Малайзийн "хий үзэгдэл" Умардад очсон байж болзошгүй

Twitter Print
2014 оны 03-р сар 29-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

Малайзийн алга болсон онгоц яасан олддоггүй хачирхалтай юм болж хоцров? Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт олдсон гэж үзэж байгаа зуун задгай, жаран хагархай хэлтэрхий одоо аль хэдийнэ алга болоо биз. Яагаад гэвэл хайгуулын хөлөг онгоцууд очих гэсээр байтал далайн хүчтэй салхи шуурга хамаад одсон нь тодорхой болж байх шиг байна.

Харин энэ үед яг 37 жилийн өмнө сураггүй болсон Malaysia Airlines 653 нислэгийн түүх давтагдаж байна гэх таамаглал бас гарч иржээ. 1977 онд Малайзийн умард хэсгийн  Пенан (Penang) хотоос Куала Лумпур орох байсан Boeing 737-200 онгоцны 653-р нислэг 100 зорчигчынхоо хамт хүлрийн намагт унаж хувь заяа нь тодорхойгүй болсон явдлыг энэ удаагийн 370-р нислэг давтаж Малайзийн иргэний агаарын тээврийн түүхэнд хоёр дахь том хар толбо үлдээлээ.

Тухайн үед хулгайлагдсан гэж үзсэн MH653 нислэгийн үед онгоцны тавцан дээрхи автомат дуу хураагчид буун дуу гарч хөлгийн багийн хоёр гишүүний аминд хүрсэн нь тодорхой дуу чимээ үлдэж хоцорсон хэмээн Малайзийн иргэний агаарын тээврийн департаментын илтгэлд дурьдсан хэдий ч онгоц барьцаалсан этгээдүүд болон сүйрлийн учир шалтгаан тодорхойгүй үлджээ.

Гэвч энэ бол аргаа барсан ээлжит таамаг байж болно. Дэлхий дахины тэргүүлэх хэвлэл мэдээллүүд сүүлдээ энэ мэтийн таавар, таамагаар хөөцөлдөж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Өөр нэг таамгаар бол 2008 онд Грект уул мөргөж осолдсон “Helios Airways”-ын 522-р нислэгийн бүхээгт агаарын даралт унаж, улмаар нисэх багийн гишүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж эхэлсэн боловч онгоц автомат удирдлагаар ниссээр байсан аж. Хэрэв онгоц уул мөргөж осолдоогүй бол онгоцны түлш дуусах хүртэл ниссээр байх боломжтой байсан гэнэ. Үүнтэй адил МН 370 Энэтхэгийн далайн өмнөдөд хүрэн хүртлээ түлшээ шавхсан гэж үзэж байгаа.

“USA Today” сониноос дэвшүүлсэн өөр нэг таамгаар бол онгоцны чиглэлийг өөрчилсөн багийн ахмад сүйрлийн хариуцлагыг үүрэх ёстой гэнэ. Малайзийн цагдаагийн газраас ахмад Захари Ахмад Шахын төрөл саданг байцаасны дүнд түүнийг Малайзийн сөрөг хүчний намыг дэмжиж ирсэн, гэрээс нь олдсон нислэгийн дадлагын төхөөрөмж дээрээс зарим файлуудыг хэсэгчлэн авсан байсан баримт сэлтээс үзвэл анхнаасаа террор халдлага төлөвлөж байсан мэт. 

Нисэх онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн Роллс Ройс компанийн баримтаар бол онгоц хамгийн сүүлд холбоо барьснаас хэдэн цагийн дараа хөдөлгүүрийнх нь мэдээллийг хүлээж авсан бөгөөд уг мэдээллээс үзвэл онгоц бүх илүү дутуу дамжуулагчаа унтраагаад Малайзийг өнгөрч, зүүн хойд Хятадыг чиглэн ниссэн нь тодорхой байгаа аж. Хамгийн сүүлд холбоо барьсан хоёрдугаар нисгэгч нь Вьетнамын агаарын удирдлагынханд “Бүх зүйл тайван, сайхан амраарай” гээд бүх холбоогоо тасалжээ. Онгоц сураггүй болсон даруйд л энэ мэдээлэл цацагдаж байсан. Чухам эндээс логик дараалалаар хөөмөөр. Мэдээж зориуд төлөвлөж, санаатай үйлдсэн нь эндээс тодорхой харагдаж байгаа мэт. Ингэснээр цэргийн радарт баригдалгүй олон улсын аль ч агаарын бүсэд нэвтрэх боломжтой. 

Ингэхэд радараас  яагаад нуугдах болов? Boeing 777-200 онгоц шатахууны саваа дүүргээд туулах зай нь 7,000-9,500 орчим км байдаг байна. Гэтэл одоо голлож байгаа таамаглалаар бол хий үзэгдэл мэт болсон онгоц Австралийн баруун эргээс маш холуур даялж өмнөд туйл руу зүглэж яваад шатахуун нь дууссан болж таарч байгаа. Тэгвэл яаж ч бодоод шатахуунаа шавхан байж энэ хол замд эзгүй буйд газар очих учиргүй. Тиймээс далайд хөвж байгаа гэх эд зүйлс 370 нислэгт хамаагүй байх магадлалтай.

Харин Вьетнамын агаарын удирдлагын төвтэй холбоо барьсанаас хойш зүүн хойд Хятадын чиглэл барьсан тухай Роллс Ройсийнхоны баримт мэдээлэл байгаа бол Умард Солонгост очсон байж болох юм биш биз. Умард Солонгосын тагнуулууд мэргэжлийн ур чадвар өндөртэй, Хятадуудын дунд хэд хэдээрээ шургалчихсан явахыг үгүйсгэхгүй. Ингээд хий үзэгдэл болсон онгоц Умардын хаа нэгтээ газардчихсан нөгөө олон зорчигч газар доорхи шоронд хоригдсон байж болно.

Умард Солонгосчууд хуучин ЗХУ-ын тусламжаар барьж байгуулсан цэргийн зориулалттай нууц аэродром олонтой шүү дээ. Эрэл мухардаж, толгой гашилчихаад байхад санаанд огт ороогүй зүйлээс юмны учиг баригддаг биш үү. Ийм л нэгэн таамаглалыг олон хэвлэл мэдээллүүдтэй барьцаж, жаахан логик дараалалтайгаар дэвшүүлж байна. Тиймээс одоо нүдээ хөхөртөл далайн ус ширтэж хайгаад үр дүнгүй гарахгүй нь. Гэвч энэ таамаглал үнэний хувьтай байх эсэх нь дараа мэдээж тодорхой болох биз ээ.

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.