Украин ба ОХУ, мөн барууныхан

Twitter Print
2022 оны 02-р сар 23-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

НЭГ

Сүүлийн үед ОХУ хил дагуу нь ихээхэн хэмжээний цэрэг зэвсгийг төвлөрүүлсэнтэй холбоотойгоор Украины асуудал олон улсын анхаарлын төвд ороод байгаа билээ. ОХУ 2022 оны өвөл хавраар цэрэг дайны үйл ажиллагааг эхлүүлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

“Үг” буюу “хэл амаа ололцдог” гэх утга бүхий нэртэй Слав буюу Славянууд бол эртний Грек Ромын үеэс Англосаксон, Франк, Балтик, Гот Герман, Келт, Вандал, Викингчүүдийн нэгэн адил Европт суурьшиж байжээ. Славчууд бусдын нэгэн адил түүхийн урт хугацаанд бусад үндэстэнтэй холилдон сүлэлдэж ижилсэж, ондоошиж явсаар өнөө цаг үед хэл, түүхийн онцлогоороо ялгаран, Өмнөд, Өрнөд, Дорнод Слав болон тогтжээ. Зүүн Славт ОХУ, Украин, Белорусь, Өмнөд Славт Болгар, Югослав, Македон, Серб, Босни, Монтенегро, Хорват, Словени, Баруун Славт Чехсловак, Польш хамаардаг аж.

Зүүн Славчууд 9 дүгээр зууны үед хэд хэдэн вант улсын нэгтгэн захирсан Киевийн Вант улсыг байгуулж түүхийн тавцанд тодрон гарч ирсэн нь ОХУ, Украины анхны төрт улсад тооцогддог бөгөөд хожим 13 зууны үед Их Монгол Улсын байлдан дагууллын үед мөхсөн байна. Энэ үед Киевээс салбарлан гарсан Москвагийн Вант улс Оросын үндэс суурь болж, Киевт төвлөрөн үлдсэн хэсэг нь Украин болсон хэмээн хялбараар ойлговол болох буй за.

Украин үүнээс хойш Польш-Литвийн эвсэлд дагаар орж хэсэг байсны эцэст Польшийн задралыг даган задарч баруун тал нь Австри-Унгарт, зүүн болон өмнөд тал нь Оросын хаант Улсад нэгтгэгдэж байгаад 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Баруун, Зүүн Украин тус тусдаа тусгаар тогтнолоо олж улмаар 1920 онд нэгдсэн Украиныг байгуулсан ч удалгүй 1922 онд шинэ тулгар Зөвлөлт Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.

Украины газар нутаг бол үржил шим сайтай газар тариаланд нэн тохиромжтойн дээр газрын баялаг ихтэй учир эрт дээр үеэсээ л хүчирхэг гүрнүүдийн сонирхлыг татсаар ирсэн юм. 1920-30-аад оны үеэс социалист эдийн засгийн үндэс болсон албадан нийгэмчилж хамтрал (манайд ч нэгдэлжих хөдөлгөөн нэрээр хувь хүний мал, хөрөнгийг албадан нийгэмчилж байсан) байгуулах кампанит ажлын үеэр Украинд ихээхэн хэмжээний эсэргүүцэл гарсныг Сталин залхаан цээрлүүлэх арга замаар дарсан байдаг. Томоохон үйлдвэрлэгч кулакуудыг дарж албадан хамтралжуулсны үр дүнд газар тариалан эрс муудаж, дээр нь үржил шимтэй гэгдэх Украинаас ихээхэн хэмжээний газар тариалангийн бүтээгдэхүүнийг албадан гаргуулснаар түүхэнд “Холодомор” хэмээн нэрлэгдэн үлдсэн их өлсгөлөн Украиныг нөмөрч хэдэн сая хүн өлсгөлөнгөөр үхсэн байдаг.

ЗХУ-ын үед засаг захиргааны системийг оновчтой болгох зорилгоор Украинд Оросын газар нутгаас таслан өгсөн байдаг. Энэ нь одоо байнга нэр нь дуулдаад байгаа Донбасын бүс нутаг. Мөн Сталиныг нас барсны дараа Хрушев 1955 онд хар тэнгис дэх Крымын хойгийг Украинд өгсөн байдаг. Мэдээж тухайн үед Украин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бөгөөд хожим тусгаар улс болчихно гэж хэн ч төсөөлөөгүй хэрэг л дээ.

