МУСГЗ Г.Жамьян - Тагтаа эзэндээ үнэнч шувуу

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Би нэг үнэн түүх та нарт хэлэх гэсэн юм. Хандгайтын зусланд хоёр буурай олон жил амьдарсныг манайхан бараг л мэддэг юм даа. Тэр хоёр, хашаандаа хөөрхөн байшинтай. Нэг буланд нь хэсэгхэн газар тагтаа хооллосоор байгаад сангас нь бараг л хөрзөн болчихсон айл.

Хоёр хөгшнийг өглөө босоод гадагш гарахад тагтаанууд нь цуглаад ирнэ. Голдуухан өвгөн нь будаа цацаж шувуунуудаа хооллодог байв. Олон жил хооллосон болохоор эзэн, тагтаа хоёр бие биенээ андахгүй. Өвгөн эмгэн хоёр бол шувуунуудаа бараг л зүсээр нь танина.

“Миний цагаан тагтаа”, “Миний алаг тагтаа”, “Миний хар тагтаа”, гээд зүсээр нь танина, нэрлэнэ, дуудна. Зарим тагтаа нь тэр хоёрын мөрөн дээр ирж сууна. Гараас нь будаа иднэ. Хүүхэд шиг өвөр дээр нь тоглоно. Ийм байдлаар аж төрцгөөж байсан юм.

Image result for peogeons on the hands

Хорвоогийн мөнх бусын хуулиар, хэдэн жилийн өмнө өвгөн таалал төгссөн. Буянтай буурлыг хүүхэд дүү нар, хамаатан садан, нутаг нугынхан тун сайхан нутаглуулсан гэдэг юм.

Өвгөнийг нутаглуулсны маргааш хөгшин нь гадаа гарсан чинь өнөөх шувуу байдаггүй гэнэ шүү. Савтай будаагаа барин баахан сууж, бас гэрээ тойроод хэсэгхэн алхаж. Тагтаа нэг нь ч алга.

Өвгөн ойччихсон, шувуунууд нь байхгүй, нэг л эл хуль болохоор хөгшний сэтгэл нэлээн хямарсан гэнэлэй. Ингээд талийгаачийн 49 хоногийн дотор тагтаанууд нэг ч үзэгдсэнгүй.

Ингээд хүүхдүүд нь ээжийгээ аваад нэг өдөр оршуулгын газар очиж. Тэгсэн чинь нөгөө тагтаанууд бүгд тэнд байх юм гэнэ. Өвгөний бунханыг тойрч эргэлдээд, зарим нь дээр нь ирж суугаад, хачин янзын дуу авиа гаргаад байх юм гэнэ.

Хүний хэлээр бол их гашуудаж байх шиг санагдсан гэдэг. Дараахан нь эмгэн таалал төгсч. Амьддаа “Хүүхдүүд минь намайг ойчихоор өвгөний минь ойролцоо л газар аваарай” гэж захидаг байсансанж. Хүүхдүүд гэрээслэлийг биелүүлж өвгөнийх нь ойролцоо нутаглуулж. Өнөөх олон тагтаа тэндээс салахаа байсан гэдэг юм.

Хүүхдүүд нь хаягдал будаа, үр цуглуулж, шуудай дүүрэхээр нь хоёр хөгшнийхөө оршуулгын газар аваачин асгадаг, тагтаанууд нь ч тоо бүрэн, тэнд байна гэнэ.

Г.Жамьян

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.