шүү/ магадгүй ёо ёо-той амьтан гэж л ярьдаг. “Аутизм” бол сэтгэц-тогтолцооны нэг хэлбэрт эмгэг ”Ховор өвчин”. Ийм эмгэгтэй хүмүүс зөвхөн өөрийнхөө ертөнцөд амьдрах бөгөөд эрүүл хүмүүсийн нийгэм, аж байдлыг нэг их хүлээн авдаггүй, ойлгохыг хүсдэг ч үгүй. Энэ хүмүүс хүнд гэм хоргүй атлаа бидэнтэй төдийлөн амин харьцаатай биш, гэвч бидний дунд амьдарсаар. Мэс заслын аргаар анагаагдахгүй, эм уугаад ч нэмэргүй. 

Монголын залуу уран бүтээлчид анх удаа “аутизм” эмгэгтэй залууг киноны гол баатраа болгосон бүтээл туурвилаа. Магадгүй аль нэг холбооноос юм уу, эсвэл эцэг эхчүүдээс захиалсан байж болох юм гэж бодож суусан ч, үнэхээр нийгмийн дунд чив чимээгүй орших далд эмгэгийн нэгэн сэдвийг барьж авсан нь талархмаар байв. Энэ өвчний байр байдлыг мэдэж авахад залуу жүжигчин Э.Мөнхтөр их чармайжээ. Тэр залуугийн дүрийг хүндэлж, хайрлаж явахад ч их нэмэр болов. Дээр хэлсэнчлэн бид дандаа дайн байлдаан, хошин шог, супер баатар, эрэлхэг эх орончид, хосгүй хайр дурлалын киног л кино гэж ойлгож нийгэмд “оршивч” энэ удаа сэтгэл ээ нээн, хэлж чаддаггүй сэдвийг зүрхлэн барьж авсаныг тодруулж хэлье ээ!

Энэ киноны зохиолыг найзын маань охин бичсэн. Удам судрыг нь хөөвөл гайхамшигт зохиолч Ч.Лодойдамба гуайн ач охин бичжээ. Бас олзуурхмаар санагдсан. Өмнө нь нэг хоёр киноны зохиол бичиж сураг нь дуулдаж явлаа. Нэрийг нь Буяндэлгэр. Үлэмжийн тансаг зураглал, эрчимтэй хөдөлгөөн, эгзэгтэй монтаж гэхээс илүү зохиогчийн бичсэн утга учиртай диалоги үгс анхаарал татав. Унацтай, барьцтай, утга сүрхий үг хэллэгүүд энэ киноны амин сүнс болжээ. Найруулагч Тулгаа ч түүнийг нь сайн мэдэрч дүрсэлсээр бүр илүү сайжруулж, нэг их яаралгүй, зугуухан хэр нь ончтой харуулсан санагдав. Мэргэжлийн хүний мэдрэмж байна. Юуны төлөө Хишигт/УГЗ/ багшийн шавь билээ. Номын дуу сонссон хүн өөрөө! 

Image result for Буцаагүй амлалт

Өгүүлэмж энгийн. Тухайлбал аутизмтай залуу хөдөөнөөс хот орж ирээд зорьж орох гэсэн айлдаа хөл тавьж чадахгүй “домофон” дохиололтой хаалганы “кодны” учрыг олж ядаад, гадаа хүлээж суугаа нь “аутизмын” асуудалд манай нийгэм энэ дүлий цоожтой төмөр хаалга мэт гэдгийг тодорхой хэлэв. Э.Мөнхтөрийн “партнер” болж гарах бяухан хүү болсон Хүслэн ямар сүрхий тоглоо вэ? Зохиолын шугамаар бол “аутизм” гэгч юу болохыг илүү тодруулахын тулд л энэ хүүг асуудлын “лакмус” –/тодруулагч/ болгож авчээ. 

“Буцаагүй амлалт” гэдэг нэрний учрыг киноны төгсгөлд тайлна. Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг үнэхээр хичээж ажиллаж. Киноны үйл явдал хөдөөнөөс эхлэнэ. Аутимзтай залуу хархүү нэгэн үзэсгэлэнт бүсгүйд /жүжигчин Уянга/ сэтгэл алдрах бөгөөд, өнөөх нь бүсгүй нь хүүхэдтэй болсноо хэлж бас ч үгүй эцэггүй хүүхэд төрүүлэхээс айж яваагаа уйлан хайлан тайлбарлах явцад - эцэг нь болох хүн хотод намайг хаясан ч ирээдүйд төрөх энэ эцэггүй жаал яана гэхээс айж байна, хүүг минь чи авч сайн хүн болгоорой гэж “этюд” маягаар үзүүлэхэд аутизмтай залуу хүүтэй боллоо хэмээн үнэн сэтгэлээсээ баярлаж, түүний хэлснийг нь заавал биелүүлнэ гэж амлана. Хоёр цаг үргэлжлэх киноны гол ээдрээ энд тайлагдана. 

Энэ залуу үнэхээр буцааж болохгүй амлалт гэдгийг ямарч хатуу сэтгэлтэн уяртал бас “ёслол төгөлдөр” биелүүлнэ. Нийгмийн нэгэн эмзэг чухал сэдвийг хөндөж, уянгын драмм хэлбэрээр үзэгч түмэнд “аутизмтай хүмүүсийг хэзээ ч гадуурхалгүй тэдний ертөнцийг зөв ойлгож, элэгсэг дотно хандахад “FIGURA” media group-ийн энэ бүтээл улам тус болно. Залуучууд ч бүгд чармайж.

Их зохиолч өвөөгийн нь тэр их хосгүй авьяас АЧ охиноор нь дамжиж бидэнд дахин ирж явна уу даа хэмээн бэлэгшээв. Нийгэмд далд оршиж, бид хэлж ярьж зүрхлэдэггүй, магадгүй хүсдэггүй асуудал нээрэн олон бий бөгөөд, энэ удаад залуу уран бүтээлчид “ашиг орлого” гэж сандралгүй асуудлыг зөв энэрэнгүй сэтгэлээр өлгөж авч зориг зүрхтэй хөдөлж сайхан бүтээл туурвижээ.

Баярлалаа! Сэтгэлд гал байхад зууханд ямагт түлээ олдоно гэж сайхан үг шүү. Ялангуяа Ч.Лодойдамба зохиолчийн ач охины текстүүд олон юм бодуулна, сүрхий, Киноны амин сүнс диалогтоо бий гэдгийг нотлох шиг болов оо. Залуу хүн цаашид ахина аа.

МУСГЗ сэтгүүлч Г.Золжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.