1980-аад оны сүүлчээр социалист систем мухардалд орж улмаар ЗХУ-ын холбооны бүрэлдэхүүнд байсан олон улсад ардчилал, тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн газар авч 1991 онд ЗХУ задрав. Украин ч мөн энэ боломжийг ашиглан бие даасан тусгаар улс болов.

Өмнө өгүүлсэнчлэн Украины газар нутаг үржил шимтэйн дээр байгалийн баялаг ихтэй, чухам Менделеевийн үелэх системийн элементүүд төрөл бүрээрээ байх тул ЗХУ-ын үеийн аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалт олноороо төвлөрч байлаа. ЗХУ-ын цөмийн зэвсгийн нэлээдгүй хувь Украины газар нутаг дээр байрлаж байсан бөгөөд бидний мэдэх Чернобыл ч энд бий. ЗХУ задарсны дараа Украин зэвсэг техникээрээ дэлхийд эхний тавд багтаж байсан гэдэг.

Байгуулагдаад удаагүй шинэхэн улсад цөмийн зэвсэг байх нь осолтой гэж үзсэн АНУ, Англи тэргүүтэй барууныхан өөрсдөө манлайлан байж Украины цөмийн цэнэгүүдийг олон талт уулзалт зохион байгуулан ОХУ-д буцаан өгүүлсэн байдаг. Украин цөмийн зэвсэггүй бүс болох болзлын оронд нь ихээхэн хэмжээний эдийн засгийн дэмжлэг авч, дээр нь энх тайван, тусгаар тогтнолын баталгаа гаргуулж авсан нь мэдээж. Тухайн үед хожим 30 жилийн хойно ОХУ хил дээр нь зуу илүү мянган цэрэг бөөгнүүлээд дарамтална гэж зүүдлээ ч үгүй биз. АНУ тэргүүтэй барууныхан Украины цөмийн зэвсэг Иран, Дундад ази, Лалын улсууд, АНУ-ын дайснууд руу зарагдахаас эмээж байлаа. Үнэндээ Украин 90-ээд онд ЗХУ-аас үлдсэн ердийн зэвсэг техникийг баруун солгойгүй зарсан гэдэг.

1991 оноос хойш хойд хөршийн замналыг бид мэднэ. Ельциний орыг залгамжлан 1999 онд ерөнхийлөгч болсон Путин төрийн эрхийг барьснаас хойш ОХУ эдийн засгийн хувьд тогтворжиж ирлээ. Медведевийн үед ерөнхий сайд байсныг оруулаад үндсэндээ сонгуулийн замаар сонгогдон орос орныг тасралтгүй 20 илүү жил удирджээ. 2020 онд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж төрийн тэргүүний цаг хугацааны хязгаарлалтыг байхгүй болгож 2036 он хүртэл төрийн тэргүүнээр ажиллах эрхзүйн боломжийг бий болгосон. 1952 онд төрсөн гээд тооцоод үзвэл бараг насаараа ерөнхийлөгч хийх боломжтой гэсэн үг л дээ. Урт хугацааны өндөр албан тушаалыг хашсан түүний хувьд тулга тойрсон асуудлаас илүү маш том амбиц бий. Судлаачид түүнийг хуучны ЗХУ-ын үеийн сүр хүчийг дахин сэргээх том зорилготой гэлцдэг бөгөөд тэр нь ч түүний үг, үйлдлээс илэрдэг.

Украины хувьд тусгаар тогтосноос хойш Кравчук, Кучма, Юшенко, Янукович, Порошенко, Зеленьский нарын ерөнхийлөгч төрийн эрхийг барьж өнөөг хүрсэн боловч улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй байсаар байна. Нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 11 орчим мянган доллартай, 62 дугаар байранд байгаа ОХУ-гаас нэн доогуур буюу 3 мянга орчим доллараар 120 дугаар байр орчимд эрэмбэлэгдэж байна. Энэ 4 мянга орчим доллар байгаа манайхаас доогуур үзүүлэлт юм.

