Ц.Нямдорж: Эрдэнэт үйлдвэр 100 хувь улсын үйлдвэрийн статусаар ажиллана

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, өнөөдрийн /2019.03.21/ Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь улсын үйлдвэрийн статусаар ажиллах шийдвэр гарсныг танилцууллаа.

100 хувь улсын үйлдвэр болж байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газраас, "Монголросцветмент" нэгдлийн даргыг ТӨХ-ноос томилох юм байна. Одоогийн захирал Х.Бадамсүрэн цаашид албан тушаалаа үргэлжлүүлэн хийх эсэх нь одоохондоо тодорхойгүй байна гэлээ. 

Хууль зүйн сайд Ц.Нямдорж "Би шулуухан хэлнэ. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа санхүүгийн луйвар болсон. Энэ мөнгө улсаас гарсан. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн асуудал биш ноцтой асуудал. Хамгийн сүүлд баривчилгаа явуулахад үргэлжлүүлэн хорихгүй гэсэн шийдвэрийг гаргасан шүүгчийн эцэг нь "Эрдэнэт үйлдвэр"-т ажилладаг. Шүүх цагаандаа гарсныг би олон удаа хэлсэн.

Миний ярьж байгаа зүйлд худлаа зүйл байхгүй. Би зарим хүн шиг сонсоод ярьдаггүй. Би нүдээр үзэж, гараар барьж байж, баримттайгаар ярьдаг хүн. Улсаас 400 сая ам доллартай тэнцэх бараг тэрнээс илүү мөнгө гарсан шүү дээ. Монголбанк зээл өгдөг газар биш.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг шалгаж байгаа. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн талыг худалдаад авчихсан юм биш. "Эрдэнэт"-ийн 49 хувийг амьгүй компани худалдаад авсан. Цаашид мафи гэдэг зүйл орших уу, үгүй юу гэдгийг төр шийдэх гээд байна. "Монгол зэс" компанид ХХБ-наас 70 сая ам.доллар шилжүүлсэн. Санхүүгийн луйвар л хийсэн. "Юнайтед систем" гэдэг компани 2011 онд байгуулагдсан, ганц хүндтэй, 10 сая төгрөгийн дүрмийн сантай, УДШ-ийн шүүгч Батсуурийн аав Мишигийнх. 

Хар төмөрлөгийн үйлдвэртэй 30 жилийн гэрээ хийсэн. Засгийн газраас оруулаад гэрээг өөрчлүүлсэн. Ноцтой асуудал шүү. Цаашдаа цөөхөн хүн Монголын хууль шүүхийн байгууллага, УИХ, Засгийн газрын мөнгөөр барьчихаад хүссэн болгоноо хийдэг тогтолцоо байх уу, үгүй юу гэдэг асуудал. ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ талд шийдвэр гаргасан. Би нүдээрээ үзэж, гараараа тэмтэрч байж дуугардаг хүн. Ялгаа нь тэр. Бүх материалыг баримттай нь гаргаж тавьсан. 

Би нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Ард түмэн сэрж байна. ХХБ-ийг зарвал Монголын баялаг үүнийг дагаад байхгүй болчих гээд байгаа юм. Зөвхөн "Монголросцветмент дээр 35 лиценз байгаа. Нэг гэр бүлд асар их баялаг ногдлоо гэдэг ийм учиртай юм. Эх орноо бодоорой. Эх орны тусгаар тогтнол ийм замаар зарагдах ёсгүй юм шүү" гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн үү?

-Прокурорын зөвшөөрөлтэй тийм ажиллагаа хийгдсэн юм билээ. Зарим нэг зургийг галерейнх байж магадгүй гэж хурааж авсан юм билээ. 

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг дахин шалгах ажиллагаа явцтай байна вэ?

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан юм билээ. Би хаврын синдром тусч яриагүй. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Энэ бүх үйл ажиллагааг явуулахад гардан оролцсон бас нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яагаад шийдвэр гүйцэтгэх газар ийм ажиллагаа удирддаг юм бэ гээд би нэг хүн халсан. Тэр хүн шалгагдаж байгаа. 

Би С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгтэй холбоотой асуудлаар жич мэдээлэл хийнэ. Энэ хэрэгтэй холбогдуулан хүмүүсийг яллахдаа 1937 онд ашиглаж байсан эрүүдэн шүүх ажиллагааг ашигласан. Би энэ асуудлыг анхнаас нь ярьж байсан. Ингэхдээ хаврын синдром тусчихаад яриагүй юм шүү дээ. Айлын хашаанд хүний цогцос авч ирээд хаячихсан байхаар нь хүний нүдэнд ил ийм зүйл хийж байгаа хүмүүс далд үүнээс ч аюултай юм хийж байгаа гэж мэргэжлийнхээ үүднээс мэдэрсэн юм.

Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. ҮАБЗ мэдээллийг нь сонсох байх. Тагнуулын хоёр ажилтныг цагдан хорьсон. ТЕГ-аас ШШГЕГ-т томилогдож очоод энэ ажиллагааг зохион байгуулахад оролцсон нэг хүнийг хорьсон. Би сайдаар томилогдоод “ТЕГ-т ажиллаж байсан ахлах дэслэгч цолтой хүн хурандаа цол авчихаад яахаараа ШШГЕГ-т удирдах алба хашдаг юм бэ” гээд ажлаас нь чөлөөлснийг санаж байгаа байх. Энэ хүнийг шалгаж байгаа. Цаашаа шалгалт үргэлжилнэ. Би энэ хэргээр ял сонсоод байгаа хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэм зэмгүй хүмүүс хүйтэн камерт яаж амьдардгийг нүдээр үзье гэж би очсон юм. Аль аль нь 40 гаруй насны хүмүүс 20-25 жилийн ял авсан. Ийм хэмжээний ял авсан хүмүүс шоронд тэснэ гэж байдаггүй юм. Ялангуяа чанга дэглэмд хоригдож байгаа хүн. Би тэр эмэгтэй нь ч уулзсан. Б.Содномдаржаатай нь ч уулзсан. 

Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа юм энэ. Цаашдаа шүүх суллатал эмнэлэгт байлгаж байгаа гаргана гэж бодож байгааБи Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж үзээгүй хүн. Амьдралдаа анх удаа би уучлал гуйж байна. 37 он сэргэснийг би нүдээрээ үзлээ. Дахин ийм эрүүдэн шүүх ажиллагаа явуулахгүй байхын тулд системийн өөрчлөлт хийнэ. 

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажилласан прокурорт хариуцлага тооцох уу?

-Шүүх, тагнуул, прокурорын асуудалд ХЗДХ-ийн сайд оролцож болдоггүй юм. Оролцвол хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үздэг. Сүүлийн С.Зоригийн аминд халдсан хэргийн асуудлаар тагнуулын байгууллагын удиридлага нааштай ажиллаж байгаа. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.