Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден өнгөрсөн мягмар гарагт цөөн тооны дэмжигчидтэйгээ уулзан, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Уолл Стрийт Жорнал мэдээлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Америкийн Дэд ерөнхийлөгч асан Жо Байден сонгуулийн кампанит ажилд нь зарцуулагдах сайн дурын хандив цуглуулах ажилд туслахыг дэмжигчдээсээ хүссэн байна. Тэрээр маш шахуу хугацаанд хэдэн сая доллар цуглуулах шаардлагатай болсон ба одоохондоо цахим орчимд ухуулга сурталчилгаа хийж мөнгө цуглуулах боломж бололцоогүй байгаа гэдгээ онцолжээ.

Уолл Стрийт Жорнал сэтгүүлийн зүгээс Жо Байдены төлөөлөгчдөөс энэ талаар тодруулах гэсэн боловч татгалзсан хариу авчээ.

Өмнө нь хэвлэл мэдээллээр Дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй талаар удаа дараа мэдээлж байсан юм.

Санал асуулгын үр дүнд Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид дундаас олонхын дэмжлэгийг хүлээсэн улс төрчдийн тоонд багтаж байсан юм.

АНУ-ын Төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөхөө Ардчилсан намын хэд хэдэн гишүүн мэдэгдсэн ба тэдгээрийн дотор Америкийн Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Бето О’Рурк, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тулси Габбард, Вермонт мужийн сенатор Берни Сандерс, Нью Жерси мужийн сенатор Кори Букер, Нью-Йорк мужийн сенатор Кирстен Жиллибранд, Миннесота мужийн сенатч Эми Клобушар, Саут-Бенд хотын дарга Пит Баттигиг, Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засгийн газарт Орон сууцны барилгажилт, хотын хөгжил хариуцсан сайдаар ажиллаж байсан Жулиан Кастро нар тус тус нэр дэвшихээ зарласан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль 2020 оны 11-р сарын 3-нд болох юм.

Эх сурвалж: https://tass.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.