Дотоодын зөрчлөөс үүдэлтэй иргэний дайн өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь Украиныг олон улсын тавцанд тогтворгүй харагдуулж, хөгжилд нь сөргөөр нөлөөлж байна. Украин түүхийн явцдаа баруун хэсэг нь Европын улсад, зүүн хэсэг нь Орост харъяалагдаж байжээ. Мөн зүүн талын Донбасс хавийн газар нутгийг ЗХУ-ын үед Оросоос тасалж Украинд харъяалуулсантай холбоотойгоор зүүн бүсийн Донбасс, Луганьск, Донецк зэрэг газруудын хүн амын бүтцэд нь оросууд давамгайлдаг байна. Иймээс зүүн бүсийн нутгууд Украинаас салан тусгаарлах, Орост нэгдэх сонирхол илэрхийлэх болж энэ нь Оросын талыг баримтлагч Януковичийг ерөнхийлөгчөөс огцруулсан оранж хувьсгалаас хойш улам хурц илрэх болсон байна.

Украины засгийн газар салан тусгаарлагчдыг террорист хэмээн тодорхойлж, зэвсгийн хүчээр дарах бодлого баримталж байгаа бөгөөд салан тусгаарлагчдыг оросууд дэмжиж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж харддаг аж. Үнэндээ ч салан тусгаарлагчид олон жилийн турш тууштай тэмцэж байгаа нь найдах ар тал бий гэлтэй. 2014 онд Крымын хойгийг орост нэгтгэсэн үйл явц ч мөнх иймэрхүү байдалтай өрнөж эцэст нь Крымын оршин суугчдаас саналыг хурааж 97 хувь нь дэмжсэн тул Украины засгийн газрын оролцоогүйгээр ОХУ-ын төрийн дум энэ асуудлыг гэрлийн хурдаар хэлэлцэн шийдвэрлэж нэн даруй ОХУ-д нэгтгэсэн байдаг.

ХОЁР

Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын түвшинд нэр хүнд нь үлэмж өссөн ЗХУ өөрсдийн чөлөөлсөн зүүн Европын улсуудыг тэр чигт нь коммунист засагтай болгож орхив. Барууныхан Баруун Германд ардчилсан чиг баримжаа бүхий засгийн газрыг байгуулсан ч ЗХУ үүнийг үл зөвшөөрч их хэмжээний цэрэг оруулж Баруун Берлинийг бүсэлсэн нь Европын орнуудыг багагүй сандаргаад авав. Дэлхийн дайн дууссан хэдий ч цэрэг дайны заналхийлэл бодитой байгааг бүгд харлаа. АНУ тэргүүтэй Барууныхан яаралтай хариу арга хэмжээ авч 1949 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Умард Атлантын гэрээний Байгууллага буюу бидний мэдэх НАТО хэмээх ЗХУ-ын эсрэг цэргийн эвслийг байгуулав. Берлиний бүслэлтэд цочирдсон Европын бусад улсууд ч НАТО-д нэгдэв. НАТО-гийн дүрэмд аль нэг гишүүн улс нь цэрэг дайны халдлагад өртвөл бусад гишүүн улсууд ч мөн адил халдлагад өртсөнд тооцож харилцан хамгаалах тухай заалт бий. АНУ, Англи, Франц зэрэг акулуудын хувьд НАТО-г байгуулж ЗХУ-ыг хазаарлах зорилготой байсан бол жараахайнуудын хувьд томоохон цэргийн эвсэлд нэгдсэнээр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж авах зорилготой байлаа. Ямартай ч НАТО байгуулагдсанаар дэлхий үзэл суртлын хоёр туйлт хуваагдал улам газар авч, хүйтэн дайныг гүнзгийрүүллээ.

Сталин нас барсны дараа ЗХУ-д амьсгалахад ч хэцүү дарамттай дэглэм аажим суларч барууныхантай ч найрсаг харилцах оролдлого гаргаж эхлэв. 1954 онд ЗХУ өөрөө НАТО-д элсэх хүсэлт хүртэл гаргасан байдаг. Гэвч 1955 онд НАТО өөрийн нь хүсэлтийг хэлэлцээгүй атлаа Баруун Германыг хүсэлтийг хүлээн авч элсүүлэхэд эгдүүцсэн ЗХУ 5 хоногийн дараа Зүүн Европын социалист улсуудтай хамтран НАТО-ын эсрэг Варшавын гэрээ хэмээх эвслийг байгуулав. Ийнхүү хүн төрөлхтний түүхийн хамгийн том цэргийн эвслүүд байгуулагджээ.

