Японы Олимпийн хорооны Ерөнхийлөгч авлигын хэргээр албан тушаалаасаа буулаа

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Авлигын хэрэгт холбогдсон Японы Олимпийн хорооны Ерөнхийлөгч албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдлээ

2020 оны зуны Олимпийг зохион байгуулагч хотоор Японы нийслэл Токио хот сонгогдсон нь авлигатай холбоотой гэсэн мэдээ мэдээлэл гарсантай холбоотойгоор Японы Олимпийн хорооны дарга Цүнэказү Такеда албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдсэн байна. 

Олимпийг зохион байгуулагч хотоор Токио хот сонгогдсон нь Цүнэказү Такеда 2 сая еврогийн авилга өгсөнтэй холбоотой хэмээн Францын прокурорын алба шалгаж байгаа аж. 

Японы нийслэл Токио хот 2013 онд Испанийн Мадрид, Туркийн Истанбул хотуудыг ардаа хаяж, 2020 оны зуны Олимпийн зохион байгуулагч хотоор шалгарсан юм. 

Цүнэказү Такеда ямар нэг хууль бус хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа ч Олимпийн хорооны даргад дахин өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр ирэх 6-р сард албан ёсоор Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух аж. 

Японы Засгийн газрын зүгээс Олимпийг зохион байгуулагч хотын шалгаруулалтанд Японы тал шударгаар оролцож, шалгарсан талаар удаа дараа мэдэгдсэн билээ. 

Францын прокурорын албанаас шалгаж байгаа 2 сая еврог Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дарга асан Ламин Диакийн хүүгийн компанийн нэр дээр төлсөн байсан аж. Ламин Диак 2013 онд шалгаруулалт явагдах үеэр Олон улсын Олимпийн хорооны гишүүн байсан ба түүнийг хүүгийнх нь хамтаар мөн адил Францын прокурорын албанаас шалгаж байгаа аж. 

Японы Олимпийн хорооноос Токио хотыг шалгаруултанд шудрагаар оролцож, хууль бус үйл ажиллагаа явуулаагүй болохыг мэдэгдсэн ба 2016 онд гаргасан тайландаа дээрх мөнгөн дүнг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төлбөрт өгсөн болохыг онцолсон билээ. 

Цүнэказү Такеда нь 1972 болон 1976 оны Олимпод морин спортын төрлөөр оролцож байсан ба 2001 оноос эхлэн Японы Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлжээ. 

Олон улсын Олимпийн хороо Цүнэказү Такедагийн албан тушаалаасаа буух шийдвэрийг хүндэлж байгаагаа илэрхийлэн, буруутай нь албан ёсоор нотлогдоогүй ч Олимпийн хөдөлгөөнийг хамгаалж, ийм алхам хийснийг нь маш ихээр хүндэлж байгаагаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.