Варшавын гэрээний байгууллага социалист дэглэм мухардалд орж, ЗХУ бутрах үеэр 1991 оны 7 сард албан ёсоор задарсан байдаг бол НАТО өнөөдрийг хүртэл оршин тогтнож байна. Үүнд өнөөгийн ОХУ таатай байхгүй нь мэдээж.

1990 онд хоёр Герман нэгдэх үйл явц маш хурдан өрнөснийг бид мэднэ. Дэлхийн нэг хоёрдугаар дайныг өдөөгч Германыг нэгдэхэд Англи, Франц эсрэг байр суурьтай байсан бөгөөд АНУ идэвхтэй дэмжиж байлаа. ЗХУ-ын байр суурь ихээхэн чухал байсан үе. ЗХУ тодорхой нөхцөлтэйгээр Германы нэгдлийг дэмжив. Тэр нь Германы цэрэг зэвсгийг хязгаарлах, Герман НАТО-гоос гарч төвийг сахих, НАТО зүүн Европ руу тэлэхгүй байх болзол байлаа. Хоёр Герман нэгдэх хэдийгээр цаг хугацааны асуудал боловч ЗХУ алдлан эсэргүүцсэн бол Берлиний хана арай хожуу нурж ч магадгүй байсан юм. 1990 оноос хойш болсон үйл явц Оросын бодсоноор болсонгүй. Нэгдсэн Герман НАТО-доо үлдсэн төдийгүй Зүүн Европын улсууд, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан жижиг улсуудыг хүртэл НАТО хайр найргүй элсүүлэв. Польш, Чех, Словак, Румын, Болгар Эстони, Латви, Литва.

Балтын 3 улс буюу (Эстони Латви, Литва) ЗХУ-гаас салах гэж гар гараасаа барилцан хил дамнасан 600 км урт цувааг үүсгэн жагсаж тухайн үедээ дэлхийн чихийг дэлдийлгэн байж тусгаар тогтнолоо олж авсан. Өөрсдийгөө Зүүн Европ биш Хойд Европ гэж тооцдог, амь нэгтэй Балтын гурван улсын хувьд ОХУ-ын оролцоо, дарамтыг хязгаарлаж бүрэн эрхт байдлаа хангах арга зам нь НАТО-д элсэх явдал байсан бол ОХУ-ын хувьд НАТО ямар ч жийргэвч бүсгүй хил залгаа хуучин холбоонд нь байсан улсад нь орж ирээд, хамар дор нь зэвсэг техникээ өрөх нь бараг өдөөн хатгалга бөлгөө.

Өнөөгийн Украины нөхцөл байдалтай их төстэй саяхны нэг жишээ байдаг л даа. Мэдээж нөхцөл, шалтгаан, шалтаг өөр ч том зургаар нь харвал төстэй харагддаг гэхүү дээ.

2008 оны Бээжингийн зуны олимпын нээлтийн үеэр ОХУ-ын ерөнхий сайд Пүтин АНУ-ын ерөнхийлөгч Бушид Гүржид цэрэглэн халдсан тухайгаа мэдэгдэж буй агшны алдартай зураг байдаг. Гүржид Өмнөд Осети хэмээх эмзэг газар байдаг бөгөөд 1991 оноос л Гүржээс салан тусгаарлахаа илэрхийлж дайн ч хийж байсан байдаг. Гүржийн ерөнхийлөгч асан Швердназегийн халааг авсан Скашвили бол АНУ-д ажиллаж амьдарч байсан нэгэн бөгөөд Балтын гурвын улсын жишгээр ОХУ-аас зай барьдаг байлаа. Гүржийн засгийн газар Өмнөд Осетийн салан тусгаарлагчдын цаана ОХУ-г байна гэж харддаг. Түүнийгээ ч илэрхийлдэг байлаа. Дайн гарахаас өмнө Гүрж барууныхантай нийлж цэргийн сургууль хийдэг, үүнд нь ОХУ эгдүүцэж хилийн орчимд нь цэрэг зэвсэг төвлөрүүлэн цэргийн сургууль хийдэг, эгээ л өнөөгийн Украин шиг нөхцөл байдал хурцдах шинжтэй болоод байсан үе. 2008 онд Өмнөд Осетийн салан тусгаарлагчидтай мөргөлдөөн үүсч Гүржийн засгийн газар хариу цохилт өгөх үед энхийг сахиулагчийн статусаар байрлаж байсан ОХУ-ын цэрэг алагджээ. ОХУ нэн даруй хариу арга хэмжээ үзүүлж Гүржид цэрэглэн халдаж хэдхэн хоногийн дотор Гүржийн анги нэгтгэлүүдийг бут цохиж Тбилист тулж ирэв. Энэ дайнд АНУ оролцохоо мэдэгдэж, Францын ерөнхийлөгч зуучилснаар оролцогч талууд тохиролцоонд хүрч дайны галыг зогсоосон байдаг. Энэ дайны үр дүнд ОХУ тэргүүтэй цөөвтөр улс хүлээн зөвшөөрсөн Өмнөд Осети хэмээн улс бий болжээ. Гол нь энэ үйл явдлын дэлхийн дахинд өгсөн мессеж бол ОХУ бол 1990-ээд оны Орос биш шүү гэдгийг маш тодорхой анхааруулсан явдал байсан юм.

Өмнөд бичвэрт Украины товч түүх, нөхцөл байдал хийгээд өнөөгийн Пүтиний бодлогыг товч өгүүлсэн билээ. Украины хувьд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэгдэж байсан, холодомор хэмээх хэдэн сая хүн үхсэн их өлсгөлөнг хуучин ЗХУ-тай холбож ойлгодог, Донбассын салан тусгаарлагчдын ард ОХУ байна гэж харддаг, Крымын хойгийг алдсанд гомдолтой байдаг, Оросын талыг баримталсан удирдлагыг яаж ийгээд огцруулчихдаг (Оранж хувьсгал, Евромайдан хөдөлгөөн) товчхондоо бол Оросоос айдастай байдаг бөгөөд үүнийгээ НАТО-д элсэж, барууныхантай харилцаагаа өргөжүүлэх замаар нөхөх бодлого барьж байна. Украин, Гүрж хоёр хоёулаа НАТО-д элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.

ОХУ-ын хувьд хуучны ЗХУ-ын үеийн сүр хүчээ сэргээх, түүнийгээ Барууныхнаар хүлээн зөвшөөрүүлэх, НАТО-гийн зүүн тийш тэлэлтийг хязгаарлах, хуучин бүрэлдэхүүндээ байсан улсуудыг нөлөөндөө байлгах сонирхолтой. 1991 онд ЗХУ задарсны дараа бүрэлдэхүүнд байсан улсуудтай CIS буюу Тусгаар Улсуудын эвсэл, CSTO буюу Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагыг байгуулан ажиллаж байна. Саяхан өнгөрсөн 1-р сард Казакстаны хүсэлтийн дагуу тус улсад Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагын нэрээр цэрэг оруулаад байгаа билээ.

Дашрамд хэдэн жилийн өмнө ОХУ-ын ГХЯ-ны албаны улсууд Монгол Улс ХАБГБ-д элсэх асуудлыг нааштай судалж байгаа мэтээр мэдээлэл хийгээд манайхан хариу тайлбар хийж байсан санагдаж байна.

Украины хил дагуу ихээхэн хэмжээний цэрэг төвлөрүүлээд байгаа ОХУ-ыг АНУ-ын Байден болон барууны хэвлэлүүд хэзээ мөдгүй цэрэг дайны үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаа хэмээн мэдээлсээр байгаа бөгөөд Пүтин ОХУ Украинд халдахгүй, өөрийн газар нутаг дээрээ цэргийн сургууль хийж байна, НАТО дорно зүгт сонирхлоо тат гэсэн уламжлалт байр сууриа илэрхийлж байна. Манайхан бие биенээ сошиалаар нүддэг шиг нөгөө талаа бараан харагдуулах зорилготой мэдэгдлүүдийг харилцан хийсээр байна.

Саяхнаас Пүтин зарим анги нэгтгэлүүд цэргийн сургуулиа дуусгаад нутаг буцаж байгаа гэж мэдэгдсэн бол Английн ерөнхий сайд Борис Жонсон ОХУ Украины хилд цэргээ улам шахан байршуулж, хил дагуу цэргийн хээрийн эмнэлэг байгуулж байгаа нь байдлыг улам түгшүүртэй болгож байгаа талаар мэдэгджээ.

Жигжидсүрэнгийн Гантулга
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.